М.Бадамсүрэн: Шүүгчид өмнө нь улс төрийн намын үйл ажиллагаанд оролцоогүй байх ёстой гэсэн шаардлага тавиад өгөөч Х.Тэмүүжин сайдаа
Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнтэй ярилцлаа.
-Дорнодчууд өнөөдрийг хүртэл орон нутгийн сонгуулийн үр дүнгээ баталгаажуулж чадахгүй байгаа шалтгааныг товч тайлбарлахгүй юу. Хэт их сунжирч байгаа болохоор одоо бүр учир нь олдохоо байлаа?
-Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг Дорнод аймгийн иргэд, сонгогчид дэмжиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонх болсон. Аймгийн Хурал анхдугаар хуралдаанаа 2012 оны 11-р сарын 29-нд хийж, Хурлын дарга, тэргүүлэгчдээ сонгож, Засаг даргад нэр дэвшүүлсэн ч одоог болтолхууль ёсны Засаг даргагүй байгааг олон нийт бараг мэднэ байх аа. МАН 9 аймагт олонхи болсон. 2012 оны 11-р сарын 21-нд сонгуулийн үр дүн гарч, АН олонх болсон 12 аймаг, МАН олонх болсон 9 аймаг Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулахаар санал хүргүүлэхэд манай намаас нэр дэвшигчдийг Ерөнхий сайд он дуустал батламжлаагүй. Гэтэл АН-аас нэр дэвшигчдийг анхны удаа нэр дэвшихэд нь тэр дор нь буюу хоёр цагаас хоёр өдрийн дотор батламжилсан байдаг. Сүүлдээ МАН олонхи болсон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын эрх хэмжээнд оролцох үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн. Тухайлбал, МАН олонхи болсон есөн аймгийн долоод нь Засаг даргын орлогч болон бусад төрийн албан хаагчдыг АН-аас томилох сонирхолоо тулгаж хэрэгжүүлсэн. Мөн МАН ялсан есөн аймгийн хоёрт нь аймгийн Хурлын дарга нь АН-аас сонгогдсон байгаа. Дээр нь нийслэлийн Сонгинохайрхан, Багануур, Чингэлтэй дүүрэгт МАН олонхи болсон ч Сонгинохайрхан, Багануур дүүрэгт хүчээр АН-ын Засаг даргыг томилуулсан байдаг. Тэгээд Хөвсгөл болон манай аймагт Ерөнхий сайд Үндсэн хуульд байхгүй Засаг даргын үүрэг гүйцэтгэгч хүртэл томилсон.
-Албан ёсны бус Засаг даргын үүрэг гүйцэтгэгчтэй аймгууд санхүү хөрөнгийн асуудал шийдэх мэтчилэн шалтгаанаар мал сүрэг олноор үрэгдсэн тухай мэдээлэл хавар гарч байсан л даа?
- Халх гол суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч, 20 гаруй мянган толгой мал хорогдсон. Энэ үед шуурхай, шийдвэртэй арга хэмжээ цаг алдалгүй авч чадаагүй. Мөн аймгийн Худалдан авах ажиллагааны албыг байгуулахгүй цаг алдсан гэх мэт сөрөг үр дагаврууд гарсан. Үндсэн хууль зөрчиж Үүрэг гүйцэтгэгч томилсон Ерөнхий сайд Цэц хуралдахаас нэг хоногийн өмнө шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон.Ер нь бид хардаад байгаа юм…
-Юуг тэр вэ?
-Засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар томилдог. Он гаргаад тав дахь жилд нь оруулаад бүрэн эрхийн хугацааг дууссан үндэслэлээр манай аймгийн өмнөх Засаг даргыг чөлөөлөөд Үүрэг гүйцэтгэгч томилсон юм байна гэж хардаж байгаа юм. Тав дахь жилд нь оруулаад 1-р сарын 3-нд буюу он дөнгөж гаруут Ерөнхий сайд “Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад томилохоос татгалзаж байна” гэсэн ганц өгүүлбэр бүхий тоот ирүүлсэн. Аймгийн Хурал хэлэлцээд томилохоос татгалзах ямар нэг хуулийн заалт, үндэслэл ирүүлээгүй байна. Тиймээс улс төрийн шалтгаанаар татгалзжээ гэж үзээд дахин нэр дэвшүүлсэн тогтоолоо нэгдүгээр сарын 7-нд тогтоол гаргаад 10-нд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт факсаар хүргүүлсэн. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд буюу тогтоол хүлээн авахаас нэг хоногийн өмнө Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр аймгийн АН-ын хорооны даргыг томилсон байдаг. Аймгийн Хурлын анхдугаар хуралдаанаас Засаг даргад нэр дэвшээд олонхийн санал авч чадаагүй хүнийг өөрийнх нь намын хүн гэдгээр үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тухайн үед “Ноёны бөх” л дарга болох ёстой юм бол сонгууль хийгээд яах юм гэж шуугиж байсан даа.
-Нэг чухал асуудал бол одоогийн Иргэдийн хурал нь хууль бус Засаг даргад хариуцлага тооцох үндэслэлгүй болчихож байгаа нь бас хортой юм даа?
- Одоогийн Хурал маань үүрэг гүйцэтгэгчид хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх дөрвөн жилийн Хурлаас сонгогдож байсан хуучин Засаг даргад ч мөн адил шинээр байгуулагдсан Хурал хариуцлага тооцох боломжгүй. Үндсэндээ орон нутгийн удирдлага бол нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулдаг. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийн эрх барих иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг.
-Одоо тэгээд цаашид яах ёстой вэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сард миний бие зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж Үүрэг гүйцэтгэгч томилсныг хууль бус гэдгийг тогтоох, хуулийн дагуу нэр дэвшсэн миний биеийг Засаг даргад томилохыг Ерөнхий сайдад даалгаж өгөх гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон шийдвэрээ Ерөнхий сайд өөрөө хүчингүй болгосон. Анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард “М.Бадамсүрэн нь хуулийн дагуу нэр дэвшиж, Засаг даргад тавигдах шаардлагыг хангаж байх тул Дорнод аймгийн Засаг даргад томилохыг Ерөнхий сайдад даалгасугай” гэсэн шийдвэр гаргасан. Маргаан явсаар сая дээд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Бид одоо Ерөнхий шүүгчид хандах боломжтой.
-МАН засгийн эрхэнд байхад ийм ялгаварлал гардаг байсан болов уу?
-МАН эрх барьж байх үед, Засаг даргыг томилохоос татгалзвал үндэслэлээ тодорхой заадаг байжээ. Тэр үндэслэлийг харж байж Хурал нь шийдвэр гаргах боломж олгодог байснаас биш ингэж хуурах, зальдах байдлаар асуудалд ханддаггүй байж. Тэр үед өнөөгийнх шиг тохиолдол буюу АН олонх болсон аймгууд байж л байсан. Гэхдээ МАН нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хүндэтгэж, дэмжиж ирсэн. Харин өнөөдрийн АН-ын эрх баригчдын илт ялгаварлан гадуурхлыг бид Үндсэн хуулийн цэцэд өгч, энэ цаг үед шударга ёс, тэгш эрх Монголд мөрдөгдөж байгаа эсэхийг хэрхэн шийдвэрлэхийг дахиад нэг харъя
-Дорнод, Хөвсгөл аймгууд бол ардчиллыг анхнаас нь дэмжсэн аймгууд. Гэхдээ Ардын намыг үндэслэгч Д.Сүхбаатарын мэндэлсэн Сүхбаатар аймагт АН ялчихлаа гэж МАН их улстөржөөгүй юм шиг л санагддаг юм?
-Тийм ээ, Дорнод, Хөвсгөл аймаг бол ардчилсан хувьсгалыг анхнаас нь дэмждэг байсан. Ихэнх аймагт АН ялсан байхад Дорнод, Хөвсгөлд яагаад МАН ялав гэж сонирхож байгаа тань байж болох асуулт. Хэрвээ АН өнөөгийн Засгийн эрхэнд гарсныгаа хуйвалдаан, луйвар гэж боддоггүй л юм бол өөрсөддөө итгэ л дээ. Тэр олон аймаг энэ АН-ыг дэмжсэн байна, итгэсэн байна. Сонгууль бол ард түмний сонголтын шууд тусгал шүү дээ. Гэтэл “Дорнод аймгийг нэг компанийн мэдэлд өгөхгүй. Тиймээс Бадамсүрэнг томилохгүй…” гэсэн хэн ч сонсоод мэл гайхмаар тайлбар хэлээд сууж байж болохгүй л дээ.
-Н.Номтойбаярын компаниас хараат болчих нь гэж хардаад байгаа хэрэг үү?
-МАК-ийн захиралын хүү ард түмний сонголтоор УИХ-д сонгогджээ. Аймгийн Иргэдийн хурлаас нэр дэвшсэн М.Бадамсүрэн гэх Монгол улсын иргэн намайг Засаг даргаар томилоход Дорнодчуудыг төрд төлөөлсөн УИХ-ын гишүүн хүн хувийн компанитай байх эсэх нь хамаатай гэж үү. Өөрсдөө тэгвэл эрх барьж байгаагийн хувьд улс орныг маань бүхэлд нь хувьчлаад авах бодолтой байгаа юм уу. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй улс орнуудыг үндэсний томоохон компаниуд нь л авч явж байна. Гэтэл манайх хөгжиж буй орнуудын энэ чиг хандлагаас эсрэг яваад байх юм даа. Дорнодоос МАК-ын захирлын хүү, ХөвсгөлөөсMCS-ын дэд ерөнхийлөгч, Эрдэнэтээс Петровисийн О.Содбилэгийг сонгосон ард түмний буруу гэж үү. Үндэсний компаниудаа намын харьяаллаар ялгаварлаж байгаа нь ардчилсан чөлөөт зах зээлийн энэ нийгэмд байж боломгүй зүйл. Сүхбаатар аймагт “Бодь”-ийн Зоригт, Хэнтийд “Монроуд”-ын Гарамгайбаатар, Баянхонгорт “Женко”-ийг Баттулга, Дундговьт “Мон Уран”-ы Наранхүү гэх мэт АН-ын гишүүд сонгогдсон. Тэднийг тухайн аймгуудаа хувьчлаад авчихсан гэж би лав бодохгүй байна.
-Тэгвэл Ерөнхий сайд тодорхой хэлчихсэн юм байна шүү дээ. Нөгөө Ардын намын гэсэн бүхнийг л шоронд хийнэ, шонд дүүжилнэ гэдгийн нь золиос болоод та томилогдохгүй байж?
-Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай, Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлан Төв, Баянхонгор аймгийн Засаг даргад нэр дэвшигч АН-ын гишүүдийг томилсон атлаа яг ижил шалгуур хангаж буй миний биеийг Монгол Ардын намын гишүүн гэдгээр нь илтэд ялгаварлаж томилоогүй. Мөн төрийн албанд гурван жил ажилласан байх гэсэн шалгуурыг олон аймаг, сум, дүүргийн Засаг даргын томилгоонд огт баримтлаагүй. Ийм ёс төдий заалт нь өнөөдөр хууль хийдүүлэх нөхцлийг эрх баригчдад олгоод байна. Гэтэл АН-ын сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хуулийн зөвлөх хийж байсан хүмүүс шүүгч болоход МАН-аас дуугарч байж уу гээд бас түүхийг ч харах хэрэгтэй юм байна лээ.
-Одоо тэгээд хууль шүүхийн хүрээнд аймгийнхаа ард түмний болон Иргэдийн хурлынхаа шийдвэрийг баталгаажуулахын тулд та яах вэ?
-Дээд шүүхийн шийдвэр гарсан. Одоо манай талаас Ерөнхий шүүгчид хандах боломжтой. Мөн Үндсэн хуулийн цэцэд очсон маргаантай асуудлууд байгаа. Асуудлын гол нь, хуульд олон зөрчилтэй заалт байгаа нь энэ тохиолдолд гарч ирж байна. Тухайлбал, Засаг дарга бол улс төрийн албан тушаал. Төрийн албаны тухай хуулийн зургадугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Их Хурлын дэд дарга, гишүүн, Засгийн газрын гишүүн, дэд сайд гээд бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчнь улс төрийн албан тушаал. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол шалгуурын дагуу сонгогддог болоод тухайн сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах албан тушаалтанг улс төрийн албан тушаалтан гэнэ гээд тодорхой заачихсан. Тэгэхээр улс төрийн албан тушаалтан бол үндсэндээ ард түмний сонголтын хүн. Ард түмний сонголтын дээгүүр ямар нэг шалгуур тогтоодоггүй юм билээ. Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-т төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэдэг заалт 2008 онд Төрийн албаны зөвлөлийн саналаар нэмж орсон юм билээ.
-Тэгээд энэ заалт яаж нөлөөллөө гэж?
-Тийм л юм бол Засаг даргад томилогдох хүн төрийн албанд гурваас доошгүй жил ажиллсан байх ёстой гэх шаардлага тавьдаг шиг шүүгч нарт өмнө нь улс төрийн намын үйл ажиллагаанд оролцоогүй байх ёстой гэх шаардлага тавиад өгөөч гэж хууль тогтоогчдоос, хууль зүйн Х.Тэмүүжин сайдаас хүсмээр байгаа юм. Ер нь миний энэ асуудал бол аймгийн Засаг дарга томилох асуудлаар маргаан гарсан анхны тохиолдол юм билээ. Шүүх хурал дээр Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Дорнод аймгийн АН-ын гишүүдээс Бадамсүрэнг битгий томилооч гэсэн хүсэлт Ерөнхий сайдад маш их ирдэг…” гэсэн ноцтой юм ярьсан. Хэргийг хэлэлцэж байх явцад нэг зүйл анзаарагдсан нь АН-ын зүгээс шүүгчээс татгалзах явдал их байсан. Манай талаас бол тийм зүйл байхгүй. Яагаад гэвэл шүүгч шударгаар шийднэ гэдэгт бид итгэж байгаа учраас. Гэтэл АН-ынхан шүүгчээс татгалзаж байгаа нь хараат бус байдлыг өөрсдөө бий болгочихсон болохоор юм болов уу гэж хардах юм. Ер нь шүүгч хэт нэг талыг барьж асуудалд хандаж байгаа тодорхой баримттай зүйлүүд бий. Бас нэг зүйл хэлэхэд Ерөнхий сайд өнөөдөр бүх асуудлыг үнэн зөв мэдэхгүй байх шиг байгаа юм. Доод шатнаас маш их буруу мэдээлэл өгдөг. Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр ярьдаг шиг хэт нэг талыг барьсан, зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодсон Ардын намыг буруутгасан мэдээлэл хүсэлт Ерөнхий сайдад өгдөг байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь аливаа маргааныг шударгаар шийдвэрлэх ёстой шүүх хэнээс ч хараат бус үйл ажиллагаа явуулж, бид шийдвэрийг нь хүндэтгэх ёстой. Бид Монголын шүүхэд итгэл төгс байх ёстой биз дээ.
-Ер нь тэгээд ажилласан жилийн туршлага заавал шаардах юм бол өнөөдөр Ерөнхий сайд, сайд нар сумын Засаг даргаас илүү туршлагатай байхыг шаардах ёстой байлгүй дээ?
-Харин тийм, нэг сумын, аймгийн Засаг даргад тийм шаардлага тавьж байгаа бол гүйцэтгэх дээд байгууллагын Ерөнхий сайд, сайд нарт бүр тав, арван жилээр төрийн албанд ажилласан байх шаардлага тавих хэрэгтэй биз дээ. Тэгээд ч Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр төрийн албан хаагчид 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш намын гишүүнээс түтгэлзсэн. 2012 оны сонгуулийн үр дүнгээр гарсан анхны тохиолдол нь энэ. Ер нь төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших боломжгүй байгаа. Мөн төрийн албан хаагч намаас түтгэлзчихсэн байгаа учраас цаашдаа төрд урьд нь албан хашиж байсан хүн л Засаг даргаар томилогдох боломж бараг байхгүйтэй адил. Эсвэл зөвхөн Засаг дарга, түүний орлогчоор ажиллаж байсан улс төрийн албан тушаалтанд л илэрхий давуу байдал олгох нь мөн Үндсэн хуулийн зөрчил болно.
URL: