Японд бас нэг цахилгаан станц түгшүүр зарлав
эЭнхийн цөмийн эрчим хүчтэй холбоотой бас нэг түгшүүрт мэдээ Японоос ирж байна.
“Цуруга” цөмийн цахилгаан станцыг ажиллуулдаг Japan Atomic Power (JAPC) компани станцын хоёрдугаар реакторын хөргөлтийн шингэн дэх цацраг идэвхт бодисын түвшин хэвийн хэмжээнээс хэд дахин өндөр боллоо хэмээн мэдэгдэв.
Тус цөмийн цахилгаан станцын түлшнээс цацраг идэвхт бодис алдагдсан байж болзошгүй тухай мэргэжилтнүүд ярьж байгаа нь сэтгэл түгших шалтгаан болж байгаа аж. Гэвч яг ямар осол болсон талаар мэдээлэхгүй байна. JAPC цөмийн реакторуудынхаа нэгийг зогсоожээ.
“Цуруга” цөмийн цахилгаан станц нь Хоншю арлын Фүкүй мужид Япон тэнгисийн эрэг дээр ижил нэртэй хотод (70 мянган оршин суугчтай) байдаг. Тус станц цөмийн хоёр реактортой бөгөөд эдүгээ дахин хоёр реактор нэмж барьж байгаа аж.
Гуравдугаар сарын 11-нд Японыг нөмөрсөн газар хөдлөлт, цунамийн улмаас 11 мянган хүн амиа алдаж, 17 мянган хүн сураггүй алга болсон билээ. Байгалийн гамшиг “Фүкүшима-1″ цөмийн цахилгаан станцын хөргөх системийг сүйтгэж, хэд хэдэн дэлбэрэлт болсны улмаас цацраг идэвхт бодис ихээр алдагдсан юм.
Эдүгээ тус цахилгаан станцын хоёр, гурав, дөрөвдүгээр реакторыг хөргөхийн тулд өдөрт 170 тн ус цацаж байна. Тэдгээрээс хаанаас нь йод, цези зэрэг цацраг идэвхт бодис алдагдаад байгааг тогтоож чадаагүй л байна.
ТЕРСО компани энэ алдагдлыг зогсоохын тулд дор хаяж гурван сар зарцуулна хэмээн тооцоолжээ. Аврагчид өндөр цацраг идэвхжлийн түвшинд ажилласаар байгаа юм. Дөрөвдүгээр сарын сүүлчийн байдлаар, 30 орчим ажилтан тогтоосон хэмжээнээс илүүтэй цацраг идэвхт бодист хордоод байна.
Үүний дараа Фүкүшима мужийн захирагч Юхеи Сато “Осолд өртсөн цөмийн цахилгаан станцыг дахин ашиглахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдлээ.
Н.Мөнхжин
URL: