АТГ-ыг ойлгохоо болилоо
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарыг өнгөрөгч нэгдүгээр сараас АТГ-т шалгаж, олон тэрбум төгрөг хувьдаа завшсан үндэслэлүүд тогтоогдсон талаар мэдээлж, хэвлэлээр нэг шуугьсаныг олон нийт мэдэж байгаа. Тэгвэл өнөөдөр Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах, Б.Гансүх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчдийн зүгээс “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа найман сар үргэлжлэхэд ямар ч 17 тэрбум төгрөг, нууц амрагийнхаа дансанд байршуулсан таван тэрбум төгрөг тогтоогдоогүй. Энэхүү мэдээлэл нь огт үндэслэлгүй, ташаа болохыг хэлье. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэн бусдаас их хэмжээний хахууль авсан асуудал ч тогтоогдоогүй” гэсэн юм.
Энэ үнэн үү, худлаа юу? гэсэн асуулт хамгийн түрүүнд тавигдаж байна. Үнэн бол яагаад зориуд 17 тэрбум төгрөг, нууц амрагийн данс гэх мэт адал явдалт зохиолыг найруулан тавив. Хэн үүний автор нь вэ? АТГ уу эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл үү. АТГ чинь авлигачдыг илрүүлээд л идсэн уусныг нь зарлаад ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сүйд майд болоогүй юу?
Ард түмэн пөөх, паах, энэ Ардын намынхан ингэнээ, ардын намынхан төр барьж байхад илрээгүй байсан бүхэн одоо илэрч байна гээд л алга ташаад л байсан. МИАТ-ын хэрэг, Татварын газрын энэхүү хэрэг, Ё.Отгонбаярын хэрэг гээд л олон тэрбумын “хэргүүд” илэрч олон нийтэд итгэл төрж эхэлсэн.
Гэвч энэхүү итгэл нээх удсангүй. МИАТ-ын хэрэгт улс төрийн бизнесийн маш олон хүний нэр дурдагдаж байсан боловч шүүхээр удирдлагаар нь ажиллаж байсан хэд цөөн цөөн жил авцгаасан. Мэдээж цаад эзэд нь үлдсэн хэмээн олон нийт үздэг. Татварын Гансүхийн хэрэг гэх энэхүү хэрэг олон долоо хоног хэвлэлийн гол сэдэв болж, түүний ёстой од болгосон. Олон хүн татварын газрын хэлтсийн дарга ингэж идэж байгаа юм чинь дээгүүрхи юу болох вэ хэмээн шогширцгоож байсан. 17 тэрбум төгрөгөөр хэдэн цэцэрлэг сургууль барьж болох тухай ч хүмүүс тооцоо судалгаа хийж байсан.
Гэтэл өнөөдөр нөгөө айхтан Гансүх чинь ийм их мөнгө идээгүй гэж өмгөөлөгч нь зарлалаа. Энэ юу болж байна. Өмгөөлөгч худал хэлэв үү эсвэл АТГ-ынхан худлаа шоудав уу. Энэхүү жүжгийг тэгээд хэн дэгэлчихэв ээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АТГ маш эрчтэй ажиллаж, олон хулгайч луйварчдыг шалгаж байгаагаа зарласан. Олонхи нь МАН-ынх байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Хэрэв энэхүү 17 тэрбумын хэрэг худлаа байвал зөвхөн өрсөлдөгчөө харлуулах гэсэн хар пиарыг төрийн байгууллага болох АТГ болон Цагдаа хүчний байгууллага хийж байсан болох нь тодорхой болно.
МАН ингэж идэж байсан, тэд улсаа цөлмөж байсан гэсэн хар пиар хаваржингаа хөвөрсөн. Мэдээж АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялсан. Түүнээс хойш АТГ амралтаа авч, сүр дуулайнт хэргүүд таг болцгоосон. Ё.Отгонбаярын эрүүл хүний ухаан санаанд ч оромгүй их мөнгөний хэрэг одоо мартагджээ. Сураг сонсох нь ээ түүнийг шалгаж байгаа байгууллага байхгүй гэсэн.
Сүүлийн үед АТГ-ын ажиллаж байгаа байдлыг хараад бүүр ойлгохоо байсан. Авлигачидтай тэмцэх гээд байгаа юм уу эсвэл захиалгаар баривчлаад байгаа юм уу аль нь болох нь ойлгогдохоо больсон.
Авлигачдыг баривчлахын оронд авлигачдыг тойрон эргэх дэнгийн эрвээхийнүүдийг тоншох мөртлөө түүнийгээ тэнгэрт тултал нь магтан дуулах юм. Сүр бадруулан баривчилж, сиймхий гарахаар нь хэргийг нь хэрэгсэхгүй болгоод л байна. Шалгасан нь хэд билээ. Түүнээс шүүхээр орж ял авсан нь хэд билээ. Одоо бодох цаг болсон.
Өдөр өнгөрөх бүр л нийгэм маань задгай, замбараагүй болж байна. Эрх баригчид нь худал хэлнэ. Сөрөг хүчин нь худал хэлнэ. Сайдууд нь худал хэлнэ. Ерөнхийлөгч нь худал хэлнэ. Бүгд л худал хэлж байна. Үнэн хаана байна вэ? Дээр доогүй худал ярьсаар, дарга цэрэггүй хариуцлагагүй ажилласаар байвал энэ улс орон юу болох билээ. Одоо хэнд найдах вэ? Ерөнхийлөгчид үү, Ерөнхий сайдад уу, УИХ-ын даргад уу, Сайдуудад уу, АН-д уу, МАН-д уу. Хэнд найдах вэ?
Энэ их замбараагүйтлийг хэн тэгээд байранд оруулах вэ? Хэн ч хэнээсээ гүйцэтгэлийн чанар, ажлын биелэлтийг шаардахгүй байна. АТГ-аас хэн хариуцлагатай ажиллахыг шаардах юм бэ? эсвэл энэ чин их хэлмэгдүүлэлтийн үеийн Онцгой бүрэн эрхт комисс нэртэй байгууллага шиг ажилладаг юм уу.
Энэ байдлаараа цааш үргэлжилвэл энэ байгууллага авлигалтай тэмцдэг биш харин авлигалчдыг хамгаалдаг байгууллага болох нь. Авлигалчид зоолох цаг ирж дээ.
tsagtur.mn
URL: