Юань, ам.долларын ханш үргэлжлэн унана гэв
“Найман шарга” төвд өчигдөр урд хөрш рүү өвлийн хувцас болон бусад бараанд явахаар төгрөгөө юаниар солиулах гэсэн наймаачдын хөл тасарсангүй. Юанийн ханш ч суларчээ.
Энэ сарын эхэнд 280 төгрөгтэй тэнцэж байсан урд хөршийн мөнгөн дэвсгэрт тус төвд 266 төгрөгийн ханштай байна. Тэндэхийн ченжүүд их хэмжээний юань авах хүмүүст 264 төгрөг гэсэн үнийг ч санал болгож байв.
“Юанийн уналт үргэлжилж байна”
Өнгөрсөн баасан гаригаас эхлэн суларсан юанийн ханш үргэлжилж байгааг “Батжин” төвийн мэргэжилтэн хэллээ.
Энэ төвөөр үйлчлүүлэх хүмүүс Хятадын мөнгөн тэмдэгтийн ханш хямдарч байгаа эсэхийг лавлана. “Өчигдрийнхөөс гурван төгрөгөөр буураад байна” гэх мэргэжилтний хариултад урамшсан хүмүүс “Байгаа төгрөгөө бүгдийг нь юань болгочихъё” гэв. Харин “3000, 5000, 2800 юань авъя” хэмээн цуврах үйлчлүүлэгчдийн хүсэлт дундаа хэсэг амсхийв. “Батжин” төвийн юанийн нөөц дуусч хөрш төвөөсөө зээлэх хэрэг гарлаа.
Удсан ч үгүй тус төвийн нэг мэргэжилтэн хажуугийн валют арилждаг газраас хэдэн боодол юань авчирч төгрөгөөр солив. Тэрээр 2800 юанийн захиалга өгсөн эмэгтэйн “Юанийн ханш ирэх долоо хоногт буурах болов уу” гэсэн асуултад “Ер нь сүүлийн өдрүүдэд бууж байна. Монголбанкнаас нийлүүлэлтийг нэмчихвэл үүнээс ч хямдрах боломж бий” гэв.
Ам.долларын эрэлт буурчээ
Энэ сарын 12-ны байдлаар Төвбанкны албан ханшаар ам.доллар 1721 төгрөгтэй тэнцэж байв. Харин өчигдөр “Найман шарга” төвд “ногоон” 1623 төгрөгт буулаа. Арав хоногийн дотор энэ валютын ханш 100 төгрөгөөр буурахад Япон улсын зах зээлд нэг тэрбум ам.доллартай тэнцэх иенийн бонд гаргахаар болсон нь нөлөөлж байгааг эдийн засагчид хэлж байна.
Мөн тэд цаашид “ногоон”-ы ханш буурах хүлээлт үүсээд байгааг онцолсон юм. Мөн тус төвд ам.долларын эрэлт өнгөрсөн сарынхаас буурсныг ченжүүд хэллээ. “Найман шарга” төвд өчигдөр ам.долларыг 1618 төгрөгөөр авч 1623-аар зарлаа. Харин арилжааны банкууд 1601 төгрөгөөр авч, 1653-аар арилжиж байв. Валютын ханш унаж байна. Ирэх өдрүүдэд ч буурах хандлага байгааг эдийн засагч, валютын ченжүүд хэллээ.
Мөн “Найман шарга” төвд “Эрээн” рүү бараанд явахаар төгрөгөө солиулахаар ирсэн зарим наймаачин үнийн өсөлт саарна гэдэгт санал нийлж байв.
Өмдний бизнес эрхэлдэг хоёр хүүхэн ийн ярилцав. Нэг нь “Өнгөрсөн сард Бээжингээс авчирсан өмдөө үнэтэй зарсан. Тэгэхгүй бол ам.доллар, юанийн төгрөгийн зөрүүнд шатах гээд байгаа юм чинь. Хуучин бараанаас бага зэрэг үлдсэн. Болохгүй бол энэ удаагийн өмдөө хямдхан хурдан борлуулчихаад Шинэ жилийн бараанд явах санаатай” гэхэд нөгөөдөх нь “Найз нь ирэх сард юань хэр буурахыг харж байгаад банкнаас бага хэмжээний зээл авч малгай, бээлий, ороолт оруулж ирдэг юм уу” гэлээ.
Ямартай ч ирэх өдрүүдэд үнэ тогтворжиж, хямдрах найдлагыг ойрын өдрүүдэд унаж буй валютын ханш төрүүлэх нь.
Э.Солонго
URL: