Үхсэнүүдийгээ яах вэ? ерөнхийлөгч Элбэгдоржоо, байна уу?
Ар Монгол асуудалтай байна. Хэсэг 5. Үхсэнүүдийгээ яах вэ? ерөнхийлөгч Элбэгдоржоо, байна уу?
Түрүүчийн долоо хоногт Юмжаагийн Цэдэнбалын хөшөөн дээр олон хүмүүс очиж цэцэг өргөж сэтгүүлчидийн асуултанд хариулж буйг зурагтаар харлаа. Надад улстөрийн хачин дүр зураг харагдлаа. Өнөөдөр бид хаана зогсож байгаа болон цаашид ямаршуухан замаар урагшлах вэ гэсэн цоо шинэ асуудал гарч ирлээ.
Сүүлийн 3 жилд би “Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ”, “Монголчуудын хар хайрцагны бодлого” болон “Монголын гэрээ” номуудад яг л өнөөгийн цоо шинээр үүсэж буй нууц дарагдаж явсан улстөрийн бодит дүр зургыг урдаас төсөөлж бичсэн. Тэр номууд улам л биелэлээ олж цаашид бидэнд хамгийн чухал сэдвүүд болох нь ээ. Тиймээс тэр номуудын улстөр нийгэм болон төр эдийн засгийн асуудлуудыг гүн нухацтайгаар ярилцах цаг ирлээ гэж анхааруулах байна, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Ерөөсөө Улаанбаатар хотын хөшөөнүүд юу хэлнэ вэ? Бид юмыг урдаас бодож чаддаг бас дарааг бодож чаддаг тийм чадвартай болох хугацаа нэгэнт болжээ.
21-р зууны дэлхийн хөгжил биднээс их зүйлийг шаардаж байна. Бид тэдэнтэй хөл нийлүүлэн алхахаас өөр замгүй. Буцаад эсгий гэртээ орж бөхөө барилдаж морио унаж түүндээ сэтгэл ханамжтай явах ямар ч боломжгүй болсон тул мэдлэг боловсролд улам шаргуу тэвчээртэй суралцаж өөрсдийгөө авч гарах тийм л цаг үеүд биднийг хүлээнэ. Энд “Үхэл” гэсэн маш эмзэг хэдий ч бас мэдээжийн зүйлийн тухай бичихээр шийдлээ.
Яагаад гэвэл би тэр л өдөр Юмжаагийн Цэдэнбалын хөшөөн дээр цугларсан хүмүүсийг хараад хачин сонин улстөр нийгмийн дүр зургыг харлаа. Угтаа бол тэр хүн хэдийний үхсэн эвтэйхэн хэлбэл нас барсан. Гэхдээ л яг хэлэхэд насыг барах гэдэг түүнийхээр магад таарсан болов уу. Яагаад гэвэл тэр хүн насыгаа бартал төрийн тэргүүний албан үүрэг гүйцэтгэсэн.
Юмжаагийн Цэдэнбал дэлхийн түүхийн нугачаанд хавчуулагдан үхсэн гэдгийг мартаж болохгүй. Дахин нэг харахад Юмжаагийн Цэдэнбалыг үхсэний дараа өнгөрсөн 20 жилд Ар Монголд ерөөсөө үхсэнүүдийнхээ буюу нас барсан хүмүүсийнхээ хойноос хэрхэн гашуудаж мөн хэрхэн тэднийгээ дурсацгаав. Цаашилбал нэгэнт нийгэм улстөрд чухал үүрэгт ажил хийж явсан хүмүүсийгээ үхсэний дараа хэрхэн шүүн хэлэлцэж оюуны түвшинд ярилцаж чиг баримжаа тогтоов.
Яагаад гэвэл нийгэмд орон зай эзэлж төрөөс хүртэж ард түмний хариуцлага итгэл найдвар хүлээж явсан хүмүүсийг зүгээр нэг өрөвдөөд эсвэл хайрлаад байхдаа биш харин ч хатуу шүүж ярилцах ёстой. Тэд гэр орныхондоо хайртай аав ээж л биз нийгэмд бол хэдийний нийтийн асуудал гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн өнгөрдөггүй бололтой. Бараг л өнгөрсөнийг өнгөрүүлэх дургүй бололтой. Хорвоогоос халигчид хар дарсан зүүд мэт л эргэн тойрч ёстой л үнэнийг шаардаж худлааг илчилдэг бололтой.
Нэгэн үед АН-ын ууган гишүүн Баабар “Бүү март” нэртэй ухуулах хуудсандаа Юмжаагийн Цэдэнбалыг “Хүүхэлдэй номер 3” гэж бичсэн байдаг. Хүүхэлдэй гэдгийг битгий мартаарай гэж л сануулсан мэт. Хэрвээ мартчихвал сөнөнө шүү гэж хачин логик гаргалгаа гаргасан цаг саяхан. Тэгвэл тэр хүүхэлдэйний хөшөөн дээр ард түмэн оччихсон улстөрийн лидерүүд цуглараад хүндэлчихсэн байж байна шүү дээ. Одоо тэгээд түүний хүүхэлдэй гэдгийг олон хүн мартчихаар тэгээд бүгдээрээ Баабар гуайн зөгнөснөөр сөнөх үү?, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
АН-ын ууган гишүүний нэрлэсэн хүүхэлдэй номер 1 болох Сүхбаатарын хөшөөг одоо яах гэж байна. Ямар ч л гэсэн түүний талбайг булаагаад Чингис гэж бас нэг үхсэн хүндээ өгчихсөн. Үхсэн хүмүүсийнхээ хооронд ингэж хэрүүл тарих хэрэг байна уу.
Баабар “Нүүдэл суудал” нэртэй ямар ч агуулгагүй адал явдалт ном биччихээд түүнийгээ үнэн түүхийн ном мэт тарааж орчуулуулж их сүржигнэсэн. Ганц хүн сүржигнэх яах вэ. Ард түмнийг түүхгүй бас ярих зүйлгүй болгож хаанаас ирсэн хэн билээ гэсэн өөрийгөө тодорхойлох таних тэмдэггүй \Англиар identity гэдэг\ болгоно гэдэг дэндүү томоогүй хариуцлагагүй үйл явдал болсон шүү.
Тэр хүн Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг хүүхэлдэйнүүд гэж түүхийн номноос арчих гэсэн оролдлого бол дэндүү арчаагүй үйлдэл. Тэдний оронд хэнийг тавих гээв арай өөрсдийгөө тавих гэж буй биш үү. Баабарын олон алдаануудаас шалтгаалан Ю.Цэдэнбалын хөшөөн дээр хүмүүс цугларч ардчиллын хаяг болсон С.Зоригын хөшөөн дээр очих хүнгүй болох нь ээ. Энэ бол ардчиллыг үнэгүй болгох зөвхөн эхлэл.
Ар Монголын социализм бол ардчиллын түүхэн уридчилсан таатай нөхцөл байсан гэдгийг мартаж болохгүй. 1921 оны ардын хувьсгал хэдийгээр ардчилсан хувьсгал байсан хэдий ч суурилаад босож ирэх нийгэм болон эдийн засгийн ямар ч ул хөрс байсангүй. Бүгдээрээ бичиг үсэггүй хөдсөн дээлтэй эсгий гэртэй хүмүүс хувьсгал байтугай хувцас ч хийх чадваргүй байлаа шүү дээ. Ардын нам гэсэн нэртэй хүнийг хүмүүжүүлэх цэрэгжилтийн байгууллага байгуулах түүхэн шаардлага тэр үед гарсан. Тэр байгууллагын залгамж үе Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гэх мэт хүмүүсээр хаяглахаас өөр замгүй. Бодит хүмүүс шүү дээ. Тэгэхээр ард түмний түүхийг балласан Баабар гэж хүнтэй хатуу тооцоо хийх цаг болсон шүү, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Америкийн улстөр судлаач үе үеийн ерөнхийлөгчидийн зөвлөгч Збигниев Бржежински “Том шатрын хөлөг” \Zbigniew Brzezinski: “The Grand Chessboard”\ номондоо ирээдүйд Евро-Азийг ноёрхсон орон л дэлхийг ноёрхож чадна гэж хэлээд номондоо Чингис хааны 3 алдааг бичжээ.
Англи эхээрээ: “Mongol rule entailed no organized economic or financial system, nor was Mongol authority derived from any assertive sense of cultural superiority. Mongol rulers were too thin numerically to represent self-regenerating ruling class, and in any case, the absence of a defined and self- conscious sense of cultural or even ethnic superiority deprived the imperial elite of the needed subjective confidence.”
Збигниев Бржежински хэлэхдээ: Монгол хаадын нэгдүгээр алдаа бол эдийн засгийн болон санхүүгийн иж бүрэн систем босгож чадаагүй явдал хөгжил авчирах боломж бий болгоогүй тул хоцрогдсон хэвээр үлдсэн гэжээ. Хоёрдугаар алдаа бол нэгдсэн нэгэн соёл хамтын үнэт зүйлс үүсээгүй тул тархай бутархай хоорондоо эв түнжин алдахдаа амархан. Гуравдугаар алдаа бол хэзээ ч хойч үеэ төлөвлөж уламжлан авч явах хүнээ бэлдэх бүтэц босгож чадаагүй гэжээ.
Америкийн улстөрийн онолч Бржежински Монголын хаадын тухай түүх бичих далимандаа өнөөгийн Ар Монголын асуудлыг бичсэн биш үү. Ар Монгол хичнээн газрын баялагтай гэж зарладаг ч хөгжил явагдаж үйлдвэр баригдаж техник технолог зохион бүтээж экспортын орон болж чадахгүй 20 гаруй жил хувийн амьдралаараа амьдарч нийгмийн амидралаас бүрэн тусгаарлажээ. Ар Монгол мөн л нийтлэг үнэлэмж, нийтлэг философи, нийтлэг ертөнцийг үзэх үзэлгүйгээр хоорондоо ялгарч нэг нэгийгээ доромжилж үзэн ядаж хүн бүр өөр шүү гэж мухар сүсэглэж нутаг ус яс үндэсээрээ ялгарч үргэлж л хэрүүл өсөө хонзонтой мэт биш билүү. Нэгэнт баттай философи байхгүй тул хүний нутагт очоод өөртөө итгэлгүй гэдгээ нотолж бусдад уусахдаа амархан.
Бржежинскийн хэлсэнээр хаа ч дараагийн хүнээ бэлтгэж аливаа төрийн болон улстөрийн ажил хэн нэг үхсэний дараа ямар ч саадгүй өндөр хэмжээнд цааш явагдах тийм бүтэц үүсээгүй тул хэн ч мөнгө төлөөд эсвэл хуйвалдаад хариуцлагатай албанд очиж бүхий л дүрэм журмыг эвдэж сүйтгэсээр ирлээ.
Дээрх гурван алдаануудыг төрийн хүмүүс нэг үгээр хэлэхэд улстөрийн лидерүүд сургамж болгон авч ажилдаа хэрэглэж чадалгүй явсаар ирлээ. Ямар их харамсал вэ.
Өмнөх гурван ерөнхийлөгчид болон ерөнхийлөгч Та Америкийн Бржежинскийн номыг уншаагүй гэхэд зөвлөгч орчуулагчид нар мэдээж уншсан биз дээ. Эсвэл тэд уншаад ойлгохгүй хоцордог хэрэг үү. Унаган Англи хэлтэй эсвэл Америкт олон жил болсон гэдэг хүмүүс ямар ном уншиж юу сурсан бэ? Ерөөсөө зөвлөгчид улстөр болон төрийн ямар чанартай мэдлэг боловсролтой вэ?
Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний яг өмнөхөн талд Бямбын Ренчин буюу Ренчиновын хөшөөг босгожээ. Яагаад? Угтаа бол төв номын сангийн барилгыг Оросын удирдагч Сталин тухайн үедээ бэлэг болгож бариулсан биз дээ. Ренчин ганц төгрөг гаргаагүй байтал яагаад Сталины хөшөөг буулгаад Ренчингийн хөшөөг босгов оо. Хэрвээ Ренчинийг мундаг зохиолч түүхч гэх гэж байгаа бол түүнээс дутахгүй олон аавын хүүд байгаа шүү дээ. Яагаад шалгаруулалт явуулсангүй вэ? Тэр хүн бусдаас юугаараа илүү вэ?
Юмжаагийн Цэдэнбал болон Бямбын Ренчин нарын хөшөөний ойрхон байшингийн ард хойшоо хаашаа ч юм бэ харж зогссон ардчиллын анхны хараацай С.Зоригын хөшөөг бас босгосон. С.Зоригын хөшөөг их л жавхаа муутай залуу хүний хөшөө гэхэд нөгөө хоёр хөшөөний хажууд болхи хийснийг хэн ч харна. Эцсийн эцэст юуны тулд хөшөө босгодог вэ? Хөшөө босгодог уламжлал бидэнд бий юу?
Хар Хорин хотын ойролцоо олон тахилгууд бий. Гэтэл тахилга гэдэг бол сүнс байгаа гэж зориулсан үлгэр домгийн л өнгөрсөн баримт болохоос тэдгээрийг хөшөө гэхгүй. Хөшөө гэсэн ойлголт Монмент \Латинаар: monere\ гэсэн санах санамжийг илтгэжээ. Юуг санах вэ гэхээр хэн яасан мөн ямар үйлс явагдсан тухай түүхийн санамж. Хэн санах вэ гэхээр залуу үе буюу хойч үе санаж явах ажээ. Заавал хүний хөшөө босгох биш үйл явдалд зориулан хөшөө босгож сурмаар болжээ.
Мэдлэг болвсролд зориулсан техник технологид зориулсан дэвшилтэт ирээдүйг тодорхойлсон хөшөө бас босгож болох шүү дээ. Түүнээс биш өнөөгийн нийгэмд ямар ч ач холбогдолгүй хөшөөнүүдийн цуглуулга Улаанбаатар хот болж болохгүй л баймаарсан.
Эцсийн эцэст хөшөө дурсгал залуу үе болон хойч үеийн хүмүүжилд чиглэгдэх бус уу, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Зөвхөн хөшөө дурсгал асуудалтай биш бас талбай гудамж асуудал үүсгэсэн жишээ гарч ирлээ. Ядаж байхад Д.Сүхбаатарын талбайг яг л нураасан мэт болж Чингисийн талбай болгочихлоо. Хөшөө нураадаг бол одоо талбай нураадаг боллоо. Одоо тэгээд Чингисийн хөшөөг харахаар талбай дээр гарч ирэх гээд Сүхбаатарын хөшөөг авахыг хүлээгээд сууж буй ч юм шиг харагдах жишээтэй. Д.Сүхбаатарын хөшөөг авахаар Чингис сандалаасаа босч урагшаа наранд гарч ирэх болов уу.
Ингэж хөшөөнүүдийн хооронд өрсөлдөөн бараг л зодоон үүсгэх хэрэг байна уу. Энэ бүгдийн гол эзэн хэн бэ? Тэр хүнийг хариуцлагад тооцож цаашид Улаанбаатар хотын дүр төрхийг алдагдуулмааргүй санагдана, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Социализмын үед Чингисийн хөшөөг барих боломжгүй байсан гэдэг. Тэгвэл социализмаас өмнө тэр олон зуун жилийн дотор яагаад Чингисийн хөшөөг бариагүй юм бэ. Түвдийн лам нар зөвшөөрөхгүй байсан уу. Эсвэл тэр олон Богд хаанууд Чингисийн хөшөөг барихыг хориглосон уу. Хувилай хаан яагаад Чингисийн хөшөөг Бээжин хотод эсвэл Хар Хорин хотод босгоогүй юм бэ. Тогоонтөмөр хаан Бээжингээс зугатаахад ердөө л Монгол гэхээс өөр ямар ч дэлхийн түүхэнд үлдэх түүхгүй байсан шүү дээ. Занабазар тэгээд Чингисийн дүрийг бүтээж хөшөө яагаад босгоогүй юм бэ. Түвдүүд дарангуйлаад байсан гэж өөрсдийгөө зөвтгөж дандаа бусдад буруу наах уу.
Ерөөсөө Улаанбаатар хотод хөшөө болон талбайнуудыг хэнд өгч хэнээс авах лиценцүүдийг ганцаараа эзэмшиж буй хүмүүсийн асуудал гарч ирлээ. Ард түмэндээ ямар ямар хөшөөнүүд яах зорилготой бас юуг илэрхийлэх гээд баригдсан болдоо гэсэн асуултанд хэрхэн хариу өгөх вэ? Нэг хөшөөг босгоход хэдэн төгрөг зарцуулдаг түүнийг төрөөс төлдөг эсэх тодорхой биш. Хэний хөшөөг барихыг зөвшөөрдөг хэнийхийг зөвшөөрдөггүй тухай журам шинэчлэгдэх хэрэгтэй л болов уу. Хэрвээ сайн яриад мөнгө сайн төлж чадвал бараг л дурын хүний хөшөөг барих боломжтой мэт.
Ямар ч гэсэн Ю.Цэдэнбалын хөшөөний ойр хавийг харахад нилээд хөшөөнүүдийн нягтрал ихтэй харагдана. Энэ бүгдийг шийднэ үү, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Үхсэнүүдийгээ өнгөрсөн өөрөөр хэлбэл өнгөрчихсөн тиймээс дахиад хэзээ ч ирэхгүй гэдгийг бид өнөөдөр 21-р зуунд буюу биологи хөгжсөн зуунд даан ч сайн мэднэ шүү дээ. Ерөөсөө хэн нэг дээгүүр алба хашиж явсан эсвэл түүхэн роман бичсэн хүмүүсийн хөшөөнүүдийг босгоод байвал цаашид Улаанбаатар хот хөшөөний хот болох нь ээ. Зарим нэг их онцгой биш өөрөөр хэлбэл ард түмний төлөө нэг их зүйл хийгээгүй тийм хүмүүсийн хөшөөг төрсөн нутаг эсвэл ажлын байрны үүдэнд босгомоор болжээ. Заавал том хөшөө бүтэн биеэр босгохын оронд цээжин хэсэг эсвэл дурсгалын самбар гэх мэтээр санамж үүсгэж дараа үедээ сануулбал зөв биш үү.
Мэдээж Монгол хүн шашны тухай буруу ойлголттой явсааар ирсэн. Өнөөдөр ч ид шидэнд үнэмшиж бусдад тархиа угаалгуулахдаа тун амархан. Хүн үхдэг бүгдээрээ үхдэг гэдэгт үнэмшихгүй харин ч дахиад төрнө гэж хэлэх хүн олон бий.
Гэхдээ МУИС эсвэл ШУА гэх мэт газар л сүнс битгий яриасай билээ. Тэнд мэдлэг боловсрол ноёлох болохоос биш мухар сүсэг тархах ёсгүй. Үхсэн хүний сүнс ирдэг гэдэгт ташраараа үнэмшдэг явдал бол цол хэргэмтэй доктор профессорууд л юм сурч ард түмнийг соён гэгээрүүлээгүйн баталгаа. Далай лам ч гэсэн үхнэ шүү дээ. Тэр үхээд хэзээ ч буцаж ирэхгүй. Далай лам дахин төрөхгүй. Энэ бол биологийн салбарын хамгийн энгийн асуулт. Далай лам дахин төрнө гэдэг Гандан тэгчилэн хийдэд л хүчинтэй болохоос биш нийгэмд болон боловсролын системд хүчингүй шүү дээ. Материт бие байтугай материгүй ухаан хаашаа ч шилжихгүй тэр чигтээ л лөөлөө болно шүү дээ. Энд дэлгэсэн “Үхэл” гэдэг сэдэв хэдийгээр эмзэг ч гэсэн философичид олон зуун жил түүний тухай бичиж дэлхийн улс орнуудад ердийн сэдэв болсон гэдгийг уншсан олон номуудаар батлах байна.
Монгол хүн бид ч үхэл гэдэгтэй моралтайгаар бидний хэлдэгээр ёс суртахуунтайгаар хандаж хэн хэнийгээ эвгүй байдалд оруулахгүй тийм л этиктэй болох хэрэгтэй. Үхэл гэдэг тухайн хүний цэвэр хувийн хэрэг. Тиймээс хүн үхэхэд нэг их сүйд болох явдалгүй. Бид үхсэнээрээ дараа дараагийн үедээ боломж олгож тэднийг бас амьдруулах хэрэгтэй. Одоо 20 настай залуу бас бидэн шиг урт наслах хүсэлтэй шүү дээ. Бидний үзэж эдэлж явсан зүйлсийг бас давтан гүйцээх эрх чөлөөтэй. Мэдээж залуу хүмүүст бол үхэл дэндүү холын зүйл. Тийм ч байх ёстой. Хүн тэртэй тэргүй үхнэ гээд суугаад байвал юу ч бүтээхгүй.
Дани улсын нэрт философич Киркегаард ”Үхлийн тухай өвчин” \Kierkegaard: “The Sickness Unto Death”\ номондоо үхлийн тухай бичсэн байдаг. Үхэл гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэн ч үхэж үзээгүй. Үхсэн хүмүүсээс хэн ч буцаж ирээгүй. Ерөөсөө ирэх ч үгүй. Тиймээс үхлийн тухай төсөөлөл ч байхгүй. Түүний тухай харин бодох боломжтой.
Киркегаард хүн гурван замаар өөрийн мэдэлгүй гүн хямралд орж хорвоод эргэлздэг гэжээ. Нэгдүгээрт: хүн өөрөө хүнд өвчин тусахад, хоёрдугаарт: хамгийн ойрын хүн нас барахад, гуравдугаарт: мөнгөө төлж чадахгүй гачигдалд ороход.
Тиймээ хамгийн ойрын хүн нас барах гэдэг тийм ч амар биш. Гэтэл тэр хүн төрийн болон улстөрийн өөрөөр хэлбэл нийгмийн асуудал болчихсон хүн байвал бүр ч хэцүү. Киркегаард хэлэхдээ: “Өөрийгөө таниагүй бас өөрийгөө мэдэж авч чадаагүй хүн яаж ч өөрчлөгдөх билээ.” Өөрийгөө таниагүйгээс өөрчлөгдөж чадахгүй хүмүүс хуучиндаа л одоо байгаадаа л сэтгэл ханаж түүнээс зуурч үлддэг бэртэгчин гэжээ.
Өнөөдөр Ар Монголд яг л ийм хүмүүс орчин үеэс татгалзаж хийж бүтээхийг үгүйсгэж бараг л болж байна өөр аргагүй ингээд л явахаас өөр яах вэ дээ гэх мэт улстөрийн агуулгатай өнгөрсөнд ирээдүйг хайх болжээ. Тэд нийгэм хөгжиж урагшаа хөдлөхөд саад хийж бараг л хоосон түүх ярицгааж улам л хойш татаад байх боллоо. Ерөөсөө энэ түүх гэдгийг засаж залруулахгүй бол амны уншлага болжээ. Бидэнд болохгүй зүйл их байна, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо би энд юу хэлэх гээд байна вэ гэвэл энэ хөшөөнүүдийн асуудлыг нэг тийш болгох нөгөөтэйгүүр түүхийн маргааныг нэг тийш болгохгүй бол дэндүү чухал болгон хэтэрхий туйлширч байна. Шийдэмгий зоригтой шийд гаргаж зөвхөн хөшөө биш талбайнуудын нэрийг бас нэг тийш болгохгүй бол сургуулийн хүүхдүүдэд хэнийг хэн гэж тайлбарлах вэ. Ямар талбайг одоо тэгээд яагаад өөрчлөөд буйгаа олигтойхон шийдэхгүй бол тархи угаасан хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнд баригдсан ерөөс боддоггүй нийгэм болох нь ээ. Ийм нийгэмд өнөө маргаашийн амьдрал ирээдүйгүй болох аюултай ба үндэстний дүр зураг бүдэг болно уу гэхээс биш тод болохгүй.
Эцсийн эцэст хэний ээж аав хэнийхээс илүү юм бэ? Яг харахад ээж аавыгаа үхсэн хойно магтаж бахархаж минийх илүү гэж намтар бичүүлж хэвлүүлж эсвэл шүлэг яруу найраг уншиж дуу дуулах хэрэг байна уу. Хэн ч ээж аавыгаа үхсэн хойно сайн бол дотроо дурсаж хүндэтгэнэ хэрвээ муу байсан бол бас дотроо гомдож уучилдаг.
Түүнээс биш ээж аавынхаа амьд сэрүүн цагт зовоож тус болж харж хайхраагүй мөртлөө үхсэн хойно нэг их сүр болж буйг харахад ёстой өрөвдмөөр бараг л одоо болиосой гэмээр л байдаг. Өөр бас нэг өрөвдмөөр хөшөөтэй буюу санамжтай хамаатай жишээ бол хавар 6 сард сургуулиа төгссөн мянга мянган залуучууд хэний хөшөөн дээр цэцэг өргөхөө мэдэхгүй хий л Чингисийн хөшөө рүү очиж цэцэг тавиад заримыг харахад яаж бас Д.Сүхбаатарыг орхих вэ гээд цэцэгнийхээ нэг хэсгийг Д.Сүхбаатарын хөшөөн дээр тавицгаана.
Зарим залуус бүр мэдлэг боловсролтой дэндүү харшилтай Ганданд очиж цэцэг барих жишээтэй. Ингэж л боловсролоо шашнаар угаах юм даа. Үгүй энэ ерөөсөө холион бантан болж байна шүү, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Хөөрхий Д.Нацагдоржийн хөшөө. Хүүхэд байхдаа очиж цэцэг өргөж байсан. Одоо ч тэр хөшөөг санах байтугай мэдэх хүүхэд залуучууд үгүй биз дээ. Хүний амьдрал гэдэг нэг ёсондоо бодох. Хүн бодохгүйгээр амьдрана гэдэг харамсал. Ядаж боддог байсан Д.Нацагдоржийн хөшөөг мартана гэдэг энэ улс орон бодохоос татгалзлаа гэж л ойлгомоор.
Лениний хөшөөг яахав нөгөө Ар Монголын ганц дураараа сахилгагүй улстөрийн баримжаагүй түүхийн ойлголтгүй нөхөр очоод нураагаад хая гээд нураачихсан. За тэр ч яахав. Хүмүүсийн сэтгэлийн гүнд тэр хөшөө үлдсэн л байх. Улстөрийн завхрал гэж үүнийг л хэлдэг дээ. Битлзийн хөшөөг харах бүрдээ л инээд хүрдэг. Ямар зорилготой яах гэж босгосон хөшөө юм бэ бүү мэд. Дуу дуулдаг 4 залуучууд дэлхийгээр дүүрэн. Пинк Флоид, Роллинг Стоунс, Доорс гээд л 4 хүнтэй олон л хамтлагууд бий. Дэндүү хямдхан дэндүү хүүхдийн тоглоом шиг тэр ханыг хөшөө гэж нэрлэхэд ч ичмээр дээ.
Марко Пологийн хөшөөг хараад бүр гайхаж орхисон. Хэн тэр хөшөөг санаачилсан бүү мэд. Мэдээж мөнгөөр зодож л барисан биз. Марко Поло Ар Монголд ямар ач холбогдолтой вэ? Яагаад Марко Пологийн хөшөөг босговоо хэн түүнийг санаж дурсах гээвээ. Хаа байсан Италийн нэг тэнүүлчингийн хөшөө яахаараа Улаанбаатар хотын төвд байрлана вэ? Марко Поло үлгэр домог болохоос биш яг бодит хүн гэдэг батлагдаагүй шүү дээ. Хорлоогийн Чойбалсангийн хөшөөг нөгөө хөшөө нураах дуртай нөхөр хэзээ бас нураах бол. Нэг удаа хийчихсэн хүн улаан цаймдаа гарах амархан гэсэн одоо ч нураагаад өгнө биз дээ.
Мартсанаас нисэх явах замд аж үйлдвэрийн комбинатын тэнд нэг цагаан хаалга байсан түүнийг ч нураагаад хаяжээ. Өөр газар босгож болоогүй юм байхдаа. Ж. Самбуу гуайн хөшөөг хайгаад олсонгүй. Бумцэнд гуайн хөшөөг хайж яваад золтой л машинд дайруулсангүй. ШУА-ын ерөнхийлөгч асан Ширэндэв гуайн хөшөө ямар ч агуулгагүй газар байх жишээтэй. Ж.Батмөнхийн хөшөөг бас яагаад ямар шалтгаанаар барьсан юм бэ бүү мэд. МУИС-ийн ректор байсан гэдэг үнэн гэхдээ сүүлд Улстөрийн товчооны дарга байж байгаад буусан биздээ. Хэн юу хийж бүтээж түүгээр бидний амидрал урагшаа хөдөлж өнөөдөр хүртэл явж ирсэн бэ түүнд л өөрийгөө зориулсан хүмүүсийн хөшөөг л үлдээмээр санагдана даа, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Үхсэн хойно битгий хөшөө босгуулаарай л гэж үр хүүхдэдээ захиж үлдээгээрэй гэж төр улсын лидерүүдэд хэлэх байна. Амиддаа бие биеэ хайрлацгаая гэж нэг яруу найрагч хэлжээ. Үхсэн хойно бол хайрлах хэрэггүй л гэж хэлсэн байж дээ. Яасан ч хачин авцалдаагүй хэлсэн үг вэ дээ. За тэр хайрлах ч яахав ядаж хөшөөг нэг гоо сайхантай буюу эстетиктэй босгомоор л санагдана. Хөшөө барих зөвшөөрөл бушуухан батлуулж тамга даруулж аваад л хөөрхий хэдэн хүмүүс маш хурдан яарч хөшөө босгодог бололтой нэг л их урлаггүй өнгө үзэмжгүй хөшөөнүүд барицгаажээ. Мэдээж үлдсэн үр хүүхэд аав ээжийнхээ хөшөөг хараад сайхан л байдаг биз. Гэтэл тэр хөшөөг босгосон газар шороо бол ард түмний өмч бөгөөд төрийн мэдэлийнх шүү дээ. Түүнээс биш хувийн хашаан дотроо бол хэн ч хэнийхээ хөшөөг босгох дурын асуудал.
Эцсийн эцэст хөшөө гэдэг санамж байх ёстой. Юуг хойч үедээ сануулах вэ гэхээр сайн муу хоёуланг. Чингис хаан сайн ч зүйл хийсэн муу ч зүйл хийсэн. Тиймээс Чингисийн хөшөө сайны ч бас муугийн ч жишээ болж хойч үедээ санамж нэг үгээр хэлбэл анхааруулга болон үлдэх ёстой. Түүнээс сургамж авч хойч үе түүний хийсэн алдаануудыг давтахгүйг хичээх учиртай. Түүнээс биш Чингисийн хөшөөний өмнө оччихоод яг бодит хүн сууж байгаа мэт сандраад хөдөлж чадахгүй хүмүүсийг харахад дэндүү хөөрхийлөлтэй. Тэр хөшөө бол абстракт шүү дээ. Тиймээс конкрет биш.
Юмжаагийн Цэдэнбалын хөшөөн дээр цугларсан хүмүүс Оросууд түүний тархийг хордуулсан гэж улстөрийн маш ноцтой зүйлс ярицгаахыг юу гэж ойлгох вэ, ерөнхийлөгч Элбэгдор жоо. Цэдэнбалын эхнэр Орос хүн байсан юм хойно хөгширсөн өвгөн одоо тэгээд авгайгаа дагаад Орос орон луу явахаас яах вэ дээ. Ардчилал эхлэхдээ л Цэдэнбалыг дарангуйлагч гээд л хөөсөн биздээ. Түүнийг хүүхэлдэй гэж доромжлон Сүхбаатарын талбай дээр гарч ирсэн биздээ. Үүнийхээ цаана бол бүхэл бүтэн социализмын бүтээн байгуулалтыг үгүйсгэсэн биш билүү.
Социализмын эринээс өмнө Улаанбаатарт юу байсан билээ. Хоцрогдол мухар сүсэгт булуулсан Хүрээ л байсан биздээ. Баабарын хүүхэлдэй номер 3-ыг Монголчууд өөрсдөө ад үзэж хөөчихөөд өнөөдөр болохоор 20 жилийн дараа гэнэт бид алаагүй Оросууд алсан гэдэг бас л гэнэн ойлголт. Улстөрийн онолд тулгуурласан сэхээрүүлэх үйл ажиллагаа хэрэгтэй болжээ, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Өөрсдөө гэнэн томоогүй дэндүү тэнэг алдаанууд хийчихээд түүнийгээ нэг бол Хятадуудад эсвэл Оросуудад оноож бусад руу буруугаа чихэж өөрсдөө цэвэрхэн үлдэх гэсэн хүүхэд шиг “Би тэгээгүй шүүдээ” гэж бултагнах юм үзэж нүд тайлаагүйн шинж биш шүү. Доод хүмүүс гэмээр. Насанд хүрсэн хүний шинжээр бид алдаа хийсэн шүү дээ гэж гэмших чухал. Оросын Достоевскийн “Гэм ба гэмшил” нэртэй номонд нэгэнт гэм буруу хийсэн бол бас гэмшиж гэмээ хүлээж сурахыг заасан байдаг. Алдаанууд бас эзэнтэй. Түүхийн алдаа гэж бий. Тиймээс тэр бүх алдаануудаа ухамсарлаж байна гээд л ёстой түүндээ зориулсан хөшөө босгох хэрэгтэй болов уу.
Улаанбаатар хотын өмнө тавигдаж буй өнгөрсөнүүдийн асуудал цөөн тооны үхсэнүүдийн хөшөөнүүдээр хязгаарлах дэндүү явцуу санагдана. Далан давхар гээд Мянга мянган үхсэнүүдийн шарилууд хотын үргэлжлэл болон оршиж байна. Тэднийгээ яах вэ? Дэлхийн ямар ч улсын шарил оршуулгын газар цэцэг алаглан үнэхээр цэвэр ариун байдагдаа. Хүний үр нэгэн цагт халин одох жамтай. Тэгвэл явсан түүнийгээ хэн ч байсан дурсан гашуудаж эмгэнэж сурах бас л нэг эрдэм. Хүн сайндаа л 70, 80 хүрнэ биздээ. Хүрэх албатай ч биш. Эргэх цаг, өнгөрөх улирал бүр шинийг авчрах хорвоогийн ааш. Үүнтэй адил бас хүний хорвоо ч гэсэн хөгширч хуучирч шинэчлэгдэж урагшлаж явах учиртай. Хойч үе өмнөх үеэсээ хэзээд илүү шинийг бүтээж өмнөх үеэ засаж залруулж дурсаж уучилж явах тийм л хүний хорвоо доо, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
Грекийн алдарт төрийн хүн Периклэсийн \Perikles\ амиа алдсан цэргүүдийн шарил дээр хэлсэн үг философийн гүн утгатай. Тэр одоогоос 2500 жилийн өмнө хэлсэн хэдий ч өнөөгийн бидэнд яг л одоод хэлж буй мэт л бодит байгааг тусгажээ. Англиар “Pericles’ Funeral Oration” буюу “Периклэсийн шарил дээр хэлсэн үг” дараах утгатай: “Ардчилал бол бидний “Үндсэн хууль” яагаад гэвэл бидний төр цөөхөн хүмүүст зориулсан биш харин нийт олонд зориулсан” гэж хэлжээ. Тиймээ бидний хийж буй бүх үйлдэл нийт олонд л зориулагдах болохоос биш шилж сонгосон ганц хоёрт зориулагдах учиргүй. Периклэс хэлэхдээ ядуу явах гэдэг дутагдал биш харин ямарч ядуу хүн нэр хүндтэй болж өсөж дэвжих боломжтой тийм л төр улс оршин тогтнох заяатай гэжээ. Тэр үнэхээр л төрийн хүний гайхамшигтай чанар харуулсан үеийн үед яригддаг үгээ Афин хотын иргэдийн өмнө хэлжээ. Периклэс бас хамгийн муу иргэн бол төрийн төлөө юу ч хийдэггүй хүн гэжээ.
Аливаа ард түмнийг хир насанд хүрсэн эсэхийг мэдэх гэвэл үхсэнүүдтэйгээ хэрхэн харицаж чадаж буйгаар л дүгнээрэй гэсэн үг ортой бололтой. Бид бүгдээрээ л хэзээ нэгэн цагт үхнэ шүү дээ.
Үхэл бол ердөө л амисгаа авахтай адил цаанаасаа байгалаас өгөгдсөн гэдэг биш бил үү. Монгол хүн цээж төвхгөр хараа цэх шударга шулуун эрч хүчтэй алхаа гишгээ хүртэл бат цэх явах учиртай даа. Ямар ч их хийх ажил байна вэ дээ, ерөнхийлөгч Элбэгдоржоо, байна уу?
Төрийн онолч С. Молор-Эрдэнэ \доктор инженэр, доктор философич\
URL: