Д.Эрдэнэбат: Хэн нэгнийг огцруулах нь ажил сайжрахын нэр биш

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өглөө. АН- ын бүлэг юуны түрүүнд ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төслийн явц ямар байгаа талаар ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг чухалчилж байгаа гэнэ. Тэр утгаараа ажлын хэсгийнхэн хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, санал бодлоо солилцжээ.
Үүнээс гадна тус ажлын хэсэгт 60 гаруй зарчмын зөрүүтэй санал хэлэлцэж байгаа учраас дахин нягталж, хуралдах шаардлагатай гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат дуулгасан. Тиймээс ажлын хэсэг хуралдсаны дараа АН-ын бүлэг ээлжит бус хурал зарлаж, дахин сонсох нь зүйтэй гэдэгт саналд нэгджээ.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг цаашид хэлэлцэж батлах шаардлага байгаа талаар бусад улстөрийн намуудтай ойлголцолд хүрэх нь зөв гэдгийг мөн бүлгийн дарга хэллээ.
Харин Алтны ил тод байдлын тухай болон “Урт нэр”-тэй хуулийн төслийн хувьд яаран шийдвэр гаргах бус, бусад нам, эвслийн бүлгүүдтэй сайтар харилцан ойлголцох ёстой гэв. Д.Эрдэнэбат гишүүн энэ үеэр “ойлголцол” гэдэг нэрийн дор цаашдын эдийн засгийн өсөлт болоод төрийн бодлогыг алдагдуулж болохгүй гэдгийг онцлов.
Мөн бүлгийн хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээллийг сонссон байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэлд үндэслэн АН 2014 онд эдийн засагт бий болох бодит өөрчлөлтийн асуудлаар хэд хэдэн даалгавар авч байгаа гэж үзжээ.
Тиймээс эхний ээлжинд төсвийн шинэчлэл зайлшгүй хийх хэрэгтэй. Ээлжит чуулганаар 2014 оны төсвийн талаар хэлэлцэнэ. Төсөв хэлэлцэхээс өмнө 2013 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа эсэхийг Засгийн газар шийдвэрлэх ёстой аж.
Үүний дараа өнгөрсөн жилүүдийн ДНБ- ий өсөлтийн үнэ нь төсвийн орлого байна гэж хуульчилсан нь нийгэмд хэр бодитой туссан бэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй гэв. 2013 оны төсвийг 2012 оныхтой харьцуулахад ДНБ-ий өсөлт 40 гаруй хувиар нэмэгдсэн.
Тиймээс төсвийн орлого, зарлага хэр бодитой байсан эсэх, энэ хийсвэр өсөлт нь төсвийн зарлага, орлого, тэнцвэртэй байдалд хэрхэн нөлөөлсөн болохыг тооцож үзэх шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэжээ.
Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-”Урт нэр”-тэй хуулиар зөвшилцөнө гэсэн. Яг ямар асуудлыг авч үзэж байгаа вэ? 
-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь хэрэгжихгүй их удлаа. Энэ хууль Улстөрийн намын тухай хууль биш. Хууль батлагдсанаас хойш нийгэм, эдийн засагт гарсан эерэг, сөрөг зүйлийг дүгнэж үзэх шаардлагатай. Энэ хуулиас шалтгаалсан эдийн засгийн болон байгаль экологийн сөрөг үр дагавар байна.
Нийгэм, иргэдийн хооронд мэдээлэлгүйгээс болсон хуваагдал ч мөн бий. Монголчууд бид цөөхүүлээ. Энэ хуулиас болж бид хэн нэгнээ турхирч болохгүй. Бүлгийн хуралдаанаар мөн энэ асуудлыг авч хэлэлцсэн. Энэ хуультай холбоотойгоор ард түмнээ хоёр хувааж болохгүй.
Гагцхүү үйлдлийн буруу зөрүүг зөв дүгнэж үзэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнийг дагасан далд эдийн засгийн сөрөг үр дагавар маш өндөр байгаа учраас нухацтай авч үзэх шаардлагатай гэж АН-ын бүлэг үзсэн.
-Өнөөгийн эдийн засгийн байдалд АН-ын бүлэг ямар дүгнэлт өгч байна вэ. Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах тухай яриа гараад байна? 
-Хэн нэгэн сайдыг огцруулангуут ажил сайжирдаггүй. Харин бодлогын сайн, мууг ярих ёстой. Хөрөнгө оруулалт тасарсан эрсдэл бидэнд ирсэн. Үүнийг далимдуулсан улстөрийн ашиг хонжоотой АН эвлэрч чадахгүй. Үүнийг далимдуулж хэн нэгнийгээ цавчихыг хүлээн зөвшөөрөхгүй. Нөхцөл байдлыг бодитой харж үзэх шаардлагатай.
-Төсөвт тодотгол хийх шаардлагагүй юу? 
-Төсөвт тодотгол зайлшгүй хийнэ гэдэгт санал нэгдэж байна. Ялангуяа өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар хийж чадаагүй зүйлийг бид хасах ёстой. Хасалтаар 500-гаад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэх байх.
Д.Ангараг
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих