Хатуу эд зөөлөрч шүдэнд эмгэгийн хөндий үүсэхийг цоорол гэнэ

Хатуу эд зөөлөрч шүдэнд эмгэгийн хөндий үүсэхийг цоорол гэнэ

Шүд болон амны хөндийг эрүүл байлгахын тулд хүүхдийг багаас нь шүдээ зөв, тогтмол угаах ёстойг сайн ойлгуулах хэрэгтэй.

Гурван нас хүртлээ хүүхдүүд шүдээ угааж чаддаггүй. Харин сүүн шүд ургаж эхэлмэгц эцэг, эхчүүд нь угааж өгөхгүй бол бага багаар өвчилдөг. Нэгэнт өвчилсөн сүүн шүд нь унаж гүйцэлгүй ургаж байгаа шүдэндээ нөлөөлдөг байна.

Шүд маань шүлснээсээ эрдэсжилтээ авч байдаг. Хүний аман доторх бичил биетэнг тэжээдэг зүйлс нь хоол хүнсний буруу дадал зуршлууд (наалдамхай чихэр, жимс, жүүс ундаа) байдаг байна.

Чихэр жимсийг байнга бага багаар өгөх нь шүдийг хурдан хугацаанд өвчлүүлдэг гэнэ. Мөн хүүхдийг унтаж байхад хөхөө байнга хөхүүлэх нь амны хөндийн хүчиллэг орчинг үүсгэж байдаг байна. Шүдний хатуу эдийн дутагдлаас болоод хатуу эд зөөлөрч шүдэнд эмгэгийн хөндий үүсэхийг цоорол гэнэ. Бага насны хүүхдийн шүд цоорох өвчин болон түүний хүндрэл, амны эвгүй үнэр зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол сайн угаалгаж байх.

Мөн шүдний түшилцэх гадаргуу нь энгийн угаалтаар цэвэрлэгддэггүй бөгөөд хоол идсэний дараа заавал угаах, угаах боломжгүй эсвэл шүд угаах үед хэт их эмзэглэлтэй тохиолдолд ам зайлах уусмалыг хэрэглэж болно. Гэхдээ энэ нь шүд угаасантай харьцуулахад ач холбогдлын хувьд бага.

Хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд хоёр нас хагастайд нь ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд), доороо 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд )-н шүд, нийт 20 шүдтэй болсон байна.

Хүүхдийг 5-7 настайд нь эхний байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх ба цаашид 13 нас хүртэл нь солигдож эхэлнэ. Энэ үед нь онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь хүмүүс сүүн шүд унаж байж л ясан шүд гардаг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг бөгөөд 5-7 настай үед хамгийн хойд талд нь насан туршид байх хамгийн чухал шүд болох Их Араа шүд ургасан байдаг.

Энэ шүдийг солигдох шүд хэмээн тоомжиргүй хандсанаас (энэ үед хүүхдийн шүд 21-24 болсон байна) эрт цоорч, улмаар авагдах хүртлээ хүндэрсэн байдал манайд элбэг тохиолдож байна.

Харин шүд солигдох үеэс нь эхлэн хүүхдийг фтортой оогоор угаалгаж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн нэмэлтээр эрдэсжүүлэх эм, бэлдмэлүүдийг тогтмол өгч байх хэрэгтэй юм.

Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг “солигддог шүд” учраас арчлах шаардлагагүй гэж үздэг. Гэтэл сүүн шүд нь байнгын шүднээс ч илүүтэйгээр арчилгаа шаарддаг. Учир нь:

- Сүүн шүд эрдэсжилт бага, паалан нимгэхэн байдаг тул цоорохдоо (хорхойтохдоо) амархан байдаг.
-Хорхойтсон сүүн шүд маш хүчтэй өвддөг.
-Хорхойтсон сүүн шүд нь байнгын шүднийхээ ургалтыг гэмтээж болно.
-Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд урагшаа түрж, байнгын шүд ургах зайгүй болдог тул байнгын шүд буруу гажиг байрлалтай, давхар ургах зэргээр гажиг үүсгэх нөхцөл болдог.
-Хорхойтсон сүүн шүдэнд их хэмжээний нян агуулагдах бөгөөд шинээр ургах ясан шүд болон ойролцоо шүднүүддээ халдвар дамжуулж цооруулдаг.

Г.Мартбаясгалан /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих