Я.Санжмятав: Ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлнэ

Энэ өдрүүдэд хөдөлмөрийн салбарын долоо хоног үргэлжилж байна. “Ажилтай орлоготой Монгол хүн” сэдэвт Үндэсний чуулганыг угтан өчигдрөөс эхлэн энэ сарын 27-ныг дуустал Хөдөлмөрийн яамнаас салбарын хэмжээнд олон арга хэмжээг зохион байгуулж байгаа.
Үүний эхнийх нь хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсох зорилготой “Ажилтай орлоготой Монгол хүн” сэдэвт онол практикийн бага хурал юм.
Энэхүү хурлын гол зорилго нь салбар яамны эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээлийг бодлого боловсруулах түвшинд ашиглах боломжийг нэмэгдүүлэх, аль ч салбартай харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх аж.
Онол практикийн бага хуралд тавигдсан илтгэлийн ерөнхий сэдэв нь хувийн хэвшил дэх цалин хөлсний системийг боловсронгуй болгох арга зам, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд төрийн гүйцэтгэх үүрэг, оролцоо, жижиг дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах нөхцөл, боломж зэрэг байв.
МУИС-ийн дугуй танхимд болсон тус онол практикийн бага хуралд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэргүүтэй тус яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Монгол Улс ямар бодлого, зорилт дэвшүүлэх ёстойг эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлдээ тусгасан байна.
Эрдэмтэн судлаачдаас нийт 25 бүтээл ирүүлснээс эцсийн шатанд шалгарсан арван илтгэл онол практикийн бага хурлаар хэлэлцсэн юм. Эдгээрээс Н.Аюуш “Хувийн хэвшил дэх цалин хөлсний системийг боловсронгуй болгох арга зам” илтгэлээр нэгдүгээр байрт шалгарч хоёр сая төгрөгийн эзэн болсон.
Харин удаахь байрт С.Цолмон “Монгол Улс дахь ажилгүйдлийн шалтгаан, үр дагавар болон ажилгүйдлийг бууруулах боломж” илтгэлээрээ шалгарч сая төгрөгөөр шагнууллаа.
Нэгдүгээр байрт шалгарсан “Хувийн хэвшилдэх цалин хөлсний системийг боловсронгуй болгох арга зам” илтгэлийн гол агуулга нь Хууль эрх зүйн орчноо сайжруулах, Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн зүйл заалтуудыг нэг мөр болгох, инфляцитай холбогдуулан цалин хөлсний асуудлыг жил бүрийн эхний улиралд авч үзэж, нэмэгдүүлэх хувь хэмжээг хамтын гэрээ, хэлцэл хийх замаар шийдвэрлэж байх үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгэх,
Мэргэжлийн ажилчдын үндсэн цалин болон ХХДХ-ний хоорондын зохистой харьцааг хангах, адил хөдөлмөрт тэгш шан хөлс олгох зарчмыг хэрэгжүүлэх үндэслэлийг бий болгох зорилгоор ажлын зэрэглэл тогтоох зэрэг асуудал дээр Засгийн газар, ажил олгогчдын болон ажилчдын төлөөллийн байгууллагуудын оролцоог боловсронгуй болгохыг чухалчилжээ. Харин илтгэгч С.Цолмон Монгол Улс дахь ажилгүйдлийн шалтгаан, үр дагавар болон ажилгүйдлийг бууруулах боломжийг ийнхүү харсан байна.
Тухайлбал, Ажилгүйдлийн үндсэн шалтгаанд уналтын буюу ойрын үед бий болоод байгаа уул уурхайн салбарын уналт, техник технологийн дэвшил, тухайн хүний ажил мэргэжил эрэлтгүй болох, дадлага чадвар дутах үед гардаг бүтцийн болон шилжилтийн ажилгүйдлүүд сүүлийн үед нэмэгдэж байна.
Иймээс бид эдийн засгийн голлох салбаруудын хэтийн өсөлттэй холбогдуулан хүмүүн капитал гэгдэх боловсон хүчний мэдлэг, ур чадварт анхаарах, төрөлжүүлэх, мэргэшүүлэх зэрэгт нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй гэжээ.
Шилдэг илтгэлийг шалгаруулах үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав үг хэлэхдээ, “Шинэчлэлийн Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Өмнөх жил үүдэд ид хөдөлмөрийн насны залуусынхаа тал хувийг гадаадад ажиллах хүч болгон илгээж, оронд нь ялангуяа барилгын салбарт ажиллагсдын 25 хувийг Хятадаас оруулж ирж байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байсан.
Энэ байдлыг халахын тулд МСҮТ-үүдэд мэргэжилтэй ажилчин бэлтгэж, тэднийг тогтвортой ажлын байраар хангаж, хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилгүйчүүдэд зуучлах болсноор хөдөлмөр эрхлэлтийн байдал сайжирч байна.
Манай яам цаашид энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэхийн тулд Хөдөлмөр судалгааны институт байгуулан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн зах зээлийн асуудлаар онолын болон судалгаа, шинжилгээ хийж, мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр хангах, хөдөлмөрийн салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллан үр дүнд хүрч байна” хэмээн онцолсон юм.
Өнөөдөр Монгол Улсад хөдөлмөрийн насны нэг сая 800 мянган хүн бий гэсэн тоо байдаг. Эдгээрээс 2013 оны дөрөвдүгээр сарын байдлаар 11 мянга гаруй хүн шинээр ажлын байранд оржээ.
Засгийн газар шинэчлэлийн бодлогын хүрээндээ Хөдөлмөрийн яамыг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус яам нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллах хүчний зохистой нөөцийг бий болгох, ажиллах хүчний өрсөлдөх, хөрвөх чадварыг дээшлүүлэх зэргийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.
Нэг хэсэг хөдөлмөрийн зах зээлд байгаа ажиллах хүчин гадаад орон руу өндөр цалинтай ажиллахаар явдаг байсан тэр урсгал сүүлийн жилүүдэд эрс буурсан статистик тоо гараад байгаа. Энэ бол эх орондоо хүссэн цалингаа авч сайхан амьдрах боломж нээгдэж байгаагийн нэг илрэл юм.
П.Дөлгөөн 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих