Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн фестивальд өрсөлдөнө
БНСУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн холбоо Азийн 12 хүртэлх насныхны фестивалийг аравдугаар сарын 3-6-нд Инчон хотноо зохион байгуулна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ”Их талын дуулиан” ТББ-аас энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн дэргэдэх “ДМЮ” клубийн 11 хүртэлх насны багт олгожээ.
Энэхүү баг энэ жил “Их талын дуулиан” Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх футзалын “Дуулиан-2020” болон Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн улсын аваргад түрүүлсэн юм.
Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн фестиваль Инчон хотын Сонгдо дүүргийн “LNG Sports Complex Park”-т болно.
Тэмцээнийг зохион байгуулагчид тивийн 42 улсад урилга илгээжээ. “ДМЮ” спорт клубийн баг тамирчдын фестивальд оролцох зардлын тодорхой хувийг Б.Батзаяа захиралтай “Хүчит Чулуут” ХХК ивээн тэтгэж байгаа юм байна.
Б.Ирээдүй
URL: