Ноён доллар “өөрөө” бууж өгөв
Нэгэн үе 1800 шахаж, иргэдийг “хямраасан” ам.долларын ханш эргээд буулаа. Иргэд тайвшрав. Харин улстөрчид тайвширсангүй.
Ам.долларын амыг сул тавьсан буруутныг олж шийтгэхээр ханцуй шамлаж байх шиг байна. Гэхдээ аливаа асуудалд голчийг барьж хандах нь муугийн ёс биш, монголын ёс. Учруулсан хохирол, үр нөлөөг нь харж байж буруутныг олох эсэхээ шийддэг нь дэлхийн жишиг.
Өмнө нь валютын ханш өсөх болгонд Засгийн газар, УИХ-тайгаа нийлж шахсаар Монголбанкаар интервенц хийлгэж байж санаа амардаг байв. “Ноён доллар”-ын яльгүй өсөлт л шатахуун тослох материалаар дамжин ард иргэдийн амьдралд маш мэдрэмтгий нөлөөлдөг байсан болохоор арга ч үгүй.
Энэ нь явсаар ард иргэдийн тархинд “Монголбанк”-д интервенц л хийчихвэл ам.долларын ханш сулардаг” гэсэн ойлголтыг төрүүлж орхижээ. Тиймээс саяын савлагааны үед “Монголбанк интервенц хийлээ” гэсэн үг өгүүлбэр сонсогдоогүй нь улстөрчдийн аазгайг хөдөлгөсөн бололтой.
Гэхдээ буруутан хайхаасаа өмнө Монголбанк интервенц хийлгүй өнгөрснийг “шалтгаан байгаа л биз” гэж орхиод ам.долларын үнийн өсөлтөөс болж Монгол Улсад ямар балаг учрав гэдэг асуудлыг ярих нь илүү оновчтой гэж санагдана.
Инфляцид хамгийн их нөлөөлдөг зүйл бол ам.доллар, шатахуун тослох материалын үнийн өсөлт байдаг. Манайхан ОХУ-аас бэлэн ам.доллараар шатахуун худалдаж авдаг учир ам.долларын ханш нэмэгдэхэд шатахууны үнэ нэмэгддэг. Шатахууны үнэ нэмэгдэхэд бүх бараа үйлчилгээний үнэ нэмэгддэг ийм л зарчим үйлчилж байлаа.
Тэр үед Засгийн газар ч, УИХ ч ам.долларын ханшийг тогтвортой байлгаж байж л шатахууны үнийг тогтвортой барина гэж ойлгодог байсан шиг байгаа юм. Тэгээд л “Монголбанкаа интервенц хийгээч, ам.долларын ханш өсөхгүй бол шатахууны үнэ өсөхгүй, шатахууны үнэ өсөхгүй бол өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй бол сонгогчид биднийг загнахгүй болох гээд байна” гэж түмэн зовлон тоочдог болсон байж таарна. Нөгөө талаараа, инфляцийг бууруулах, ядаж тогтвортой барьж байх нь Монголбанкны үүрэг учир үгэнд оромтгой байсан байж таарна.
Ам.долларын ханш өслөө, Монголбанк интервенц хийлээ, ханш буулаа. Үүнийгээ их л гавьяа байгуулсан мэт зарлацгаадаг байв. Гэтэл интервенц хийнэ гэдэг нь Монгол Улс валютын нөөцөөсөө тодорхой хэсгийг гаргахыг хэлдэг. Тэртэй тэргүй, долоо хоног болгон дотоод нөөц боломжоо шавхан интервенц хийсээр байгаа.
Харин ханшийн ийм огцом өөрчлөлтийн үед валютын нөөцөөс нэг дор их хэмжээгээр гаргах шаардлагатай болдог. Импортоор дагнадаг бизнесийн бүлэглэлүүд ам.долларын ханшийг зохиомлоор өсгөж иргэдийн дунд бухимдал үүсгээд тэднээр дамжуулан УИХ, Засгийн газарт шахалт үзүүлж, Монголбанкнаас ам.доллар салгаж авдаг байсныг ч үгүйсгэх аргагүй юм.
Иймэрхүү байдалтай байхад Шинэчлэлийн Засгийн газар асуудлыг өөр өнцгөөс харсан нэгэн алхмыг хийсэн билээ. Ам.долларын ханштай ноцолдохоосоо илүү шатахууны үнийг тогтвортой барьсан дээр гэж үзэж, импортлогч компаниудад валютын зээл олгох ажлыг Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн билээ.
Ам.долларын найдвартай, тогтвортой эх сурвалжтай болсон учраас сая ам.долларын ханш өсөхөд шатахууны үнэ тогтвортой байж чадлаа. Өмнө нь шатахуун нэмэгдэхэд дотоодын, импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэг адил нэмэгддэг байсан бол энэ удаа импортын бүтээгдэхүүнд л бага зэрэг нөлөөлөв. Шатахууны үнэ тогтвортой байлгахын тулд Засгийн газар, Монголбанкны авсан арга хэмжээний ач холбогдлыг ойлгож авцгаалаа.
2012 оны эхээр нефть бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд Монголын эдийн засаг нийтээрээ хүчтэй давалгаанд цохигдсон билээ. Тэр үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд төв банк валютын ханшийн өсөлтийг хазаарлаж тогтвортой барих талд тодорхой арга хэмжээ авч чадаагүй Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, мөн ажлын хариуцлага алдаж, газрын тосны бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийж чадаагүй гэсэн үндэслэлээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарт хариуцлага тооцох ёстой” гэсэн үгс бүхий шаардлага гаргаж байв.
Өөрөөр хэлбэл, валютын үнийн өсөлтийг барьж чадсангүй гэж биш, түүнээс нь шалтгаалж шатахуун тослох материалын үнэ нэмэгдсэн учраас л Монголбанкны Ерөнхийлөгчийг буруутгасан гэсэн утга байгаа юм. Валютын ханш өссөний үр дагаврыг харж асуудалд хандаж байсан хэрэг.
Сая болсон ханшийн савлагаанд яг энэ үүднээс хандвал Монголбанкийг буруутгах ямар ч үндэсгүй. Валютын үнийн өсөлтөөс болж шатахууны үнэ өсөх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, түүнээс болж иргэдийн амьдрал доройтсон юм алга. Тэгэхээр юугаа ярих билээ.
Импортын барааны үнэ бага зэрэг өссөн ч энэ нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын компаниудад дэмжлэг болж хувирсан. Монгол Улс валютын нөөцөөсөө их хэмжээгээр гаргаж цацсангүй. Ийм л явдал болоод өнгөрлөө.
Б.Болор
URL: