Гамшиг дагуулсан ”Усаги” хар салхи
Өнгөрөгч ням гаригт Хятадын өмнө зүгийн Гуандун мужийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрсөн “Усаги” хар салхи 25 хүний аминд хүрсэн талаар “Синхуа” агентлаг дамжуулжээ.
“Усаги” гэх /японоор сарны туулай гэсэн утгатай/ Номхон далайн хар салхи нь үзүүлж буй гамшгийнхаа хэмжээгээр энэ улирлын хамгийн хүчирхэг хар салхи болж байгааг мэргэжилтнүүд онцолсон байна. Хар салхинд өртөгсөд хүчтэй салхины улмаас унаж буй том модонд цохиулах юмуу салхины хүчинд хагарсан цонхны шилэнд зүсэгдэх, гудамж талбайн сурталчилгааны самбарт даруулах зэрэг золгүй байдлаар амь үрэгддэг байна.
Хар салхины улмаас тус бүс нутгийн хот, суурингийн цахилгаан эрчим хүч, ус түгээлт ажиллахгүй болсон байна. Мөн Гуанжоу, Шэньжэнь, Жухай зэрэг томоохон хотуудын хооронд зорчих төмөр замын мэдээллийг мягмар гариг хүртэл түр зогсоосон аж. Үүний улмаас 50 орчим галт тэрэг шугаманд гарч чадаагүй байна. Салхины хурд цагт 1800 км-ын хурдтай байгаагийн улмаас автомашинууд замын сүлжээнээс шидэгдэж байсан тул автозамын хөдөлгөөн ч сааталд орсон аж.
Одоогийн байдлаар үер, усны аюулаас болгоомжлон гол, мөрний эрэг дагуу байршилтай хот, суурингийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа гэнэ. Тухайлбал, Тайшань хотоос таван мянга орчим жуулчинг аюулгүй газарт шилжүүлсэн байна. Түүнээс гадна эрэг дагуу байрлалтай 14 хотын удирдлага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэхүү хар салхийг Хонконгод сүүлийн хагас зуун жилд тохиолдож буй хамгийн хүчтэй нь хэмээн тодорхойлсон байна. “Усаги” Хятадын нутаг дэвсгэрээр дайрахаасаа өмнө Филиппинд мөн хоёр хүний амь авч одсон бол Тайваньд цахилгааны шугам сүлжээг эвдэн, үерийн аюул дагуулсан хохирол учруулжээ.
URL: