Хиймэл амьсгаа хийж, хамрын цус тогтооход суралцах цаг болж
Японд айхтар Цунами болж, олон мянган иргэн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байсан нь саяхан. Гэхдээ тэр үед олон мянган хүн амьд гарсан. Хамгийн сонирхолтой нь амьд гарсан хүний цөөнгүй хувийг иргэд аварсан тухай япончууд ярьсан байсан. Үндсэндээ бүх иргэд нь анхны тусламж яаж үзүүлэх талаар цогц мэдлэгтэй байдаг учир гамшгийн үеэр асар олон хүн амьд үлдэж чадсан юм билээ. Энэ бол зөвхөн нэг л жишээ.
Өөр олон улс оронд ийм зүйл тохиолдож байсан тухай жишээг дурьдаад байвал барагдахгүй. Дээрээс нь гадаадын ихэнх оронд айл өрхүүд гэнэтийн зүйлд үргэлж бэлэн байдаг. Хамгийн наад зах нь хамаг юмаа даатгахаас эхлээд гэртээ гал унтраагч хүртэл аваад тавьчихдаг. Цаашлаад иргэд мэдвэл зохих хамгийн энгийн анхны шатны мэдлэгүүдийг эзэмшсэн, сурсан, дадал болгосон байдаг юм билээ.
Яагаад ийм жишээ аваад байна вэ гэхээр, манай улсын иргэд ямар ч чадваргүй, мэдлэггүй, чадавхгүй байгааг харьцуулж харуулах гэсэн хэрэг.
Өнөөдөр Монголд чадвартай хүн үнэхээр цөөхөн байгаа нь үнэн. Уг нь улсын хэмжээнд 100 орчим их, дээд сургууль байгаа. Толгойтой бүхэн дээд боловсрол эзэмшиж, хуульчаас эхлээд том том мэргэжил эзэмшиж байна. Бүх хүн энэ төрлийн мэргэжил эзэмшиж байгаагийн горыг бид одоо амсч, тоосго сайхан өрөөд, юуг ч гагначихаж чадах нарийн мэргэжлийн ажилчин алга болчихоод байгаа билээ. Дээрээс нь хүн бүр л дээд боловсролын диплом өвөртөлсөн болж байгаа болохоос ямар ч чадваргүй, чадавхгүй байсаар л. Ядаж л анхан шатны тусламж үзүүлчих чадвартай хүн хэд байгаа вэ гээд асуувал хариулт олж чадахгүй биз. Худал хэлсэн хүнд анагаахын сургууль төгссөн нөхдүүд ч анхны тусламж үзүүлэх чадваргүй шахуу байгаа юм. Ядаж байхад анхны тусламжийн хайрцагтай айл гэж ширхэг ч алга.
Манай улс далай, тэнгистэй ойр, эсвэл дайн байлдаантай орнуудыг бодвол харьцангуй тайван. Гэнэтийн аюул үнэхээр бага гардаг. Гал, үер ус, цас зудыг эс тооцвол шүү дээ. Яах вэ, хүний эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн зүйлүүд байж таарна. Гэнэт ухаан алдах, цус харвах, зүрхний хэмнэл алдагдах, хахах энэ тэр гээд гэнэтийн зүйл байгаа. Гэтэл гал гарах үед ч түймэр яаж унтраах тухай анхан шатны мэдлэгтэй хүн үнэхээр цөөхөн.
Ганцхан жишээ татахад, зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд жилдээ 300 гаруй айл шатдаг гэсэн тоо баримт байна. Цаашлаад нийслэл, улсын хэмжээнд ярьвал багагүй тоо гарна. Гэтэл гал түймэр гарч байгаа шалтгааны цөөнгүй хувийг цахилгааны гэмтэл эзэлдэг гэж байгаа. Тийм байтал иргэдийн 95 хувь нь цахилгааны гэмтэл гарах үед хэрхэн хамгаалах, салгах талаар огт мэдлэггүй байдаг аж. За тэгээд гал түймэр гарлаа гэхэд элс цацах уу, ус асгах уу гэдгээ ч сайн ойлгодоггүй. Түймэр гараад, хэтэрхий их халсан төмөр рүү ус цацаад, өнөөх нь цоргиод, нүүр амаа шалзалсан тохиолдолд ч багагүй байдаг юм билээ. Нөгөө талаар ус цацахдаа ч зохион байгуулалтад орж чаддаггүй. Гадныхан гал түймэр гарлаа гэхэд жагсч зогсч байгаад хувингаа дамжуулаад галаа унтраадаг гэж байгаа. Гэтэл манайхан нэг нэг хувин барьж энд тэнд тэвдэж гүйж байгаад таардаг гэнэ. Ямар ч зохион байгуулалт, чадвар, мэдлэг байхгүйн хар гай.
Дээрээс нь өнөөдрийн Улаанбаатарт хүний бие муудлаа гэхэд түргэн тусламж очих гэж “үлгэр, домог” болох шахдаг. Гэр хорооллын эмх замбаараагүй байдал, төлөвлөлтгүй байдлаас болж тийм байдалд хүрч байгаа шүү дээ. Т үүнээс биш түргэн тусламжийнхан удаан, хойрготоо ч биш. Гэтэл хэчнээн хүн түргэний машин хүлээж байх зуураа нас барсан бол.
Гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл иргэн бүр анхны тусламжийн мэдлэгтэй, гэртээ анхны тусламж үзүүлэх хэрэгсэлтэй, савтай байсан бол хэдэн хүн эмнэлгийн тусламж аваад, амьд мэнд үлдэх байсан бол гэдэг асуулт ч гарч ирнэ. Энэ чинь л ядаж эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чадвар хэчнээн хэрэгтэй гэдэг харуулаад байна.
Арай өөр жишээ аваад үзье. Улаанбаатар хотын хүн ам тэлэхийн хэрээр замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо геометр прогрессоор өсч байгаа. Түүний үр дүнд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, осол аваар ч их гарах болсон. Зам тээврийн ослын улмаас хүн хүнд, хөнгөн бэртэж байгаа. Тэр тохиолдолд нөхцөл байдалд нь тааруулаад, анхан шатны тусламж үзүүлчих хүн хэд байгаа билээ. Ядаж л цус алдаж байгаа хүнийг түргэн тусламж ирэхээс өмнө эрлэгт явуулчихгүй байх шаардлагатай арга хэмжээ авч чаддаг жолооч байдаг бил үү. Үнэндээ гар нь хугарсан хүний хүрмийг аль талаас нь тайлах вэ, хамраас нь цус гарч байгаа бол яах, нуруу нь хугарсан хүнийг яаж хэвтүүлэх талаар ч мэддэггүй жолооч хотын гудамжаар л дүүрэн давхилдаж байгаа.
Уг нь замын хөдөлгөөний дүрмийн хичээл дээр хиймэл амьсгал яаж хийхээс авахуулаад зарим анхны тусламжийн хичээлийг заадаг юм билээ. Гэхдээ хиймэл хүн дээр ажиллуулаад, практик дадлага хийлгэхгүй болохоор яаж ч үр дүнтэй байх билээ дээ.
Өнөөдөр бидний эргэн тойронд амьдарч байгаа бүх л хүн иймэрхүү л эрдэм боловсролтой, чадвар чадавхтай байна. Гэхдээ энэ асуудалд зөвхөн иргэнийг буруутгана гэдэг өрөөсгөл. Хүн өөрийн сайн дураар тэр бүхнийг сураад, дадлага сууна гэж байхгүй. Зайлшгүй аль нэг боловсролын системд суулгаж өгөх шаардлагатай. Болж өгвөл дунд сургуулийн сургалтын системд суулгаж өгөөд, заагаад явчихмаар байгаа юм. Хэрэгтэй, хэрэггүй баахан хичээл хагас дутуу зааж байснаас ядаж иргэндээ анхны тусламж үзүүлчих чадвар суулгаад өгчихвөл аятай юу. Уг нь дээд сургуулиудад иргэний хамгаалал гэх хичээл ордог санаатай. Гэхдээ ганц л керидит цаг нөхөх зорилготой хичээл. Түүнийг нь оюутнууд нэг их ойшоож үздэггүй, тэгс ингэс гэж явж байгаад л дүнгээ тавиулчихдаг. Уг нь тэр хичээлээр онцгой байдлын үед биеэ хэрхэн хамгаалах, хорт утааны баг яаж зүүх энэ тэр гээд хүнд хэрэг болохоор зүйлс заадаг юм билээ. Харамсалтай нь зааж байгаа нь ч, сурч байгаа нь ч гэсэн зүгээр цаг өнгөрөөх зорилготой болохоор ямар ч нэмэргүй шүү дээ.
Монголчууд бид нэг иймэрхүү л чадвартай ард түмэн болж хувирчихаад байна. Өнөөдөр эрдэм мэдлэгтэй, чадвартай хүмүүс иргэдээ чадавхжуулах талаар ярьдаг. Гэхдээ ярихаас өөрийг үнэндээ хийхгүй байсаар л. Хэдийгээр иргэдийг гэртээ галын хор, анхны тусламжийн хайрцаг авч тавь, цахилгааны мэдлэгтэй бол гэж хүчлэх нь утгагүй ч гэсэн гэнэтийн зүйлд бэлэн байх ёстой гэдэг сэтгэхүйг суулгаж өгөх талаас нь ямар нэг ажил хийх цаг болсон байна. Хотжилт гэдэг өөрөө маш олон аюулыг дагуулж байдаг. Үнэндээ гэнэтийн аюул гэх нь зөв байх. Тиймээс иргэд цаг үргэлж гэнэтийн явдалд бэлэн байх хэрэгтэй болж. Яг үнэн хэрэг дээрээ хажууд сууж байгаа хүн чинь хахвал яаж аврах талаар мэдэж байгаа хүн байна уу. Өөрөөсөө ч гэсэн би чадах бил үү гээд нэг асуучихад гэмгүй биз.
Н.Пунцагболд
URL: