Ж.Тэгшжаргал “Балдорж” шагналын эзэн боллоо

Ж.Тэгшжаргал

Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” сангийн шагнал гардуулах ёслол боллоо.

Нэгэн үе Монголын сэтгүүлзүйн салбарыг манлайлан од мэт гялалзаж, олон арван сэтгүүлчдийг мэргэжлийн хувьд өсч торнин, даль жигүүрээ ургуулахад тусалж, эцгийн хайрыг харамгүй түгээж явсан Ц.Балдорж агсны нэрэмжит шагнал хүртэх нь сэтгүүлчдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг.

Тав дахь жилдээ олгож буй энэхүү эрхэм шагналын энэ жилийн эзэн хэн бэ гэдгийг “Балдорж” сангийнхан шагнал гардуулах ёслолоос өмнө нийтэд мэдээлэхээс татгалзаж байсан юм.

Харин энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр “Өнөөдөр” сонины Эдийн засаг, үйлдвэрлэл, бизнес мэдээллийн албаны тоймч Ж.Тэгшжаргал тодорсон юм.

Монголын үе үеийн сэтгүүлчид мэргэжлийн бүтээлдээ жинхэнэ мэргэжлийн үүднээс дүн тавиулдаг уг шагналын анхны эзнээр “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан бол удаах шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ,
“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, Монголын нэрт нийтлэлчдийн нэг Ж.Гангаа, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр нар хүртэж байсан билээ. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд сэтгүүлзүйн салбарынхнаас гадна сэтгүүлзүйн гал тогооноос гаралтай улс төрийн хүрээнийхэн оролцлоо.


URL:

Сэтгэгдэл бичих