Ассанж: Facebook бол “тагнуулын механизм”

WikiLeaks төслийн ард зогсож байнга шуугиан дэгдээж байдаг Жулиан Ассанж өөрийн ажлаа дуусгаагүй бололтой. Тэрээр олон орны засгийн газруудтай холбоотой нууц баримт бичиг дэлгэж олны хүртээл болгож байсан.

Үүнийхээ үр дүнд тэрээр шүүхэд хүртэл татагдаж амжсан юм. Гэсэн хэдий ч тайвшрах болоогүй байгаа энэ эр RT телевизэд өгсөн ярилцлагадаа бас нэгэн шуугиан дэгдээлээ. Дэлхий дээр хамгийн алдартай сүлжээ болох Facebook сүлжээ үнэн хэрэгтээ “маш муухай тагнуулын механизм” гэж мэдэгдсэн байна.

Энэ сүлжээ нь хүмүүс, тэдний харилцаа, тэдний нэр, хаяг, хаана байгаа, бусадтай хэрхэн харилцаж байгаа талаархи өргөн хүрээтэй мэдээллийн бааз болж өгдөг гэнэ. Энэ бүхэн нь АНУ-д байрлаж байдаг бөгөөд тус улсын тагнуулын албанд нээлттэй байдаг юм. Facebook, Google, Yahoo нь Америкийн томоохон компаниуд бөгөөд Америкийн тагнуулын албаныханд зориулсан тусгай интерфейсийг агуулж байдаг талаар Ассанж ярьсан байна.

Телевизийн хөтлөгч “Facebook-ийг тэгвэл Америкийн тагнуулын газраас удирдаж байна гэж үздэг юм уу?” гэсэн асуултанд хариулсангүй. Гэхдээ “Америкийн тагнуулын газраас хүмүүст шүүх болон улс төрийн дарамт үзүүлэх боломжтой” гэж хариулсан байна. Хүн бүр өөрийн Facebook-тээ “нэг найзаа бүртгэж авах бүрийд Америкийн тусгай албаныханд тэдний талаархи мэдээллийн сантай болоход тусалж байна” гэжээ.

Сүүлийн үед Facebook-ийнхэн нууцлал, аюулгүй байдалтай холбоотой тохиргоогоор ихэд гайхшруулж байгаа бөгөөд тэр бүр таашагдахгүй байгаа юм. Энэ компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг нэрээ нууцлахын эсрэг байгаа бөгөөд энэ нь хүмүүст тэр бүр таалагдахгүй байгаа гэнэ.

Т.Бүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих