Ц.Цацрал: Хүйсээр нь ялгавал шөнө эмэгтэй байх

Ц.Цацрал: Хүйсээр нь ялгавал шөнө эмэгтэй байх

Төрийн соёрхолт зураач Т.Цэгмидийн охин Ц.Цацралтай ярилцлаа. Тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөж, Берлиний урлагийн дээд сургуульд уран зургийн багш хийж байгаа юм.

-Берлинд 10 гаруй жил ажиллаж, амьдарсан гэсэн. Монголдоо ирэх сайхан байна уу?
-Эх орноосоо гараад 10 гаруй жил болжээ. СУИС-д хувцас загварын мэргэжлээр суралцаж төгссөн. Тэгээд Берлинд очиж үргэлжлүүлэн уран зургийн ангид суралцсан юм. Аавыгаа дагаад багаасаа л уран зурагт хайртай, дуртай өссөн дөө. Хувцас загвараар ажиллахаар надад зураг зурах цаг зав гардаггүй байлаа. Тэгээд нэг л өдөр аль нэгийг нь сонгох ёстой гэж бодсон. Удам угсаа, сэтгэл зүрхээ дагаад уран зургийн ажлаа эхлүүлсэн. Энэ сонголт миний хамгийн зөв алхам байсан.

- Аав тань мэдээж нөлөөлсөн байх. Уран бүтээлийг маань үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн үү?
-Хүмүүс “Цэгмид гуай алдартай зураач учраас чамд зааж өгдөг үү. Зургийг тань засдаг уу” гэж асуудаг. Аав надад юу ч хэлээгүй. Өөрөө их эрх чөлөөтэй хүн учраас намайг ч гэсэн тийм байлгахыг хүсдэг. Миний уран бүтээлд хөндлөнгийн нөлөө орчих вий гэж болгоомжилдог байх. Аав бид хоёрын уран бүтээлийн ертөнц өөр. Бид зургаа хамт зурдаггүй. Харин уран бүтээл, зураг, түүх бусад олон сонирхолтой зүйлсийн талаар байнга ярилцдаг. Үүр цайтал буу халах ч үе бий.

-Аав тань уран бүтээлээ хийгээд л байна уу. Энд цуг байгаа юу?
-Тийм. Аав маань их сонирхолтой хүн шүү, зургаа зураад л. Бийр, будгаасаа ямар холдож чадах биш. Бид хоёр үеийнх юм шиг л ярилцдаг. Намайг их ойлгоно. Яриа бүр нь миний оюун ухааныг цэнэглэдэг юм шиг. Тэр нь миний уран бүтээлд тусгагддаг юм болов уу.

-Ц.Цэгмид гуайн бүтээлийг гүн агуулгатай гэдэг юм билээ. Та зургуудыг нь юу гэж дүгнэдэг вэ?
-Надад сайхан мэдрэмж төрдөг. Дүгнэж зүрхэлдэггүй юм. Аавыгаа зураг зурахыг харж өссөн болоод ч тэр үү надад будагны үнэр хүртэл дотно санагддаг. Одоо зургаа зураад шатаж суух үедээ аав минь ч гэсэн ингэж байсан байх гэж боддог. Өөрөө эрх чөлөөтэй хүн учраас намайг “Эх орондоо ир” гэх ч юм уу хэзээ ч тэгж барьдаггүй. “Бүх л зүйл чиний хариуцлага чиний сонголт” гэж хэлдэг.

-Уран бүтээлчид байнга эрэл хайгуул хийж явдаг. Монголдоо ирэхэд таны сэтгэлийг хөндөж, хөдөлгөсөн зүйл олон байсан байх. Юуны тухай зурахыг хүсэж байна вэ?
-Би Монголдоо ирээд 10 гаруй хонож байна. Зун найр наадам болж айраг цагаа гараад сайхан. Зураачдаас ч хэмнэлтэй, гэгээлэг уран бүтээлүүд төрдөг байх гэж боддог. Харин намаршаад ирэхээр хүн бүхэн сэтгэлээ хураадаг юм болов уу. Их л бодлогошронгуй явах юм. Өмнө нь амьдралд юу болж байна тэр бүхэнтэй уран бүтээлээ холбодог байсан.

Жирэмсэн байхдаа үр хөврөл зурах ч юм уу. Харин одоо арай өөр сэтгэлгээтэй болоод байна. “Хүмүүс яагаад шашин шүтдэг юм, яагаад ирээдүйгээ мэдэх гээд асуугаад байдаг юм” гэсэн бодлууд толгойд эргэлддэг. Ер нь энэ ертөнцийн хамаг нууцад нэвтэрч түүнийг уран бүтээлээрээ тайлбарлахыг оролдоно. Нууц, гүн утга учиртай бүхэн миний сонирхлыг татдаг.

-Монголын зураачид Европын уран бүтээлчдээс ямар нэгэн зүйлээрээ ялгарна. Тэр ялгаа юу вэ?
-Орон орны уран бүтээлчид өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголын зураачид гарын дүртэй, донж маягийг нь олж зурахдаа мундаг. Европчууд бол энгийн хэлбэрээр санаагаа илэрхийлдэг.

-Европын орнуудыг уран бүтээлчдэд ээлтэй гэдэг. Берлинд амьдарч уран бүтээлээ хийх орчин сайхан байх?
-Монгол төдийгүй Азийн уран бүтээлч олон бий. Бүгд л сайхан амьдарч байна. Бид үзэсгэлэн гаргахад байрны түрээс төлдөггүй. Хэрвээ ямар нэгэн галерейн зураач бол байраар хангана. Үзэсгэлэнгээ гаргавал зардлыг хариуцна гээд орчин нөхцөл харьцангуй сайн. Гэхдээ галерейн зураач болох шалгуур өндөр. Галерейтай гэрээ хийсэн бол үзэсгэлэнгээс зарагдсан зурагныхаа орлогыг тэнцүү хувааж авдаг. Энэ мэтчилэн Монголын урлагийн тогтолцооноос өөр зүйл олон бий.

-Монголын зураачид бор зүрхээрээ уран бүтээл хийж яваа. Эх орондоо хэзээ ирэх вэ. Амьдрах, ажиллах орчин хэцүү санагдах болов уу?
-Эх орон шиг сайхан зүйл юу байх вэ. Би өндөр хөгжилтэй оронд сайхан амьдарч байгаа харагдана. Гэхдээ сэтгэлдээ эх орноо санан уйлж явдаг юм. Үүнийг би аавдаа ч хэлж байгаагүй. Одоо ерөнхийдөө Германдаа суурьшиж байна. Гэр бүлтэй боллоо. Гурван хүүхдийн ээж болсон. Жил бүр эх орондоо ирж уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж сэтгэл зүрхээрээ хамт байна. Монголын зураачид бор зүрхээрээ яваа гэдэгтэй санал нийлж байна. Бид ч ялгаагүй дээ. Галерей, ивээн тэтгэгчийн нүдэнд өртөж чадахгүй бол тэмцээд л явна.

-Уран зураг олон төрөлтэй. Шинэ урсгалууд ч орж ирж байна. Таны онцлог юу вэ?
- Судлаачид бидний зургийг тодорхойлно. Түүнээс би сууж байгаад реалимз зурчихъя гэсэн хайрцаг байдаггүй. Тухайн үеийн мэдрэмж, харах өнцөг өөр учраас ямар ч зураг гарч болно. Урлаг судлаачид миний зургийг ихэнхдээ “Neo-Expressionism” урсгал давамгайлсан гэдэг. Үүнийг сэтгэлийн хөдлөлөөр ажилласан бүтээл гэж орчуулж болох юм. Гэхдээ ямар нэгэн урсгал, чиглэлд баригдалгүйгээр уран бүтээл хийх нь илүү сонирхолтой.

-Бодолдоо байсан сэдвээ буулгаад бийрээ тавихад нэг сайхан амьс­гаа авна биз. Тэр үеийн мэдрэмжийн тухайд?
-Хүний амьдралын хамгийн сайхан зүйл дуртай ажлаа хийх юм болов уу. Тоо бодох дургүй байтлаа толгойгоо өвдтөл бодоод явж байгаа хүн олон байна. Хэцүү л дээ. Сэтгэлийн амар тайвныг мэдэрч чадахгүй. Би уран зурагт хайртай учраас тэр зүйлээс авч болох бүхий л сайн сайхны дээдийг мэдэрдэг. Зураг зурах болгонд амарч байгаа юм шиг санагдана.

-Бүтээл бүхэндээ л хайртай байх. Онцлоод жаахан ярихгүй юу. Монголчууд таны зургийг сайн мэдэхгүй?
-Үнэхээр хайртай бүтээл байлгүй яахав. Гэхдээ хүнээс харамлаад хав дараад байдаггүй. Юм бүхэнд төгсгөл бий. Мэдрэмжээс төрсөн зураг маань миний агуулахад байснаас нэг газар өлгөгдөөд хүмүүсийн сэтгэлийг баясгасан нь илүү дээр. “Сонин толь”, “Илбэчин” гэдэг бүтээлдээ илүү хайртай.
-Зургаа харамладаггүй гэлээ. Хамгийн өндөр үнэ нь хэд хүрч байсан бэ. Нууц биш бол?
-Үнэ хэлэхээр хүмүүс дургүй байдаг. Гэхдээ саяхан Берлины кино театрын дарга миний хоёр зургийг 7000 еврогоор авсан. Аль ч газрын зураачид адилхан байх. Зураг сайн зарагдвал баяжина. Зураг нь өлгөөтэй байвал хүлээхээс өөр аргагүй. Монголтой харьцуулахад Германд олон уран бүтээлийн уралдаан болно. Амжилттай оролцвол хангалттай орлоготой.

-Монгол мөнгөөр бараг 15 сая орчим төгрөг болж байна. Гэхдээ Герман өртөг өндөртэй байх?
-Европын орнууд дундаа гайгүй. Гэхдээ манай байрны түрээс гэхэд 1200 евро. Тэгээд хувцас унаа машин гээд жаахан өндөр гарна. Монголд ч дутахааргүй болсон байна. Зарим хүнсний зүйл нь бараг Берлингээс өндөр үнэтэй байсан.

-Эмэгтэй зураачдын онцлог нь юу вэ. Хэцүү бэрхшээлтэй зүйл олон бий юу?
-Гэр бүлдээ анхаарал хандуулна, хүүхдээ харна. Би өдөр зураг зурдаггүй. Шөнийн 00.00 цагаас үүр цайтал зурна. 03.00 цагийн үед уран бүтээлдээ нэлээд гүнзгий орсон байдаг. Хүн хажууд ирээд юм ярьсан ч сонсохгүй болно.

-Тэгээд хэзээ унтаж амрах уу?
-Хүн өдөрт 6-8 цаг унтах ёстой гэж ярьдаг. Би тэгж удаан унтдаггүй. Орой 09.00-00.00 цаг хүртэл унтана. Өглөө бас хоёр цаг орчим унтана даа. Энэ миний амьдралын хэвшил болсон зүйл. “Нойр дутуу. Ядрах болов уу” гэж боддог ч үгүй. Ер нь хүн хэн нэгний хэв маягаар биш сэтгэлээрээ л амьдрах хэрэгтэй юм билээ. Өдөр шөнийг хүйсээр ялгах юм бол өдөр нь эр, шөнө нь эм юм шиг санагддаг. Орж байгаа бодлууд их ондоо. Шөнө их уянгалаг, зөөлөн, гүн байдаг.

-Зураачид их өвөрмөц ертөнцтэй хүмүүс юм шиг. Хувцаслалт нь ч их сонирхолтой байх юм?
-Бид бүгдээрээ л адилхан зүрх сэтгэлтэй хүмүүс. Бүдүүн гинж зүүгээд нүдээ хараар будчихаар өөр хүн болчихгүй. Надад юу таалагдаж байна түүгээр л гоёдог. Бусдын адил амьдралын бэрхшээлтэй тулгарна. Магадгүй миний хувцаслалтыг хараад энэ зохиолын дуу сонсдоггүй байх гэж бодож байна уу. Би аль ч дуунд дуртай. Ер нь хүнийг гаднаас нь харж дүгнэх буруу байх.

-Хамгийн сүүлд хит болоод байгаа зохиолын дууг сонссон уу?
-С.Жавхлангийн эхнэртэйгээ хамт дуулсан дуу юу. Би сонсоогүй. Сүүлийн үеийн дуучдыг нэг их сонсохгүй. Нэг л хэлбэрдээд, хоолойгоо шахаад байх шиг санагддаг. Харин Б.Төмөрхуяг, П.Адарсүрэн, Б.Түмэндэмбэрэл гээд дээр үеийн дуучдад дуртай. Интернэтээс хайж байгаад л сонсоно. Зөөлөн, эвлэгхэн дуунууд таалагддаг.

-Берлинд амралтын өдрөө яаж өнгөрөөдөг вэ?
-Долоо хоногт хоёр удаа амардаг. Хүмүүс нь хүүхдүүдээ аваад агаар салхинд гарахыг илүүд үздэг. Хоёр өдөр ч сэтгэлээ амар байлгахыг хүснэ. Бид хүүхдүүдээ аваад зуслангийнхаа байшинд очдог. Тэнд цэцэг, жимс, ногоо тарьсан. Түүнийгээ усалж арчлах гээд Берлины жирийн айл яаж амарна тэр л жишгээр өнгөрүүлнэ.

-Ер нь гэр бүлийн үнэ цэнийг та юу гэж боддог вэ. Герман, монгол гэр бүл юугаараа ялгаатай байна?
-Монголчууд сайхан. Нэг доороо цуглараад л, бие биедээ туслана. Германд тэгэхгүй. Тухайн хүн өөрөө л амьдралаа авч явдаг. Аав ээж нь жаахан хөгшрөхөөрөө “Би асрамжийн газар очмоор байна” гэдгээ хэлдэг. Өөрсдийн эрх чөлөөнд дуртай. Энд “Асрамжийн газар оч” гэвэл хүн амьтан муулаад насны юм болно биз дээ. Ер нь хүйтэндүү, хөндий ч юм шиг санагддаг.

Т.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих