Нүүрсээр хөлжсөн тэрбумтнууд нөхөн төлбөр төлөх учиртай
Манай улсад уул уурхайн салбар хөгжөөд 90 орчим жил болжээ. Сүүлийн хэдэн жилд бүр ч эрчимтэй эргэлтэнд орсон гэж хэлж болно. Тэгвэл уул уурхайг эрчимтэй эргэлтэнд оруулснаар ард иргэд бид юу хожив?
Энэ асуултанд хариулах гээд үзье. 2011 онд улсын нэгдсэн төсвийн нийт орлого 3,3 их наяд байсан бол 2012 онд урьд хожид байгаагүйгээр их болсон буюу 5,8 их наяд болж нэмэгдсэн байна. Үүнээс харахад, бид нэг үеэ бодвол хэсэгхэн хугацаанд ч гэсэн мөнгөтэй болсон байх юм.
Хэсэгхэн хугацаанд гэх учир нь одоо бид эдийн засгийн зогсонги байдалд орчихоод байгаатай шууд холбон ойлгож болно. Нэг үгээр хэлэхэд, монголчууд бид уул уурхайгаас олсон орлогоо хямгадаж чадсангүй ээ.
2013 оны төсвийн алдагдал л гэхэд 1,5 их наяд төгрөгөөр хэмжигдээд байгаа талаар үндэсний статистикийн хорооноос мэдээлж байгаа юм. Тэгвэл нөгөө талд уул уурхайг эргэлтэнд оруулснаар юугаа алдсан бэ гэдэг бас нэгэн томоохон асуулт гарч ирж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд огт нөхөн сэргээгдээгүй 36 мянган га газар үлджээ. Энэ бол манай улсын нийт хүн амыг хоёр дахин нэмэгдүүлээд хүн тус бүрт 7 га газар өгсөнтэй тэнцэх хэмжээний том газар.
Хотод газар олдохгүй байхад хөдөөд уул уурхайн балгаар газар нутаг дахин сэргээгдэхгүйгээр талхлагдаж, сүйтгэгдэж, эзэнгүйдэж байна. Тэгвэл бид цаашдаа энэ байдлаараа явсаар л байх уу?
Хэдийгээр манай улсын төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг ч гэлээ, мөнгө хэрэгтэй байна гээд амьдрах орчноо үгүй хийж, байгалиа мөхөөгөөд байж болохгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс уурхайн баялгийг ашиглаж хувь хүртсэн хэнбугай нь ч байгаль орчиндоо нөхөн сэргээлт хийж байх ёстой.
“Энержи ресурс” ХХК ба орон нутгийн “Таван Толгой” ХК байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 154,1 тэрбум төгрөг төлнө
Өмнөговь аймгийн Таван толгойн ордоос Гашуун сухайтын боомт хүртлэх 254 км замаар орон нутгийн “Таван Толгой” ХК 2005 оноос эхлэн нүүрс зөөж эхэлсэн байдаг. Харин “Энержи ресурс” ХХК 2008 оноос эхлэн тээвэрлэлтээ хийж эхэлсэн. Чухамхүү нүүрс тээвэрлэж эхэлсэн арваад жилийн хугацаанд дээрх компаниуд технологийн байтугай хатуу хучилттай замаар биш зүгээр л шороон замаар нүүрс зөөж өдийг хүрсэн нь говийн эмзэг хөрсийг нүд халтирам болтол нь сүйтгэхэд хүргэжээ.
Уртаашаа 254, өргөөшөө 10 гаруй км зам бараг л дахин сэргэхгүй болтоо талхлагдаж, нүүрсээр хучигдсан байдаг бөгөөд тэр хавийн айл өрхүүдийн малын дотор эрхтэн тас хар гардаг болоод удаж байгааг нутгийн иргэд ч төр засгийн удирлагууд ярьдаг.
Түүнчлэн, хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх хамгийн их зөрчигдөж байгаа газар гэж говийн бүсийг нэрлэж болно. Тиймээс 2011 оны 5-р сард тухайн үеийн байгаль орчны сайд Л.Гансүх нүүрсний зам дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох тухай тушаал гаргаж байсан бөгөөд уг тушаалын дагуу албаныхан эрчимтэй ажилласны дүнд нүүрсний зам дагуух байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг 154,1 тэрбум төгрөг гэсэн тооцоо гаргасан байдаг. Нэгэнт хохирлын хэмжээг тооцож гаргасан учраас дээрх мөнгийг холбогдох газруудаас нэхэж, байгаль орчны нөхөн сэргээлтэнд эргүүлэн зарцуулах ажил хамгийн чухал байлаа.
Нүүрсний замын шүүх хурал хоёр удаа хойшлов
Нүүрсний зам дагуух байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлүүлэх тухай шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүх танхимд болох байсан ч удаа дараа хойшилсон байдаг. Шүүх хурал хойшилсон шалтгаан нь энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх талаарх туршлага, шүүхийн практик өмгөөлөгч, хуульчдад дутагдаж байсантай холбоотой. Түүнчлэн хамгийн гол шалтгаан бол хариуцагч талууд шүүх хурлын явцад олон талын маргаан үүсгэж байснаас үүдэлтэй.
Тухайлбал, тус нүүрсний замаар Эрдэнэс Таван Толгой, Орон нутгийн Таван Толгой ХК, Энержи ресурс ХХК болон бусад зам тээврийн компаниуд, хувь хүмүүс тээвэр хийдэг байхад яагаад зөвхөн орон нутгийн Таван Толгой ХК, Энержи ресурс ХХК гэх хоёр компаниас хохирлыг нэхэмжилж байгааг хариуцагч тал тодруулахыг хүсч, чухам үүн дээр л ихээхэн нээнтэглэж байж.
Гэтэл ашигт малтмалын тухай хуульд зааснаар, олборлогч компани өөрөө баялгийг экспортонд гаргах эрхтэй байдаг тухай заасан байдаг. Нэгэнт “Таван толгой”-н ордоос нүүрс олборлож байгаа нь дээрх хоёр компани учир тээврийн компаниуд биш олборлогч компаниуд хариуцлага хүлээх нь гарцаагүй гэсэн үг. Чухамхүү энэ үүднээс л нүүрсний зам дагуух байгаль орчинд учруулсан хохирлын 154,1 тэрбум төгрөгийг Орон нутгийн “Таван Толгой” ХК, “Энержи ресурс” ХХК -иас нэхэмжилсэн болж таарах нь. Мөн энэ удаад, 2011 оны 7-р сар хүртлэх хугацаанд тээвэрлэлт хийснээс үүдсэн хохирлыгч үнэлж тогтоосон байна. Гэтэл Эрдэнэс Таван Толгойн экспорт дээрх хугацаанаас хожуу буюу тус оныхоо найман сард анхны экспортоо хийсэн нь энэ удаагийн шүүх хуралд хариуцагчаар татагдаагүй гол үндэслэл болжээ.
Шүүхийн шийдвэр бол эцсийн шийд байх ёстой
Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ оны 8-р сарын 8-нд болсон хуралдааны төгсгөлд, нүүрсний зам дагуу байгаль орчинд гарсан хохирлын 154,1 тэрбум төгрөгийн 60 хувийг Орон нутгийн “Таван Толгой” ХК, үлдсэн 40 хувийг “Энержи ресурс” ХХК төлөх ёстой гэсэн тогтоол гарчээ. Хэдийгээр энэ нь анхан шатны шүүх хурлын тогтоол ч гэлээ манай улс түүхэндээ бараг анх удаа уул уурхайн компаниудад хариуцлага тооцохоор оролдож эхэлсний жишээ юм.
Улстөрчид, эрх мэдэлтнүүдтэй “халаас нэг” уул уурхайн салбар эрүүлжиж, хариуцлагатай болсноор эх орны хөгжил цэцэглэлтэнд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй юм. Эцсийн дүнд монголчууд бидэнд уух ус, амьсгалах агаар, газар нутаг, амьдрах эрүүл байгаль хэрэгтэй. Үүнийгээ л хаа хаана мартах ёсгүй юм. Мөнгө хэрэгтэй гээд амьдрах орчноо сүйтгээд байх нь амиа хорлосноос ялгаагүй биз ээ.
Байгаль орчны хуульчдын холбоо олон жил шүүхдэлцсэний эцэст байгаль орчин сүйтгэсний нөхөн төлбөрт 154,1 тэрбум төгрөг гаргуулах заргаа авч чадлаа. Сүхбаатар дүүргийн шүүгчид эх оронч байж, хуулийн дагуу ажиллан хэн нэгний нөлөөнд автахгүй байж чадлаа. Энэ бол амжилт. Дараа дараагийн шатны шүүхийн шийдвэр мөн л хуулийн дагуу гарах болтугай. Шүүхийн шийдвэр бол эцсийн шийд байх ёстой.
ETV телевизийн сэтгүүлч М.Бүжинлхам
URL: