Холбооны мөрдөх товчооны ажилтан асан улсын нууц задруулсандаа хүлцэл өчив

Холбооны мөрдөх товчооны ажилтан асан улсын нууц задруулсандаа хүлцэл өчив

Холбооны Мөрдөх Товчооны экс ажилтан, одоо 55 настай Доналд Шатлебен 12 жилийн хорих ялаар шийтгүүллээ.

Албаныхан түүнийг өнгөрөгч оны тавдугаар сард Аль Кайда-тай холбоотой бөмбөгдөлтийн мэдээллийг Ассошэйтэд Пресс агентлагт мэдээлснээрээ олон улсын нууц ажиллагааг задруулж, олон хүний амь насыг эрсдэлтэй байдалд оруулсан гэж үзэж байгаа юм.

Холбооны Мөрдөх Товчоо хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог хүндэтгэхийн сацуу улсын нууц задруулах явдалтай хуулийн дагуу тэмцэн ажиллах ёстой. Ингэснээр улс аюулгүй байна гэсэн зарчмын дагуу ажилладаг юм. Гэтэл Холбооны Мөрдөх товчоонд ажиллаж байсан Шатлебен  Иемен дэх Аль Кайдагийн зэвсэгт хүчин АНУ- ын агаарын зам руу довтлох гэж байсан талаарх мэдээллийг Ассошэйтэд Пресс агентлагт өгснөөр улсын нууцад багтаж байсан мэдээллийг задруулжээ.

АНУ-ын Хууль Зүйн Яамны сайд Эрик Холдер энэ хэргийг улсын нууцыг задруулж, олон хүний амь насыг эрсдэлтэй байдалд оруулсан хамгийн ноцтой хэрэг хэмээн дүгнээд байгаа юм. Тэрбээр “Америкийн ард иргэдийн аюулгүй байдалд онц ноцтойгоор халдлаа. Ийн хэлж байгаа маань хэтрүүлэл огт биш шүү” гэжээ.

Харин Ассошэйтэд Пресс агентлаг Шатлебентэй холбогдсон талаараа тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.  Шатлебен нь 1983 – 2008 он хүртэл Холбооны Мөрдөх Товчооны тэсрэх бөмбөгийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа маш нууц цэвэрлэх ажиллагаа ч хариуцан гүйцэтгэж байжээ. Харин 2008 оноос түүний хөдөлмөр гавьяаг үнэлэн Батлан Хамгаалахын мэдээллийг ангилах ажилтнаар томилсон юм.

Тэрбээр улсын нууц задруулсан хэргээр байцаагдаж эхлэснээс есөн өдрийн дараа хүүхдийн порно зургийн худалдаанд оролцдог байсан хэргээр баривчлагджээ. Шатлебен ажлынхаа компьютерээс хүүхдийн порно зураг бүхий хэргийн хайлт хийж, хэрэгт хамааралтай нууц зургуудыг интернетээр худалдаж байсан аж.

Өчигдөр буюу даваа гаригт тэрбээр Улсын Батлан Хамгаалахын мэдээллийг задруулж, мөн насанд хүрээгүйчүүдийн порно зургийг тарааж байсан талаараа уучлал хүсчээ.

Түүнийг шүүхээс 140 сарын ялаар шийтгэсний 43 нь улсын нууц задруулсны төлөө, харин 97 нь насанд хүрээгүйчүүдийн порно зургийг тараасан хэрэгт нь оногдуулсан ял шийтгэл  юм байна.

Б.Ананд


URL:

Сэтгэгдэл бичих