Турк сөнөөгч онгоцонд 33 тэрбум доллар зарцуулна

Турк сөнөөгч онгоцонд 33 тэрбум доллар зарцуулна

Туркийн Батлан хамгаалах яам ойрын жилүүдэд TF-X сөнөөгч онгоц бүтээх, худалдан авахад зориулан 33 тэрбум ам.доллар төлөвлөсөн талаар “Дефенс Ньюс” цахим хуудас мэдээлжээ. Түүнчлэн Америкийн F35 сөнөөгч онгоц худалдан авах ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдвал цэргийн нисэх хүчинд зарцуулах зардал 50 тэрбум хүртэл өсөх гэнэ.

Урьдчилан төлөвлөснөөр цэргийн шинэ онгоц бүтээхэд найман жил зарцуулагдаж, арван тэрбум шаардлагатай болох юм байна. TF-X сөнөөгч онгоц туршиж, хүлээн авсны дараа 200 ширхэгийг тус бүр нь 100 сая ам.доллараар худалдан авснаар энэхүү төслийн нийт өртөг 31-33 тэрбум ам.доллард хүрнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Туркийн Батлан хамгаалах яам энэ оны зургаадугаар сарын эхээр Шведийн Saab компанитай гэрээ байгуулсан бөгөөд шведүүд цэргийн шинэ онгоцны гурван хувилбарыг гаргаад байгаа гэнэ. Тэд энэ хувилбаруудаа тун удахгүй Туркийн талд танилцуулж, тэдгээрээс Туркийн Батлан Хамгаалах Яам сонголтоо хийх юм байна. Батлагдсан загварын дагуу бүтээгдэх шинэ цэргийн онгоцыг 2021 оноос эхлэн үйлдвэрлэж анхны нислэг 2023 онд буюу Турк улс үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Харин 2025 онд Туркийн Агаарын цэргийн хүчинд сөнөөгч онгоцнуудын эхний ээлжийнхийг, 2035 онд сүүлийн ээлжийг хүлээлгэж өгөх гэнэ.

Б.Ананд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих