“Гладиатор”-ыг “Ану хатан”-тай харьцуулж ярих шаардлагагүй
“Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн олон киноны ерөнхий зураглаачаар ажилласан Австралийн кино зураглаачдын холбооны гишүүн, кино зураглаач, гэрэл зурагчин, МУСТА Д.Ангарагтай ярилцлаа.
-Яриагаа таны хүүхэд насны дурсамжаас эхэлье. Ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байсан бол?
-Багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Их л олон мэргэжилтэй болно гэж боддог. Эхлээд цагдаа, дараа нь дипломатч гээр төрөл бүрийн л мэргэжлийг сонирхсон. Ер нь багадаа их ч хөдөлгөөнтэй, хичээл номдоо тийм сайн биш, сахилгагүй хүүхэд байсан. Гоц гойд, сургуулийн тэргүүний сурагч бол байгаагүй.
-Мөрөөдөж байсан олон мэргэжил дундаасаа яагаад заавал зураглаач мэргэжлийг сонгов?
-Японд гэрэл зурагчин мэргэжлийг эзэмшсэн. Тэгээд ирснийхээ дараа зураглаач мэргэжлийг илүү их сонирхсон.
-Хятадад оюутан байсан үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Мэдээж гэрээ их санана биз?
-Ер нь хэцүү шүү дээ. Хамгийн гол зүйл бол хэл байсан. Анх Хятадад очоод хэлний бэлтгэлдээ суусан. Тэгэхдээ харин хятад хэлийг гайгүй сайн сурсан. Манай сургууль Хятадын HSK гээд түвшин тогтоох шалгалтын зургаан зэрэг авч байж суралцах эрхээ олж авдаг байсан болохоор тэр зэргээ авахын тулд нэлээд их хичээсэн. Хүний оронд хэцүү, бэрхшээлтэй зүйлүүдтэй тулгарч л байлаа.
-Танай гэр бүлийнхэн дунд урлагийн хүн бий юу. Урлагт хэр элэгтэй хүмүүс байдаг вэ?
-Манай аав насаараа л урлагийн салбарт ажиллаж, амьдарч байгаа хүн. Бас хадам аав, ээж маань урлагийн хүмүүс байдаг.
-Уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байв?
-Японоос ирснийхээ дараа 2000 онд З.Золбаяр ахын үүсгэн байгуулсан “Монгол фильм” гээд студид туслах зураглаачаар ажилладаг байлаа. Тэнд ажиллаж байхдаа “Сэргээш-1, 2”, “Дурласны маргааш”, “Надтай гэрлээч” гээд хэд хэдэн кинонд ажилласан. Харин ерөнхий зураглаач гэсэн эрхээ авсны дараа ажилласан эхний кино бол “Миний хөрш чөтгөр”.
-Та түүхэн болон орчин үеийн сэдэвтэй киноны аль алин дээр ажиллаж байсан. Ер нь зураглаач Д. Ангарагийн уран бүтээлийн онцлог, бусдаас ялгарах өнгө аяс юундаа байдаг вэ?
-Би заавал бусдаас ялгарах гэж хичээдэггүй. Кино зохиолоо уншсаныхаа дараа надад ямар сэтгэгдэл төрсөн, миний толгойд яаж төсөөлөгдөж бууснаар л хийдэг. Ямар ч төрлийн кино байсан тухайн кинонд ажиллаж байх үедээ тийм төрлийн кино үздэггүй.
Жишээлбэл, “Ану хатан” киноны зохиолыг авсныхаа дараа нэг ч түүхэн кино үзээгүй. “Бодлын хулгайч”- ийн зохиолыг авчихаад бэлтгэл ажил хийгдэж байх үед бас тийм төрлийн кино үзээгүй. Яагаад гэхээр ижил төстэй киноны план, зураглалыг дуурайх гээд байх магадлал өндөр. Яахав хуулаад хийх амархан л даа. Гэхдээ тэгж хийсэн бүтээл “миний” гэж овоглох бүтээл болохгүй гэж боддог.
-Таны ерөнхий зураглаачаар ажилласан кинонуудаас хамгийн хүнд зураг авалттай, зураг авалт удаан үргэлжилсэн кино аль нь вэ?
-Мэдээж “Ану хатан”. Маш олон уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр шингэсэн бүтээл. Дэлгэцэнд гарснаас нь хойш хүмүүс янз янзаар л ярьж байна. Мэдээж “Ану хатан” киног Холливүдийн том том түүхэн кинотой харьцуулж болохгүй байх. Монголын зах зээл хэр билээ, дээрээс нь кино бүтээх зардал хэд билээ. Холливүдийн киноны техник технологи, зарцуулж байгаа хөрөнгө оруулалт ямар байдаг билээ. Хоорондоо асар их ялгаатай. Тэр бүхнийг бодохгүйгээр “Гладиатор”-ыг “Ану хатан”-тай харьцуулж ярих шаардлагагүй.
-Та өөрөө манай алтан үеийнхий ямар киноны ямар хэсгийн зураг авалтанд хамгийн их дуртай вэ?
Алтан үеийнхнийхээ хийсэн бүх кинонд дуртай. Яагаад гэвэл би өөрөө Монголд энэ мэргэжлийг эзэмшээгүй болохоор манай ахмадуудын хийсэн кино болгон миний хувьд багш болдог. Би нэртэй найруулагч Г.Жигжидсүрэн, Б.Балжинням, Х.Дамдин гуай нараар хичээл заалгаагүй. Гэхдээ тэр хүмүүсийн уран бүтээл болгоноос өөрт байхгүй зүйлийг олж авдаг. Харин өөрийнхөө зураг авсан кинонуудаас гэвэл “Бодлын хулгайч”-ийнхаа он цаг хугацаа шилжиж байгаа хэсэгт их дуртай.
-Манай киноны, тэр дундаа зураглаачдын түвшин хэр өсч байна?
-Би бол манай кино зураглаачдын түвшин муу гэж хардаггүй. Манай Д.Баттулга ах, Б.Отгонзориг гээд сайн мэргэжлийн зураглаач нар байна. Ер нь би Монголынхоо уран бүтээлчдийг гадныхантай харьцуулж муу гэж хардаггүй. Бидэнд алдаа оноо байгаа ч суралцаж л байгаа.
-Олон улсын чанартай уралдаан тэмцээн, сургалтанд манай зураглаачид хэр оролцдог бол. Таны хувьд?
-Яг одоогийн уран бүтээлчдээс оролцсон хүн бол алга байна. Харин би ирэх 10-р сард анх удаа Монголоо төлөөлөөд АНУ- ын Лос Анжелест мэргэжлийн зураглаачдад зориулсан тусгай сургалтанд явах гэж байна.
-Та кино зураг авахдаа ямар камер ашиглаж байна?
-Янз янз даа. Киноны төсөв мөнгөнөөсеө хамаараад төрөл бүрийн л камер хэрэглэж байна.
-Монголд кино хийхэд техник хэрэгсэл хэр олдоцтой байна?
-Ихэнхдээ л түрээсээр. Ер нь Монголд гэлтгүй, дэлхий ертөнцийн хаана ч түрээсээр л ашигладаг. Хүмүүс намайг зураглаач гэхээр л аймаар их техник хэрэгсэлтэй гэж боддог юм шиг байна билээ. Яг үнэндээ надад ямар ч тийм техник хэрэгсэл байдаггүй.
-Гэрэл зурагчныхаа хувьд фото зургийн үзэсгэлэн, дагнасан ном гаргах бодол бий юу?
-Энэ бол ёстой хэтийн төлөвлөгөө. Одоо миний урын санд нэлээд зураг бий. Уг нь 2010 онд надад үзэсгэлэн гаргах санал тавьж байсан. Гэхдээ миний хувьд үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрээгүй гэж бодож байна.
-Өнөөдрийн байдлаар нийт хэдэн кинонд ажилласан байна вэ?
-Анх 2000 онд эхэлснээс хойш гэж бодвол 30 шахам бүтээл бий.
-Хамгийн сүүлд ямар уран бүтэл дээр ажилласан бэ?
-Б.Чингүүний найруулсан сэтгэхүйн аймшгийн кинонд ажилласан.
-Өөрийн ажилласан кинонуудаас энэ л Ангарагаар овоглоно доо гэсэн бүтээлээ нэрлээч гэвэл?
-Энэ тухай бодож байгаагүй юм байна. Яахав “Ану хатан”-гаа арай түлхүү байх болов уу гэж бодож байна. Энэ кинонд маш олон шинэ шийдлүүдийг хийх гэж хичээсэн.
-Гарын шавь бэлдэж байна уу?
-Хүмүүс энэ асуултыг их асуудаг юм. Багшлах санал ч ирдэг. Гэхдээ би өөрийгөө хүнд заах хэмжээнд хүрээгүй гэж чамладаг. Одоо ч суралцах, олон юм үзэж харах хэрэгтэй гэж боддог болохоор багшлах саналуудад татгалздаг даа.
А.Халиун
URL: