Хулгайч нарыг шүтэх гэж үү

Хулгайч нарыг шүтэх гэж үү

Хулгайч нарыг шүтэх юм гэж үү… гэсэн гөжүүд асуулт толгойд минь эргэлдэнэ. Учир нь Шилийн сайн эрсийн хөшөөт цогцолборыг байгуулахаар болжээ.

“Хөх тэнгэрийн зам” компанийн санаачилгаар дээрх төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тодруулбал, Манжийн дарлалын үед улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь насаа үл хайхран тэмцсэн Монголын шилийн сайн эрсийн гавьяа зүтгэлийг үнэлж, нийтэд сурталчилан таниулахад оршиж байгаа талаар төслийг санаачлагч компанийн төлөөлөл ярьж байсан.

Цогцолборыг шилийн сайн эрсийн хуран чуулдаг байсан Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь Шилийн Богд хайрхнаас долоон км зайтай босгох аж.

Дээрх цогцолборын хөшөө нь 16 хөтөлгөө морьтой шилийн сайн эрс нар, сар, гал дээр цуглаж байгаагаар хийгдэх юм байна. Үүнээс гадна Шилийн Богд орчмын 7.5 га газарт ойн зурвас татах эко төлөвлөгөө гаргажээ. Энэ тухай сонссон зарим нэгний хувьд “Нохойнд хүртэл зориулж, хөшөө босгож байхад Шилийн сайн эрсийн дурсгалыг мөнхлөх нь зөв шүү дээ” хэмээн сэтгэл хангалуун байгаа харагдсан. Энэхүү төслийг өөр өнцгөөс харвал “хулгайч нарыг шүтэж амьдар” гэж байгаагаас өөрцгүй. Учир нь Шилийн сайн эрсийн хөшөөт цогцолборыг үзэж сонирхохоор ирсэн жуулчдад юу гэж тайлбарлах вэ.

Үнэндээ бол Шилийн сайн эрс гэдэг чинь хулгайч нар байсан юм гэх үү. XVII зууны сүүл үед Дарьгангад Халх, Цахар, Ойрад ястан суурьшсан гэдэг. Улмаар Дарьгангачууд гэх цоо шинэ ястан бүрэлдэн, бий болжээ. Харин Дарьгангачуудын бахархал, шүтээн болсон зүйлсийн нэг нь “Сайн эрс”. Сайн эрс гэж чухам хэнийг хэлэх вэ гэдэг дээр эрдэмтэн, мэргэд маргалдсаар ирсэн. Зарим нь “Сайн эрсийг одоогийн малын хулгайч нартай зүйрлэх учиргүй, тэд бол улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө Манжийн ноёдын эсрэг тэмцэж явсан хүмүүс” хэмээн бичсэн байдаг.

Гэхдээ дийлэнх нь Сайн эрс бол тухайн цагтаа хулгай, дээрэм хийж, хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө ял шийтгэл хүлээхгүйн тулд хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг байсан тухай тэмдэглэж үлдээсэн байдаг юм билээ. Үүнээс харахад Шилийн сайн эрс гэдэг нь үнэндээ бол хулгайч нар байжээ. Хэдийгээр үлгэр, домогт баяд, ноёдын адуу малаас авч, ядарсан ард иргэдэд тараадаг байсан тухай өгүүлдэг ч тухайн цаг үедээ тийм гавьяатай хүмүүс байсан уу гэвэл эндүүрэл.

Тэгээд ч түүхийн судар бичигт Шилийн сайн эрсийн тухай сайнаар дурьдсан нь ховор. Үнэндээ бол хүний эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авсан л бол хулгайн хэрэг. Баяд, ноёдын эд хөрөнгөөс авсан юм чинь хулгайн хэрэгт тооцогдохгүй гэвэл ташаарал. Гэтэл орчин цагт энэ бүхнийг хүндэлж, шүтэх шаардлага бий гэж үү. Эсвэл хулгай хийх нь хийморьлиг явдал гэж байгаа юм уу. Яах вэ, дээрх төсөлд нэг талаараа давуу тал байгааг үгүйсгэх аргагүй.

Давуу тал нь гэвэл мэдээж аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж болох юм. Учир нь гадаад, дотоодын аялагчдад зориулан Улаанбаатар хот-Сүхбаатар, Шилийн Богд-Талын агуй, Торой Бандийн хөшөө, Ганга нуур, Алтан овоо гэсэн нар зөв тойрсон аяллын маршрут гаргасан юм билээ. Тиймээс ч энэ төслийн хүрээнд жуулчдын нүд, сэтгэлийг баясгах сайхан цогцолбор байгуулчихвал орон нутагт ч, улс оронд ч аль алиндаа ашигтай бүтээн байгуулалт болох магадлалтай. Гэхдээ Шилийн сайн эрсээс өөр түүхэн цогцолборт мөнхрөх гавьяатнууд байгааг мартах учиргүй.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих