Н.Алтанхуягийг үлгэр ярьж суух зуурт

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан зурагтаар нэгэн захиалгат нэвтрүүлэгт оролцжээ. Хувийнхаа амьдрал, ажил албаны гээд нэлээд өргөн хүрээтэй нэвтрүүлэг бололтой юм. Тиймээс тэрээр зам тавих, барилга барихад ямар асуудал байна вэ. Иргэдээ л хөгжүүлье гэсэн сайхан санааг хоёр давтав. Төрийн сайдын санадаг санаа бол энэ мөн. Харин гэхдээ мөнгөний гачаал алга. Бүтээн байгуулалт хийе л дээ. Дэлхийн зах зээл дээрээс бондын мөнгө авчирсан. Төлөх шат дарааллаар нь төлөөд явчихна гэсэн санааг ч давтав. Иргэдээ орон сууцны урт хугацааны зээлд хамруулснаа ч дашрамд нь хавчуулаад авна лээ. Нийт иргэд эдгээр үгэнд баярлах нь баярлаж гомдох нь гомдсон байх, Ерөнхий сайд аа. Баярлахын шалтгаан бий. Яагаад гэхээр нийгмийн зарим хэсэгт Ерөнхий сайдынхаа залж байгааг тэр бүрий мэдэхгүй шүү дээ. Найман хувийн урт хугацааны зээлээр орон сууцтай болчихно. Сайхан зам, цэцэрлэг дундуур ажилдаа явах тухай л бодоо биз.
Тэгвэл бас гомдохын шалтгаан ч бий. Учир нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан орон сууцны зээл хэчнээн богино настайг хүн болгон мэдэхгүй. “Чингис” бондын мөнгө чухам хаашаа юунд ороод бидний ирээдүй өрөнд баригдаж байгааг ч бас мэдэхгүй. Түүнчлэн бид энд мөнгөөр баярхаж, хоосон бүтээн байгуулалтын уухай хадааж байхад дэлхийн эдийн засаг хямрах магадлал 60 хувьтай байна гэсэн мэдээллийг шинжээчид өгөөд эхэлснийг бүр ч мэдэхгүй. Тэр тусмаа Европын хөрөнгө оруулалтын 13 томоохон банкийг дериват худалдахдаа хуйвалдаан хийснийг сэжиглэж эхэлснийг яаж мэдэх вэ.  Өөрөөр хэлбэл, эдгээр банкууд биржийг орлогоо багасгана гэж болгоомжлон биржийг алгассан гүйлгээ хийж, зуучлагч байдлаар ажилласан хэрэг. Энэ бол аюултай үзэгдэл. Тодотгож хэлбэл хямрахын дохио байхыг үгүйсгэх арга алга. Хамгийн гол нь эдгээр банкууд нь Монгол Улсад хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгдөг аж.
Энэ нь улс буюу компани дампуурсан тохиолдолд даатгалын хэрэгсэл болж өгдөг зээлийн санхүүгийн нэг хэлбэрийн наймаа юм байна. Ахиад аюултай мэдээ дуулгахад, ийм гүйлгээг 2007-2008 оны санхүүгийн хямралын үед хийсэн байдаг. Бид энэ үед урт хугацааны зээл олгож байсан банкуудынхаа үйл ажиллагааг нь хүртэл зогсоож байсан санагдана. Ялангуяа бидний мөнгө босгодог томоохон талбар Европын хөрөнгө оруулалтын банкууд иймэрхүү замаар наймаа хийгээд эхэлбэл бид хэн ч биш болж хувирна гэдгийг нуулгүй л хэлчих хэрэгтэй. Тэгээд ч тэд чинь бидэнд хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгдөг шүү дээ. Ерөнхий сайд аа. Таныг зурагтаар үлгэр ярьж суухад дэлхий нийтээс ийм л дохио өгч байх юм.


Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих