Б.Тулга: Химийн хаягдлыг боловсруулах үйлдвэр нэн түрүүнд шаардлагатай байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга нар Эрдэнэт хотод ажиллалаа.
Тэд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудал болоод буй цагаан тоос, аюултай хог хаягдлын талаар уурхайн ажилтнуудтай санал солилцлоо.
“Эрдэнэт” үйлдвэр нь баяжуулсан хүдрээсээ ердөө хоёрхон хувийн баяжмалыг гаргаж авдаг. Үлдсэн 98 хувь нь цагаан тоос болон үлддэг юм. Өдгөө 1245 га газарт энэхүү цагаан тоосыг агуулдаг далан бий. Салхи шуурга ихтэй үед цагаан тоос дэгддэг нь Эрдэнэтчүүдийн ганц зовлон. Энэ асуудлыг нааштайгаар шийдэж болох бүх боломжийг судлах чиглэлийг БОНХЯ-наас үйлдвэрийн удирдлагуудад даалгаад байгаа. Б.Тулга сайд ч энэ үеэр хаягдлын далантай танилцаж, байдлыг газар дээр нь сонссон юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс цагаан тоос дарах ажилд анхаарч байгаагаа тайлбарлалаа. Тэд бороожуулах, хөрсөөр хучих, лигнинээр хучих гээд олон аргыг хэрэглэж байгаагаа хэлсэн юм.
“Манай хаягдлын аж ахуйд үйлдвэрийн сүүлийн шатны үйл ажиллагаа явагддаг гэж болно. Эрдсийг нь авчихсан хүдрийг устай холиод гурван хоолойгоор нааш нь тээвэрлэдэг. Эндээ хураах, хадгалах, эргэлтийн усаар баяжуулах фабрикийг хангах чиг үүрэгтэй. Ерөнхийдөө нийт хүдрээс хоёр хүрэхгүй хувийг нь л эрдэс болгон авч байна. Жилдээ 26 сая тонн хүдэр олборлодог гэхээр бараг тэр чигээрээ энд ирж байна гэсэн үг. Ирэх жилээс дараагийнхаа даланг барина. Далангийн өндөр 95 метр, урт нь гурван километр. Одоо тоос босох нь харьцангуй гайгүй үе. Хавар намрын салхитай үед тоос их босдог. Бид тоосыг дарахад жил бүр хөрөнгө мөнгө төсөвлөж байна. Сая нэг компани ирээд туршилтын журмаар нэг га газрыг пилонкоор хучсан байгаа. Амжилттай болвол үргэлжлүүлэн хучна” гэж Хаягдлын аж ахуйн хэлтсийн дарга н.Бямбажав ажлаа танилцууллаа.
“Цагаан тоосыг тоос хэлбэрээр нь байлгаад байх уу түүнийг яаж ашиглаж болох вэ гэдэгт бүх байгууллагууд санаа оноогоо өгмөөр байна. Аж ахуй нэгж компаниуд, шинэ технологи оруулж ирдэг хүмүүс, аймгийн удирдлагууд бүгд үүнд анхаарал хандуулаасай. Хэдийгээр цагаан тоос нь асуудал юм шиг боловч зөв шийдлийг нь олвол бизнесийн том боломж болохыг үгүйсгэхгүй” гэж Дэд Сайд Б.Тулга хэлээд энэ чиглэлээр анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Түүний анхаарлаа хандуулсан дараагийн асуудал бол химийн бодисын ашиглалт, хаягдлын систем. Томоохон үйлдвэрүүд маш олон тооны химийн бодис ашигладаг. Дараа нь түүнийгээ ямар журмаар устаж байгааг тэрээр сонирхлоо. Ялангуяа химийн бодис агуулсан сав баглаа боодлыг хэрхэн устгадагийг сонирхсон юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд химийн бодисын хаягдлыг одоогийн байгаа хууль эрхзүйн хүрээнд устгадаг гэдгээ хэллээ. Харин сав баглаа боодлын хувьд тодорхой журам үгүйгээс хоёрдогч түүхий эдийн цэг рүү очиж, тэндээсээ иргэдийн хэрэглээнд шилжиж байгааг үгүйсгэсэнгүй. Энэ талаар Дэд Сайд Б.Тулга ийнхүү ярилаа.
-Химийн бодис агуулж байсан сав, баглаа боодлыг хэрхэн устгаж байгааг та нэлээд сонирхож асуулаа?
-Химийн бодисыг тээвэрлэдэг сав баглааг ахуйн хүрээнд хэрэглэсээр байна гэсэн гомдол ихээр ирдэг л дээ. Цаад утгаараа тэр сав баглаа боодлын дотор талыг маш хүчтэй бодисоор бүрсэн байдаг. Гэтэл энэ нь маш хортой нөхцөл байдал юм.
Ер нь химийн сав баглаа боодлыг аюултай хог хаягдлын ангилалд авч үздэг. Эдгээрийг устгах, дараагийн шатанд хүргэх орон байрыг яаралтай шийдэх цаг үе тулгараад байна. Та бүхэн санаж байвал өнгөрсөн хавар Багахангай дүүргийн ойролцоо хог хаягдлыг үйлдвэр барьтал түр хадгалах шийдвэр гарч байсан. Гэтэл орон нутгийн иргэдээс эсэргүүцэж болиулж байсан. Тэр хог хаягдлыг нэг дор бөөгнөрүүлэх, менежмент хийх боломжийг олгохгүй байснаараа бидэнд ямар эрсдэл тулгараад байна гэхээр бидний хажууд ажиллаж байгаа хими цэвэрлэгээний газар, зураг угаадаг газар, үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн хашаа, шүүгээ сав болгонд химийн аюултай бодис байна. Гэтэл дэд бүтэц нь байхгүйгээс химийн хорт бодисуудын дунд бид амьдраад байна. Бид лав нутаг дээрээ тийм үйлдвэр байгуулахгүй гэдэг. Өөр хаана байгуулах вэ. Тэр газрыг хордуулна гэсэн үг биш. Нарийн зөв менежментээр зөв технологиор үйлдвэрлэлийг бий болгоод эргээд орон нутагт нь ашиг өгөх боломж бий. Ер нь улсын хэмжээнд энэ алхмыг хийснээрээ нийтээрээ хордох аюулыг багасгана гэсэн үг.
-“Эрдэнэт” үйлдвэр энэ асуудлыг хэрхэн шийдэж байна?
-Одоо байгаа хууль эрхзүйн хүрээнд ажиллаж байгаа гэж байна. Гэтэл одоо байгаа хууль эрхзүйн орчин маань бүрэн төгс биш. Үүнийг сайжруулахаар манай яамны дэргэдэх Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл ажиллаж байна. Тэгэхээр энэ ажилд саад гараад байгаа нь үүний ач холбогдлыг шийдвэр гаргах түвшний хүмүүс дутуу үнэлж байна. Иргэдээ аюултай нөхцөлд амьдруулж байна. Химийн аюултай бодис үнэхээр газар сайгүй байна. Үйлдвэрлэл явуулж байгаа газар болгонд химийн аюултай бодис байна. Зөвшөөрлийг нь өгөөд байдаг. Хаягдлыг нь яах ёстой вэ гэхээр өөрсдөө устгах ёстой гэдэг. Гэтэл яаж устгаж байна гэхээр тодорхой хэмжээгээр саармагжуулсан болоод ахуйн хог хаягдалтай хольчихож байна шүү дээ. Тиймээс химийн аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг байгуулах, улмаар газрыг нь хаана барих вэ гэдгээс эхлээд асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэртэй танилцаад явж байна.
-Засаг ажил хийхээс гадна иргэдэд хор уршгийг нь ойлгуулах хэрэгтэй юм байна?
-Иргэдэд хор уршгийг нь ойлгуулмаар байна. Өвдөөд, хавдар тусаад байдаг. Гэтэл юунаас болоод байгаагаа мэддэггүй. Гэтэл тэдний худалдаж авч байгаа сүү нь химийн бодис ашиглаж байсан саванд ирээд байшингийн гадаа зарагдаж байхад нь тэр хүн аваад уучихсан байх магадлалтай л байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал үнэхээр хойш нь тавьж болохгүй чухал болчихоод байгаа юм.
Я.Хүрэлхүү
URL: