“Бүтээн байгуулалтын цаг”-аар гарааны жилдээ хийсэн ажлаа танилцуулав
Өнгөрсөн долоо хоногт аль салбарт ямар ажил хийж бүтээв гэдгээ ярилцдаг “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр иргэдээс Засгийн газрын 11-11 төвд түлхүү ирсэн барилгын салбартай холбоотой асуудлуудыг тойрон өрнөлөө.
Засгийн газар Монгол банк хамтарч барилгын гол нэрийн материалуудын үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт цементийн үнэ өссөн байна. Энэ асуултад хариулт өгөхийг Барилга, хот байгуулалтын сайдаас Ерөнхий сайд хүслээ.
9 дүгээр сарын эхээр цемент нийлүүлдэг үйлдвэрүүдэд засварын ажил хийгдсэн, ачилт саатсан шалтгаанаар цементийн үнэ гурав хоногийн турш 200 000 төгрөгт хүрсэн. Гэхдээ энэ хугацаанд үнийг 200 000 төгрөгөөр зарлаж байсан боловч ийм ханшаар нэг ч тоннын арилжаа хийгдээгүй.
Ачилт хэвийн болсноор одоо үнэ тогтворжсон гэсэн тайлбарыг Барилга, хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан хийлээ. Орон сууцны үнэ ханшийн сүүлийн үеийн мэдээгээр Улаанбаатар хотын захын хорооллуудад баригдаж байгаа барилгын нэг ам метр талбайн үнэ 1 100 000-1 500 000 төгрөг байгаа бол хотын төвийн хорооллуудад 3 000 000 хүрч байгаа тохиолдол байна.
Энэ нь барилгын компаниуд, хөрөнгө оруулагчдын тогтоож байгаа үнэ. Барилгын материалыг импортоос хамааралгүй болгож материалын үйлдвэрлэлийг дэмжих нь орон сууцны үнийг бууруулах гол арга замуудын нэг юм.
10 дугаар сарын сүүлчээр сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр ашиглалтад орж, цаашдаа 2015 оноос дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно. Ингэснээр орон сууцны үнэ тогтворжино гэлээ. 2012 онд 11 400 айлын орон сууц барьж байсан бол энэ жил 14 000 айл орон сууцанд орох боломжтой болж байна.
Дараа нь Ерөнхий сайд Нийслэлийн удирдлагуудаас Нисэхийн цагаан хаалгыг буулгасан тайлбарыг сонслоо. Цагаан хаалга 1957 онд баригдсан бөгөөд Яармагийн гүүрээс нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын ажлын зурагт орж байгаа учраас НИТХ-аас нураах шийдвэр гаргажээ.
Энэ хаалгыг Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлын авто замын дагуу Айдасын даваа орчимд дахин барина хэмээн яригдаж байсан боловч НИТХ-аас дахин барихгүйгээр шийдвэрлэсэн байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил боллоо. Засгийн газар гарааны жилдээ хийж бүтээсэн 400 гаруй ажлаас иргэд олон нийтэд түгээмэл ач холбогдолтой 115 ажлыг түүвэрлэсэн эмхтгэлийг Ерөнхий сайд энэ үеэр танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: