Хүн төрөлхтөний эмч

Хүн төрөлхтөний эмч

Саяхан Монгол Улсад мал эмнэлэг, үржлийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг өргөн тэмдэглэн өнгөрүүлсэн.

Уг баярыг мал аж ахуйн салбарт ажилладаг эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ч.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлснийг баярын хүндэтгэлийн хурал дээр сонордуулсан. Мөн уг арга хэмжээний үеэр зохиогдсон “Шилмэл мал-2013″ үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржХүй долоон худагт зохион байгуулж буй шилмэл мал, амьтдын үзэсгэлэн, худалдаанд оролцсон юм.

ҮХААЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монгол Улсад мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 90 жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний ойд гойд ашиг шимт үржлийн мал шалгаруулах “Шилмэл мал-2013” үзэсгэлэн дуудлага худалдааг энэ сарын 18-22-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулсан. Баруун гурван аймгаас бусад аймгаас 40 гаруй үүлдэр, омгийн 600 гаруй орчим мал мөн нийслэлийн дүүргүүдээс 20 орчим арвин шимтэй үнээ, гахай, шувуу, туулайг үзэсгэлэнд оролцуулжээ.

Үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй сэтгэгдэлээ хуваалцсан юм. Тэрээр “Мал аж ахуйд хэд хэдэн онцлог байдаг. Нэгдүгээрт дандаа өсч үржиж байдаг баялаг. Нөгөө талаас Монголын уламжлал, ёс заншил Монгол ахуйг авч явдаг. Хөдөө аж ахуйн салбарын нэг онцлог бол хамгийн том ажил олгогч юм. Монголын хүн амын 40 хувьд мал аж ахуйн газар тариалангийн салбар ажил олгодог.

Уул уурхайгаас хавьгүй илүү ажил олгож хүмүүсийг ажиллуулж амьдралыг нь залгуулж байгаа салбар бол хөдөө аж ахуй. Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц бол өөрсдийнхөө баялагт тулгуурлан үйлдвэрлэл болгож хувиргах арга юм. Хөдөө аж ахуйн газар тариалангийн салбар энэ чиглэлд хамгийн том ашиг авчрах боломжтой. Max сүү газар тариалангийн бүтээгдэхүүн жимс хүнсний ногоогоор хүн ардаа хангаад цааш нь гадагш зарж борлуулбал гаднаас бага зүйл авч хүнд хэрэгтэй эх орны бүтээгдэхүүнээр иргэдээ хангах гадагш зарж худалдах зорилт биелнэ. Ам.доллар валютыг гаднаас олдог болно.

Гол бодлого энд явж байгаа юм. Статистикаас харахад 500 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн бид гаднаас авч байна. Энэ бол 400 гаруй сая ам.доллар. Асар их хэмжээний мөнгө гадагшаа гарч байна. Үүнийг дотоодоосоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн олох боломжтой. Энэ газар тариалан сайн байна. Тариагаа хугацаанд хураан авах боломжтой байна. Яам холбогдох газрууд тал талаасаа анхаарал тавьж сайн ажилласан байна. Бид хөдөө аж ахуй руу онцгой анхаарах шаардлагатай. Засаг төрийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Шилмэл малын үзэсгэлэнг нийслэлийнхэн-тэйгээ хамтарч хийж байна.

Дахин хэд хоног энэ үзэсгэлэн үргэлжилнэ. Залуучууд хүүхдүүд нийслэлийнхэн ирж үзэж байсан юм. Мал сүрэг уламжлалтайгаа танилцах боломж бүрдэж байна. Их баярлалаа” гэлээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга, Малын ерөнхий эмч Т.Баатартай уг арга хэмжээний үеэр уулзсан юм. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас улс орны эдийн засаг, нийгмийн салбарын иж бүрэн шинэчлэлийн хөтөлбөрийг дэвшүүлсэн энэ цаг үед манай улс шинжлэх ухаан мал эмнэлгийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буй нь түүхэн ололт амжилтаа дүгнэн цэгнэж, ирээдүйн хөгжлийн чиг хандлага тодорхойлох сайхан боломжийг бидэнд олгож байна.

Мал эмнэлгийн салбар түүхэн хөгжлийн 90 жилд улс хоршооллын болон хувийн өмчид суурилсан, байгаль, цаг уурын өөрчлөлтөөс хамаарал бүхий өвөрмөц мал аж ахуйн салбарт улсын мал эмнэлэг мөн улсын болон хувийн хэвшил хосолсон хэлбэрээр амжилт бүтээл дүүрэн ажилласныг онцлон тэмдэглэхэд бахархалтай байна. Манай эрдэмтэн мэргэд, эмч мэргэжилтнүүд мал эмнэлгийн салбарын нийт ажиллагсдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд улс орны эдийн засаг ард түмний аж ахуй амьдралд нөхөж баршгүй хохирол учруулж байсан малын гоц халдварт өвчнүүдийн устгаж олон төрлийн өвчний гаралтыг бууруулсан билээ.

Дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлт эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлаас хамааран улс орны хэмжээнд мал амьтны цаашилбал нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хүнсний аюулгүй байдлыг хангах мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадаад худалдааны чөлөөт байдлыг баталгаажуулахын зэрэгцээ мал эмнэлгийн олон улсын байгууллагууд, хөрш орнууд болон гадаад худалдааны харилцаатай орнуудын мэргэжлийн албадтай идэвхитэй хамтран ажиллах шаардлага тулгарч байна.

Цаашид мал амыны эрүүл мэндийн салбарт иж бүрэн шинэчлэл хийх бүтэц үйл ажиллагааны оновчтой хувилбарыг тодорхойлон хэрэгжүүлэх ажил үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үр дүн, үр өгөөжийг дээшлүүлэх малын эмч, мэргэжилтний хангамжийг сайжруулах, тэдний ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэх, ажлынхаа онцлогийг үйлчлүүлэгчдэдээ ойлгуулахад үйл ажиллагаа чиглүүлэх шаардлагатай болов.

Танай сониноор дамжуулан амжилт бүтээлийн эзэн үе үеийн малын эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн мэргэд, мал эмнэлгийн салбарын нийт ажилтан, ажиллагсдад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Өвөрхангай аймгийн мал үржлийн албаны дарга Р.Ёндонсамбуу “Энэ 90 жилийн ой урьд өмнөх ойн арга хэмжээнээс өргөн цар хүрээтэй болж байна. Хот, хөдөөнөөс уг баяр ёслолд урилгаар гэхэд хөдөлмөр, бүтээлээ улсад үнэлүүлсэн 1300 мал аж ахуй мэргэжилтэн оролцсон. Энэ баяр ёслолд манай малын эмч, зоотехникч нар ч амжилт бүтээл арвинтай оролцож байна. Малын тоо толгойгоор улсдаа тэргүүлж байсан манай аймаг сүүлийн үед тохиолдсон ган зудны үеэр сүргийн тоо нэлээд хорогдсон.

Сүрэгт эх малын эзлэх хувь зохистой харьцаанд хадгалагдаж байгаа тул энэ жил нэг сая гаран төл хүлээн авч эсэн мэнд бойжиж байгаа тул жилийн эцсийн мал тооллогоор зарлага, орлогоо тооцож үзээд манай аймаг 3.8 саяас доошгүй толгой малтай байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мал сүргийн бүтэц товарлаг чанарыг сайжруулах талаар багагүй ажил хийлээ.

Сүүлийн хоёр жилд Нарийнтээл сумын ноолуурын гарц арвин улаан ямааг аймгийнхаа хэмжээнд ямаан сүргийнхээ ноолуурын гарц чанарыг нэмэгдүүлэхэд үндсэн сайжруулагчаар ашиглаж байна. Уг улаан ямаа нь жирийн монгол ямаанаас 15-20 хувиар илүү ноолуур гарцтай юм.

Үхэр сүргийн сүү, махны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор ашиг шим арвинтай Монголд дасч зохицсон алатау, сычёв үүлдэрээс гаралтай 300-иад толгой сайжруулсан саалийн үнээтэй боллоо. Мөн хоногт дунджаар 4-5 литр тослог сайн чанарыг сүү өгдөг 200 гаран толгой ямааг Франц улсаас авчирч Арвайхээр хотынхоо ойролцоо өсгөн үржүүлж байна.

Хонин сүргийнхээ мах, ноосны гарцыг нэмэгдүүлэхэд баруун монголын баяд болон ууцан сүүлт хуцыг үндсэн сайжруулагчаар ашиглан тодорхой хугацаанд хээлтүүлэгчийг сольж сайжруулдаг юм. Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн албаны дарга А.Нямдаваагаас аймгийнхаа мал эмнэлгийн албанаас сүүлийн хоёр жилд авч хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товчхон мэдээлэл өгөхийн хүссэн юм. Тэрбээр “Үндсэндээ сүүлийн үед мал эмнэлэг байгууллагын материаллаг бааз сайжирч сүүлийн үеийн цахим техникийн ололтыг ашиглах болж байна. Манай бактери, шинжилгээний болон оношлогооны лабораториуд өвчин үүсгэгчийг эсийн төвшинд илрүүлж, таньж судалдаг болсон.

Бүх сумдад Засаг даргын Тамгын газрын дэргэд мал аж ахуй хариуцсан мэргэжилтэнтэй болж төрийн өмнө дээрхи үүргийг хүлээх эзэнтэй боллоо. Мөн дээрхи мэргэжилтнүүд өөрийн гэсэн унаа унаштай болж малын өвчин, эмгэгийн дуудлага үйлчилгээнд саадгүй үйлчлэх бололцоогоор бүрэн хангагдаж байна. Манай аймагт сүүлийн жилүүдэд малын халдварт, паразит өвчний гаралт эрс буурлаа” гэв.

Оросын их эрдэмтэн нэрт физиологч Павлов “Хүн эмнэлэг зөвхөн хүнийг эмчилдэг бол мал эмнэлэг хүн төрөлхтөнийг эмчилдэг” гэж хэлсэн билээ. Мал эмнэлэг, мал зүйч хоёр салшгүй нэг, нэгнээс нь шинжлэх ухааны үүднээс салгаж болшгүй, алтан зоосны хоёр тал юм. Малыг гаршуулан өөрийн хэрэгцээг хангах болсон тэр цагаас эхлэн бий болсон хүний нийгэм үүссэн цаг хугацаатай давхцан үүссэн хамгийн анхдагч шинжлэх ухаан ч мэргэжил бол малын эмч, мал зүйч гэдэгт олон хүн огтхон ч эргэлздэггүй билээ.

Б.Жамбалсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих