“Рио-Тинто” компанитай хэлэлцээр хийнэ
“Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн Лондонд өнөөдөр “Рио Тинто” компанийнхантай хэлэлцээрийн ширээний ард суух юм байна.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн нар Лондонг хоёр хоногийн өмнө зорьжээ. Засгийн газрыг “Рио Тинто”-гийн тавьсан саналыг хүлээж авахгүй байхыг анхааруулж УИХ-ын гишүүдээс шаардах бичиг хүргүүлээд байгаа. Монгол Улс 5.7 тэрбум ам.доллар, мөн менежментийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-д нэмж өгөх өрөнд унана. Үүгээр ч зогсохгүй зээлийн барьцаанд Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь өгөх эрсдэл хүлээж буйг шаардах бичигт тусгасныг УИХ-ын гишүүд онцолжээ. Тиймээс энэ удаагийн “Рио Тинто” компанитай хийх хэлэлцээр өмнөх хэлэлцээрүүдээс ур ухаан шаардах болж байна.
Б.Заяа
/Монцамэ агентлаг/
URL: