”Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагууд Лондонг зорилоо
Английн Лондон хотод төвтэй “Рио Тинто”-гийн удирдлагуудтай “Оюутолгой” компанийн далд уурхайн үйл ажиллагааг хэвийн болгох талаар яриа хэлэлцээр хийх Монголын багийн бүрэлдэхүүн тодорхойгүй байснаас хойшлогдоод байсан билээ.
Тэгвэл хэдхэн өдрийн өмнөхөн шинээр томилогдсон ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу нар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай яриа хэлэлцээр хийхээр Лондоныг зорилоо.
Оюутолгой далд уурхайгаа зогсоосон нь сүүлийн үед ихээхэн хүндрэл учруулаад байгаа. Эдийн засаг хүндэрсэн энэ үед Монголын талаас яаралтай арга хэмжээ авч хэлэлцээр хийн гүний уурхайд нэмэлт хөрөнгө оруулалт хийх асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол асуудал хүндэрч мэдэхээр байгаа гэж албаныхан хэлж байгаа юм. Засгийн газрын зүгээс ч Оюутолгойн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн төлөө байгаа гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлж байгаа.
Лондонг зорьсон Эрдэнэс Оюутолгой компанийн удирдлагууд “Рио Тинто” компанийн удирдлагуудтай уулзаж, өмнө нь шийдэгдээгүй байсан асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар ярилцах юм байна.
Энэхүү уулзалтын дараа “Рио Тинто”-гийн удирдлагууд ч Монголд ирж, асуудлаа шийдэх юм байна. Хөрөнгө оруулагч талтай хийх тэдний хэлэлцээрээс Монголын эдийн засгийн аюулгүй байдал хамаарах болохыг өчигдөрхөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ нар онцолсон. Хэрвээ тэд “Рио Тинто” компанийн зүгээс санал болгож байгаа урт хугацаат зээлийн нөхцлийг нь хүлээн зөвшөөрөх юм бол Монгол Улс 5.7 тэрбум ам.доллар, дээр нь менежмэнтийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-д нэмж өгөх өрөнд унана. Түүгээр зогсохгүй зээлийн барьцаанд нь Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж, алдах эрсдэл хүлээж байгааг дээрх нэр бүхий гишүүд сануулснаас харвал энэ удаагийн хэлэлцээр өмнөх хэлэлцээрүүдээс хамгийн их ур ухаан шаардах болж байна.
24tsag.mn
URL: