Н.Алтанхуяг сайд аа, энэ олон хүргэнээ яах гээд байна вэ?

Монгол Улсын Засгийн газар, Монголын төр тэр чигээрээ төрөл садангийн хэлхээнд орсныг зөвтгөх хүн өнөөдөр эрх баригчдаас өөр олон гарахгүй нь тодорхой. Мэдээж боломжтой бол хэн ч төрөл садангаа өөд нь татаж хажуудаа малаа маллуулж, хүүхдээ асруулж, гэрээ цэвэрлүүлж, хувцсаа угаалгаж болно.
Харин ард түмний нэрийн өмнөөс төрийг засаглаж байгаа хүмүүс ийм хандлагаар ажлаа явуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, эвий хөөрхий дүү минь, хүргэн минь гээд хажуудаа татаж авчран төрийн үйл хэрэгт хамтдаа хутгалдан орж болохгүй гэсэн үг. Үүнийг ялгаж зааглахын тулд өнөөгийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар өнгөрсөн дөрвөн жилд Ашиг сонирхлын тухай хуулийг санаачлан батлуулж байв.
Харамсалтай нь өнөөдөр тэр хууль мартагдан замхарчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн дүүгийн төрсөн охины нөхрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилсон нь төрийн ажлыг төрөл, садансаг болгосны бодит жишээ юм. Ингээд зогссонгүй, Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн, түүний гэр бүлийн хүн Г.Уянгад Тавантолгойн орд газар, түүнээс олборлох нүүрсийг хяналтын гаалиар оруулах учиртай Цагаан хадны гэх 17 тэрбум төгрөгийн тендерийг хууль бусаар авч өгөв. Үүнийхээ төлөө Н.Алтанхуяг Монгол Улсын хуулиар хариуцлага хүлээх ёстой атал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас Г.Дэнзэнг огцруулсан болж, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга хэвээр нь үлдээв. Энэхүү хууль бус үйлдэлдээ Ерөнхий сайд огцроод зогсохгүй, ял шийтгэл хүлээх ёстой байв.
Гэвч Монгол Улсын хууль төрийн дээд албан тушаалтанд үйлчилдэггүйг энэхүү үйлдэл тодоос тод харуулсан. Төрийн алба төрлийн хэлхээ болж байгаа нь энэ мэт захын нэг үйлдлээс харагдаж байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бас нэгэн төрөл садан хэрэг мандуулаад эхлэв. Тухайлбал, “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан гэх инженер нөхөр Монголд анх удаа “Дуобус” гэх троллейбусыг үйлдвэрлэсэн нь Монголын төдийгүй гаднынхны талархлыг хүлээж байна хэмээн цаг наргүй пиардаж байв. Магадгүй, нийслэлчүүд ч энэ тал дээр талархал хүргүүлсэн байх. Гэтэл нөхөр Д.Жаргалсайхан Төрийн өмчит компанийн нэр дээр “Дуобус” хэмээх нэр өгч, нийтийн тээвэрт үйлчилгээ явуулж байсан. Үнэн хэрэгтээ төрийн өмчит энэ компани улсын төсвөөс өчнөөн мөнгө авчихсан ч үйл ажиллагаа нь доголдоод байгааг хаана хаанаа нуух хэрэггүй. Харин Д.Жаргалсайханы доод талын дарга нар ийн хэлж байна. “Хөрөнгө мөнгөний тал дээр хэцүү. Манайх троллейбусаа Монголдоо үйлдвэрлэдэг болсон. Нэг троллейбус бүтээхэд ойролцоогоор 60 сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ гадаад улсаас оруулж ирснээс зөвхөн тоног төхөөрөмжийг нь худалдаж аваад эндээ хийх нь хямд тусдаг. Сүүлийн таван жил төр засагтай хамтарч энэ тал дээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ашиглалтад байгаа троллейбусны насжилтыг уртасган, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, техник технологийн шинэчлэлт хийхийн зэрэгцээ шинэ загварын троллейбус, электробус, дуобус угсран үйлдвэрлэх ажлын эхлэлийг амжилттай тавьсан” хэмээжээ. Энэ бол цэвэр Н.Алтанхуяг сайдын хүргэн Д.Жаргалсайханы захиалгат ярилцлага.
Тодотгох юм бол “Цаашдаа төрөөс илүү сайн дэмжиж паркийн шинэчлэлд анхаарлаа тавьж ажиллавал ард иргэдэд хямд үнээр үйлчлүүлэх боломж нээгдэж дээр хэлсэнчлэн урьд нь байсан хуучин шугамыг сэргээж дахин чиглэл гаргаснаар заавал 400 төгрөгөөр биш 200 төгрөгөөр явж, гурван чиглэлээ найм ба түүнээс ч олон болгох бүрэн боломж бий болж эдийн засагтаа ч хэмнэлт гаргана гэсэн үг” гэжээ. Жирийн иргэд уншихад хэнд ч ойлгомжтой. Зүгээр л татварын мөнгө идэх гэсэн хүмүүсийн арга зам гэдэг нь эндээс харагдана. Уг нь Монголын алтан гартай инженерүүд эх орондоо “Дуобус” хэмээх цахилгаан тээвэр үйлдвэрлэлээ гэж хэвлэлээр нэг шуугив. Төрөөс ч дэмжээд нэг хэсэгтээ л хөл болж байв. Гэтэл үүний цаана ямар их луйвар явж байсан нь илэрч байна. Нэгэн баримт сөхөхөд энэхүү дуулианы үүднээс “Цахилгаан тээвэр компани”-д нийслэлийн төсвөөс 73 сая төгрөгийн нөхөн төлбөр олгож байлаа. Дахин баримт дэлгэхэд үүнээс хойш нэг ч “Дуобус” угсарсангүй. Энэ бүгдийн араас мөшгихөд, “Цахилгаан тээвэр компани” өдөрт 2.8 -3,4 сая төгрөгийн орлого олдог аж.
Гэтэл нийслэлээс хэрэгжүүлсэн дугаарын хязгаарлалтаар долоо хоногт 73 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон нь өдрийн дундаж орлогоос нь гурав дахин илүү их мөнгө байгааг бид бүхэн харж байна. Уг нь бол “Цахилгаан тээвэр” компанийнхан дээрх өдрүүдийн зардлаа өдөрт долоон сая төгрөгөөр тооцсон нь татвар төлөгчдийн мөнгийг бизнес болгон ашиг олсон гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байгаа. Энэ мэтээр Н.Алтанхуягийн хүргэчүүл Монгол Улсын хөрөнгөөр туйлах их аянд мордоод байна.
С.БАЯР

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих