Зэс, алтны үнэ огцом өсөхгүй
Голлох металлууд болох алт, зэсийн үнэ олон улсын металлын биржүүд дээр хэлбэлзэлтэй байна.
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн боловсруулсан зэс 7300 ам.доллар буюу өмнөх өдрөөс 6.25 нэгжээр унасан үзүүлэлттэй байна.
Уг нь зуны гурван сарын хугацаанд тус металлын дундаж үнэ 7444 ам.доллар /долоодугаар сард/ байсан бол өнөөдөр эл ханш 144 ам.доллараар буурчээ. Тэгвэл зэсийн үнэ цаашид тийм ч огцом өсөхгүй гэдгийг шинжээчид онцолж байна.
Учир нь зэсийн гол хэрэглэгч болох БНХАУ-аас ихээхэн хамааралтай байгаа аж. Тодруулбал, тус улсын зэс хайлуулагч зарим үйлдвэр зогссон, ихэнх нь бүрэн хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулж чадахгүйгээс болж үнийн өсөлтийг хязгаарлах хандлага ажиглагдаж эхэлжээ. Нөгөөтэйгүүр 2013 оны эхнээс зэсийн зах зээл дээр илүүдэл үүсч эхэлсэн нь үнийг өсгөхгүй байх том шалтгаан болж буй гэнэ. Зэсийн илүүдэл үүсэхэд 2012 оны X-XII сард боловсруулсан зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэлээд хэмжээгээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Ямартай ч ойрын хугацаанд зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 6900-7200 ам.доллар, Шанхайн бирж дээр 8100-8400 ам.долларын /тонн/ хооронд хэлбэлзэх хандлагатай байгаа аж.
Харин алтны үнийн хувьд сүүлийн өдрүүдэд дараалан уналттай байна. WWW.BBC.COM сайтын металлын үнийн буланд 1355.55 ам.доллар буюу өмнөх өдрөөс -8.25 нэгжийн уналттай байв.
Түүнчлэн Лондонгийн бирж дээр 1365-1326 ам.доллар болтлоо уналаа. Өмнөх оны аравдугаар сараас эхэлж буурсан алт, мөнгөний үнэ өнөөдрийг хүртэл бууралттай буй гол шалтгаан нь АНУ болон зүүн өмнөд Азийн бүс нутгаас ихээхэн хамааралтай гэнэ. Оны эхний хагас жилийн алтны үнийн байдалд АНУ-ын эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг болон бусад зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээний сул байдал сөргөөр нөлөөлж байв.
Холбооны нөөцийн газраас АНУ-ын төв банк хөдөлмөрийн зах зээл тогтвортой болтол сард 85 тэрбум ам.доллараар бонд худалдан авах ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдэж байсан нь алтны үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх хандлагатай байлаа. Гэвч тус газраас хийсэн бусад мэдээллээс харахад зарим улстөрчид бонд худалдан авах явцыг удаашруулж оны эцэс гэхэд энэ хөтөлбөрийг зогсоох тухай мэдээлсний дараагаар алтны үнэ тогтмол нэгээс хоёр хувийн бууралттай байгаа юм.
Мөн Кипр улс 400 сая евро босгохын тулд алтыг их хэмжээгээр борлуулж эхлэх гэж буйг Европын холбооноос мэдэгдсэн нь алтны үнийн бууралтад гол нөлөө үзүүлсэн аж. Нөгөөтэйгүүр уг металлын үнийн бууралтад дэлхийн эдийн засгийн удаашрал, Хятад болон зүүн өмнөд азийн орнуудын хэрэглээний сул байдал голлох нөлөө үзүүлэхийг аналистууд онцолжээ.
Энэ он гарахаас өмнө шинжээчид уг хоёр металлын үнийн 2013 оны хандлагыг янз бүрээр тайлбарлаж байсан. Манай улсын хувьд энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтаас төсөвт нийт 1257.12 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэх өөдрөг төсөөлөл бий. Үүнд 19.7 тонн алтнаас татварт 121.5 тэрбум төгрөг оруулахаар тооцсон байгаа. Дашрамд дурьдахад цахим хуудсуудад дээрх хоёр металлын талаар зургаан банк болон олборлогч компаниуд, хувь шинжээчид өөрсдийн төсөөллийг гаргаж байсан нь өнөөдөр талаар боллоо. Хэлбэлзэл нь тэдний шинжсэнээр унци алт 1650-2200 ам.доллар гэж байв.
Тухайлбал, Citigroup-ийн шинжээч Д.Вилсон унци алтны үнэ 2013 онд 1695, Standart Chartered bank-ийн Д.Смит 1900, Deutsche bank-ийн Д.Бхебнер 2050, Credit Suisse group-ийн Т.Кендалл, BNP Paribas-ийн А.Трембли 1900, Westpac bank-ийн Ж.Смирк 1650, Bank of America Merrill Lynch-ийн М.Видмер 1750 ам.доллар байна гэж өөрсдийн тайлбараар хэлж байлаа.
Л.Баатархүү
URL: