Уйлж, дуулсан Хатан туул минь

Жил жилийн хавар цөнгөө түрж эргээ халин мяралздаг Хатан хэмээн өргөмжлөгдсөн их усны хаялга Туул минь сүүлийн жилүүдэд урсгалаа татрааж уйлж дуулан гэлдрэх боллоо.

Энэ ямар их эмгэнэл вэ. Ус чандмань эрдэнэ гэдэг нь учиртай. Алтан тэвшийн хөндийг чимж, Дүнжингарав их уулсын хормойг эмжин халгиж цалгин урсдаг байсныг мэдэх хүн хэр олон байгаа болоо. Хаан дээдсийн өлгий их нутгийг минь хээлэн урсаж, зуун зууны туршид зон олныг ундаалсан их мөрний дайтай Туулаа рашаан гэхээс аргагүй билээ. Ариун дагшин энэ их ус, хүн зон бидэнд ямархан замаар урсаж ирдгийг мэдэж байгууштай.

Далайн түвшнээс дээш 2100 метрт орших Хан Хэнтийн нурууны Чисаалин сарьдиг, Шороотын давааны өврөөс гарах Намъяа, Нэргүй хоёр голын уулзвараас эх аван Хэнтий нурууны олон ам Хаг хонгор, Баруун, Зүүн баян, Тэрэлж, Хөгийн гол, Улиастай, Сэлбэ, Бөхөг, Түргэний голоор сэлбэгдэн урсдаг аа. Тэрээр цааш урсахдаа Хангайн нурууны зүүн үзүүрийн салбар уулсаас буух Чизэн саван, Хар бух зэрэг гол горхитой нийлнэ.

Туул голын ус цутгуулах газрын талбай 56400 ам дөрвөлжин км, урт нь 819 км юм гэдэг. Туул голын хөндий Улаанбаатар хотоос доош өргөсөн тавиурдаг. Хатан туулын савд Хагийн хар, Мөнгөн, Мөнгөн хөл зэрэг нуурууд бий. Туул голын өргөн 35-75 м, салаа ихтэйн дээр зарим газраа гүн нь 0,8-3,5 м, хурд нь 2 м/с хүрнэ. Туул гол нь үерлэхдээ сав хөндийгөө дүүргэж гольдиролдоо эргэн алс холын уулс нурууг 50-60 км тойрдог гэдэг. Туул голын эхнээс адаг хүртэл 17 ангиллаар 706 жижиг гол горхи нийлдэг байна.

Хаа холын Африкт ундны усгүй хатаж, цангаж, хөгжлийн дээд гэгдэх Сингапур ундныхаа усыг импортоор авч байх жишээтэй. Тэгтэл Монголчууд бид цэвэр тунгалаг туулынхаа усаар машинаа угааж, 00-оо цэвэрлэж байна. Манай улс тийм ч их элбэг устай биш. Дэлхийн улс үндэстнүүд гүний усаа ашиглахаа хайрлан гадаргын усаа ашиглаж байна. Бид усаа үнэгүй шахам хэрэглэдэг болохоор хайрлаж мэддэггүй. Өнөөдөр бүдчин бүдчин урсах Туулынхаа усанд химийн хорт бодис нийлүүлж, алт эрдэнэс угааж, хайрга чулууг авч халаглахад хүргэлээ.

Гурван аймгийн 30-аад сумын нутгийг дайран урсах тунгалаг уст энэ голыг эрт үеэс эрхэмлэж ирсэн нь учиртай. Нэгэн удаа Монголын олон ноёд чуулж байгалийн сайхан цогцолсон нутагт Их хүрээг нүүлгэх юм болжээ. Тэгтэл Сэцэн хан аймгийн ноён “Хүрээг нүүлгэх хөсгийг би гаргая харин та нар Богд хан уул, Хатан туул хоёроо яаж нүүлгэхээ бодоорой” гэж хэлэхэд ноёд дуугүй болж Их хүрээг нүүлгэхээ больсон гэх домог шиг яриа байдаг.

Хилийн чанадад амьдардаг бидний мах цусны тасархай олон монголчууд ариун Туулынхаа уснаас ууж үзэх юмсан гэж хүсэмжилж байдаг гэдэг. Сүүлийн үед усыг ухаантай, ухамсартай гэж ярих боллоо. Тэгэхээр Туулын ус бидэнд гомдохын дээдээр гомдож байж таарлаа. Ууж ууж усан-даа баав гэдгийн үлгэрээр бид ариун Туулынхаа усанд ямар энэрэлгүй хандана вэ. Өнөөдөр Туулын ус бидний хог хаягдал, зохисгүй бүх үйлдлийг давах гэж бүдчин гэлдрэх боллоо. Бидний өвгөдийн ус, гол мөрнөө эрхэмлэж ирсэн уламжлал хайччихваа.

Өнөөдөр дэлхий дээр олон зуун саяар тоологдох хүмүүст уух цэвэр ус олдохгүй зовж байхад манайхан суултуурандаа цэвэр ус хийчихээд хэнэгч үгүй явна. Алтны ангуучид гольдролыг өөрчилж ус биш болгож байна. Энэ маягаар нэг ч их удаан явахгүй гэж усны мэргэжилтнүүд ярьдаг юм билээ. Бид өнөөдөр усныхаа крантыг нээлттэй орхиж цоргоор нь үнэгүй ус урсаж байна. Үүнд ус хайран гэж эмзэглэх ухамсар алга. Ус шиг элбэг юм алга гэж бодож байна. Манайд тийм биш бололтой.

Тухайн цагт сал урсгаж, бургас шугуйд нь буга, гөрөөс давхилдсан Туул гол ямархан болоод байгааг мэдэхэд илүүдэхгүй байна. Хаа нэг хогийг түүхээс цааш хамгаалж чадахаа байжээ. Булан тохойд нь дээдсүүд харшаа босгосон болохоор бусдад хэлж хамгаалах аргагүй болсных биз ээ. Нэгэн цагт Хатан туул гомдохдоо нэхэл хатуу хандахыг хэн байг гэх билээ.

Монголын ус, гол гурав хагарч Хойд мөсөн далай, Номхон далай руу яваад үлдсэн нь Төв Азидаа шингэдэг гэдэг. Гурван зүгт хагаран явдаг хагалбарын огтлолцол нь манай нийслэлийн хаяанд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг өвөр Жанчивлангийн баруунхан хойно байдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэнд тусгай тэмдэг босгосон байгаа. Тэр уулан дээр ус асгалаа гэж бодоход гуравны нэг нь Хэрлэнгийн ай савад багтаад Номхон далайг зорих, нөгөө хэсэг нь Туулаар дамжин Орхон, Сэлэнгэ, Байгаль нуураар хойд мөсөн далай руу, үлдсэн нь өмнийн говь руу урсдаг байна.

Ийм гурван хагалбарын огтлолцол дэлхий дээр ховор тохиолддог аж. Монголын нийт газар нутаг дэлхийн хэмжээнд дээр дурьдсан гурван их хагалбарт багтдаг бол дотооддоо 29 ай савд хуваагдан бид аж төрөн сууна. Хатан туулыг даган манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдардаг гээд бодоход энэ голын усыг хамгаалахаас аргагүйд хүрч байна. Туул голын эхээс адаг хүртэл монголчуудын бүхий л амьдрал явагдаж байгаа.

Өнөөдөр “Дэлхийн усны жил” гээд олон улсын хэмжээнд арван жилээр зарлачихжээ. Ийм олон жилээр нийтийг энэ сэдэв рүү хандуулаад байгаа нь цаагуураа усны асуудал ямар их ноцтой байдалд хүрснийг хэлээд байна. Бүх монголчуудын ариун шүтээн Хатан туул урсгалдаа бүдчин сөхрөх учиргүй билээ.

Н.Лхагва


URL:

Сэтгэгдэл бичих