“Жүжигчин хүн болохоор “дүр”-д тоглох хүслээр байнга цангаж явдаг”

“Жүжигчин хүн болохоор “дүр”-д тоглох хүслээр байнга цангаж явдаг”

“Дурлалын гэмт хэрэг”, “Адам”, “Долоон бурхан харвадаггүй” зэрэг олон киноны дүрүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин А.Баттүшигтэй уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

-Багадаа хэр сахилгагүй байв. Жүжигчин мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ?

-Би нэгдүгээр ангид орох хүртлээ Дорнод аймгийн Чойбалсан хотод амьдардаг байлаа. Дараа нь хот руу нүүж ирсэн. Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Айхтар сурлагатай хүүхэд ч байгаагүй.

“ТВ коктейль” хамтлагийн Э.Цолмонбаяр бид хоёр 35-р дунд сургуулийг нэг ангид сурч төгссөн. “Одод болохын хүслэн” гээд бүжгийн тэмцээнд peп бүжиг бүжиглэж оролцдог байлаа. Одоо эргээд дурсахад сайхан байдаг. Багаасаа жүжигчин болохыг хүсч, мөрөөдөж явсан гэвэл худлаа ярьсан болно.

Урлагийн бага зэргийн авьяас, хөдөлгөөнтэй байдал маань энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн ч байж болох юм. Бас орчуулгын кино үзэх дуртай байсан минь ч нөлөөлсөн байх. 1998 онд СУИС-д шалгалт өгч тэнцэж ороод 2002 онд Л.Лхасүрэн багшийн удирдлаган дор төгссөн.

-МҮОНТ-тэй анх яаж холбогдож кинонд дуу оруулах болсон бэ?
-Энэ их сонин түүх. Намайг гуравдугаар курсын оюутан байхад “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр маань манай доод ангийн оюутан байлаа. Д.Энхбаяр 1997 оноос хойш “UBS Video” сувагт кинонд дуу оруулдаг болсон байсан.

Д.Энхбаяр маань намайг кинонд дуу оруулагч болоход уруу татсан. А.Миеэгомбо, Н.Ялалт бид хэд яг нэг үеийн кинонд дуу оруулагч жүжигчин. Тэр үед МҮОНТ-ийн орон тооны бус, чөлөөт уран бүтээлчээр ажилладаг байсан. Дуу оруулсан киноны тоогоороо цалинждаг байлаа. Тэр үед сайхан байсан. Т.Цэмпилмаа эгч, Ж.Дарамсүрэн ах, Г.Равдан гуай гээд олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж байлаа.

-Хамгийн анхны дуу оруулсан кино ямар кино байсан бэ?

-“Шуурга” гэдэг мэргэжлийн боксчны тухай кино. Энэ кинонд анх хэдхэн үг хэлж байсан. Ихээр бодоход таван харилцаа үг л хэлж байсан санагдаж байна. Гол дүрд нь Г.Равдан ах, туслах дүрүүдэд А.Миеэгомбо бид хоёр дуу оруулж байлаа. Хэдхэн үг хэлэх байж тэрийгээ хэлж чадахгүй сандраад, А.Равдан ахад нудруулж байлаа. Н.Наранбаатар ах, Н.Батцэцэг эгч гээд чадварлаг жүжигчдээсээ их зүйл сурсан даа.

-Анх кинонд дуу оруулахдаа их сандарч байв уу?
-Анх дуу оруулж эхэлж байхад хэцүү байлаа. Цаад жүжигчнийхээ характер, үгний цаад далд утга, болж буй үйл явдал, орчин нөхцөлд зохицуулж хүний чихэнд наалдацтай дуугарах гээд бэрхшээлтэй. Ер нь орчуулгын чанар, тухайн жүжигчний дуу оруулах чадвар зэргээс шалтгаалаад киноны утга санаа өөрчлөгдөж ч болдог учраас их хичээдэг байсан. Бүх л дүрүүд өөр өөр, адармаатай байдаг болохоор тэр хэцүү, тэр нь амархан гэж гэж чадахгүй.

Урьд нь кинонд дуу оруулахад орчуулагч нь заавал хамт суудаг байсан. Дууны найруулагч нь хүртэл орчуулгын найруулагчийн хэмжээнд хүртэл ажилладаг хүмүүс байсан. МҮОНТ-ийн дууны найруулагч Л.Сүрэнхорлоо эгч, М.Эрдэнэчимэг эгч гээд насаараа телевизэд ажилласан, олон жилийн туршлагатай хүмүүс байна. Тэр хүмүүс маань намайг анх ажилд орж байхад их дэм болсон.

-Ямар төрлийн кинонд дуу оруулах илүү сонирхолтой байдаг вэ?
-Дуу оруулахад хамгийн урамтай кино бол хүүхэлдэйн кино. Жүжигчнийг мэргэжлийнх нь хувьд илүү их задалж, ахиулж өгдөг юм шиг санагддаг. Янз бүрийн төрөлд жүжигчин хүн өөрийгөө сорьж үзэхгүй бол нэгэн хэвийн байхад их дэм болсон.

-Ямар төрлийн кинонд дуу оруулах илүү сонирхолтой байдаг вэ?
-Дуу оруулахад хамгийн урамтай кино бол хүүхэлдэйн кино. Жүжигчнийг мэргэжлийнх нь хувьд илүү их задалж, ахиулж өгдөг юм шиг санагддаг. Янз бүрийн төрөлд жүжигчин хүн өөрийгөө сорьж үзэхгүй бол нэгэн хэвийн хэмнэлд орох байх. Хүүхэлдэйн киноны задгай тоглолтууд, хурц үйл явдал, хүний амьдралд байхааргүй хэмжээний хэтэрсэн тоглолттой учраас драмын кино, адал явдалт киноноос илүү сонирхолтой байдаг.

Дээр нь хэцүү мөртлөө хөгжилтэй байдаг. Жишээлбэл Г.Равдан ах “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны бүх эрэгтэй дүрүүдэд дуу оруулсан байдаг шүү дээ. Тэндээс дүрүүдийн хоорондын харилцааг гаргаж байгаа байдал, Г.Равдан ахын ур чадвар харагддаг.

-Дүр бүтээсэн анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?
-Анхны гол дүрд тоглосон кино гэвэл Балдорж гуайн зохиол, Л.Энхбаярын найруулсан “Халуун сэтгэл” гээд уран сайхны кино. 2006 онд энэ киноны Ууган багш гээд дүрд тоглосон. Л.Энхбаяр ах маань л анх намайг дэлгэцийн урлагт уруу татсан.

-Өнөөрийг хүртэл гол ба туслах дүр гээд нийт хэдэн дэлгэцийн бүтээлд тоглоод байна?

-10 гаруй л байгаа байх.

-Найруулагч, туслах найруулагчаар ажилласан хэдэн бүтээл байна вэ?

-“Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит кино, “Хайрын рекорд” гээд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээл бий. Мөн Ж.Сэнгэдорж найруулагчийн “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн хоёрдугаар найруулагчаар ажиллаж байлаа. Хамгийн сүүлд “Ларьдма” уран сайхны кинонд бас хамтарч ажилласан.

-“Адам” киноны Адамын дүрийнхээ тухай яриач. Их өвөрмөц дүр санагддаг?
-Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээл шүү дээ. Яг энэ үед би МҮОНТ-д орчуулгын найруулагчаар, HD Монгол телевизэд ажиллаж байсан. Ж.Сэнгэдорж найруулагчийн Адамын дүрд тоглох саналыг их дуртай хүлээж авсан. Миний зүгээс маш их сэтгэл шингэсэн кино. Зураг авалт нь элсэн тасархайд, халуун нартайд авагдсан.

Тийм нөхцөл байдалд өөрийнхөө тоглолтыг хэрхэн гаргах вэ гээд бага зэргийн бэрхшээлүүд байсан. Ер нь бол “бүтээл”-ийн кино гэж би боддог. Энэ киноны маань амжилт Ж.Сэнгэдорж найруулагчтай маань салшгүй холбоотой. Кино маань маш олон киноноос шалгарч Япон, Солонгосын кино фестивальд өрсөлдөж тусгай байрын шагнал авсан. Энэ бол монголын киног дэлхий тоогоод байгаагийн нэг илрэл. Гэхдээ энэ тухай олон хүн мэдэхгүй байх. Кинотой маань холбоотой янз янзын шүүмжүүд ч гарсан. Монголын кино уран бүтээлчдийн дунд ч бас нэг өөр өнцөг бий болсон гэж би боддог. Миний хувьд гэвэл жүжигчнийхээ үүднээс задрах, ур чадвараа ахиулах, өөрийгөө эвдэх зорилготой ажилласан.

-Өөрийнхөө бүтээсэн дүрүүдээс аль дүрдээ илүү их хайртай вэ?
-Жүжигчин хүн дүрд тоглох хүслээр байнга цангаж явдаг гэж би боддог. Адамдаа илүү хайртай. Яг үнэндээ би энэ киноноос маш их шинэ зүйл ойлгож, өөртөө тусгаж авсан учраас хайртай байдаг. Миний дараа дараагийнхаа уран бүтээлд тоглох үндэс суурийг тавьсан буянтай кино. Анхны киноныхоо дүрд ч бас хайртай байдаг.

-Танд үзээд уйддаггүй, дуртай кино байдаг уу?
-Олон кино байдаг. Кино үзэхдээ тухай киноны түүх, үйл явдал, чухам юугаараа олон нийтийг татаж байна вэ гэдгийг судлахыг илүү хүсдэг. Тэр дундаас “Шоушанкаас оргосон нь” кинонд их дуртай. Олон ч үзсэн. Зохиолын хувьд ярих юмгүй сайхан гэж боддог.

А.Халиун /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих