Урин намрын илгээлтийн эзэд цастай уралдаж үүргээ биелүүллээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сумын ногоочдод “Хамтын халуун сэтгэл” Нийгэмлэг, “Жактур” чөлөөт аялалын клубын 40 гаруй залуус өөрсдийн санаачлагаар намрын ургац хураалтын ажилд нь тусаллаа.
“Хамтын халуун сэтгэл” нийгэмлэгийн ерөнхий зохицуулагч Ч.Ганжавхлангийн хэлснээр “Энэ удаагийн аялалын зорилго нь Өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдүүдэд төмсөө хандивлах мөн хүн хүч дутмаг тариаланчдад туслах байсан. Харин бид цастай ам мөлтөс уралдан амжилттай аяллаа зохион байгууллаа” гэсэн юм.
Төв аймаг, Жаргалант сум
Мөн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан “За юу тайж” нийгэмлэгийн тэргүүн Т.Тамара хэлэхдээ “Өвөл хаяанд ирж хацар хайрч, дулаан хувцасаа өмсөх хэрэгтэй болоод байна. Гэтэл бидний ард дулаан хувцас битгийн хэл идэх уух зүйлгүй, амьдрах орон гэргүй гэр бүл, өнчин хүүхдүүд зөндөө байна.
Харин манай нийгэмлэг 25 нэн ядуу өрхийг орон байраар хангаж, “Хамтын халуун сэтгэл” нийгэмлэг гэр оронгүй хүүхдүүдэд зориулж Улиастайд Эмээгийн цэцэрлэг байгууллаа. Амралтын өдрүүдээр хураасан төмсөө тэдэнд бага ч гэсэн нэмэр болгож өгөөд сайхан байна” хэмээлээ.
Ямартай ч “Жактур” клубын эхлүүлсэн энэхүү сайн үйлсийн ажил нь олон залуусыг өөрсдөө санаачлан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байхыг уриаллаа.
Бэлтгэсэн: Б.Өнөржаргал
URL: