ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг 10 сарын 15-нд нээнэ
Нийслэлд зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.Нийслэлийн автозамын газрын захиалгаар хийгдэж байгаа 39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын засварын ажил өнөөдөр дуусч, хөдөлгөөнийг 23:00 цагаас нээх юм.
“Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” захын далан дагасан зам хүртэлх 400 метр замыг үргэлжлүүлэн 10 хоног хааж хучилтын ажил хийнэ. Мөн “Зүүн 4 зам”-ын уулзварын зүүн талын хойд урсгалд 100 метр замын хөдөлгөөнийг өнөө орой 22:00 цагт хааж, хучилтын ажлыг гүйцэтгэж, 9 сарын 25-ны 22:00 цагт нээхээр төлөвлөж байна.
Харин Гудамж төслийн хүрээнд Гэмтлийн эмнэлгээс доош уруудсан замыг I хорооллын арын замтай холбох ажлын явц 53 хувьтай байгаа бөгөөд зам засварын ажлыг “Экспрессзам” ХХК гүйцэтгэж байна. Зам засварын ажил гэрээ ёсоор 10 сарын 15-ны өдөр дуусна.
Харин 25-р эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “БиТиӨү” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд засвар шинэчлэлтийн ажил 75.2 хувьтай байна. Яармагийн замыг “Атар Өргөө” ХК-ийн урдаас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл “Наранбулаг Хан” ХХК засаж, гэрээт хугацаагаар 11 сарын 10-нд хүлээлгэн өгнө.
Харин ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Монроуд” ХХК гүйцэтгэж байна. ТЭЦ-3-ын уулзварын хэсгийг 10 сарын 15-ны өдөр нээх гэрээтэй боловч өнөөдөр асфальт хучилтаа хийснээр төлөвлөж байсан хугацаанаас өмнө ашиглалтад өгнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: