Гей мисс Сарнай: Энэ нийгэмдээ би жүжигчин шиг л амьдарч байна шүү дээ

Ижил хүйстэн гэхээр бид төдийлэн сайн ойлгодоггүй байсан. Харин одоо нэг үеэ бодвол бас ч гэж нийгмийн сөрөг

хандлага багассан байх.  Бид тэдний талаархи зөв бодлыг төлөвшүүлэх зорилгоор “Гей мисс-2010” тэмцээний Гран при  шагналт Сарнайтай ярилцлаа.

-Юуны өмнө тантай ярилцлага хийх хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа ямар ч баггүй энгийн яриа өрнүүлье?
-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Нээлттэй ярилцага өгөхөд таатай байна.

-Өөрийгөө ижил хүйстнээ сонирхдог гэдгээ хэзээнээс мэдсэн бэ?
-Ерөнхийдөө багаасаа л надад эмэгтэйлэг шинж төрх байсан.  Дунд сургуульд буюу шилжилтийн насандаа  эрэгтэй хүнийг сонирхож эхэлсэн. Тухайн үед би ингэж яасан ч болохгүй гэж өөрийгөө ихээхэн  буруутгадаг байлаа. Хөдөө ЕБДС-иа төгсч  хотод ирээд өөртэйгээ адилхан бэлгийн чиг баримжаатай залуустай танилцаж өөрийгөө ганцаарлаас аварсан даа.

-Таны хувьд тарансжендер/ өөрийн төрсөн хүйснээсээ татгалзах/ гэдгээ гэрийнхэндээ мэдэгдэхээс хамгийн их эмээдэг гэсэн. Яагаад тэр вэ?
-Одоохондоо гэрийнхэндээ хэлэх цаг хугацаа болоогүй.  Энэ талаар гэрийхэн маань ямар ч мэдлэггүй байна. Би нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болсон цагтаа л хэлнэ гэж боддог.

-Гэрийнхэн тань огт гадарладаггүй гэж үү?
-Гэр бүлийнхэн маань наймаг найз охинтой  болооч гэдэг.  Би энэ үед болоогүй ээ өөрийгөө хэний ч дор орохооргүй авч явж чадах үедээ л эхнэртэй болно гэж хэлдэг.

-“Муу нуухаар сайн илчил гэдэг” Та өөрийн  гэсэн орон зайг эзэлтэл цаг хугацаа шаардлагатай байна шүү дээ. Эртхэн хэлээд гэрийнхнээсээ тус  дэм авъя гэж бодохгүй байна уу?
-Миний хувьд гэрийнхэндээ хэлэх нь хамгийн том мөрөөдөл. Гэвч зориг үнэхээр хүрэхгүй юм. Харин найз нөхөд, хамт олондоо гей, трансжендер гэдгээ нуухгүй хэлдэг.

-Таныг ажаад байхад яг л эмэгтэй хүн шиг юм аа. Хөөрхөн алаг нүд, тэгшхэн хөл  гээд л…
-Баярлалаа/инээв/.  Би тэртэй тэргүй дотроо өөрийгөө эмэгтэй гэж төсөөлдөг  болохоор аль болох өөрийгөө хорихгүй с этгэлээ дагахыг хүсдэг. Гэвч заримдаа нийгмийн шахалтаас болж өөрийнхөө хүсээгүй зүйлийг хийхэд хүрдэг.

-Тийм үү. Тэр нь юу гэсэн үг вэ. Тухайлбал ямар хүсээгүй зүйлээ хийсэн гэж?
-Эрэгтэй хүн гүндүүгүй сайхан буурь суурьтай  байх ёстой гэсэн дүр оноодог. Тэр дүрд би өөрийн мэдэлгүй тоглочихсон л байдаг. Энэ нийгэмдээ би жүжигчин шиг л амьдарч байна шүү дээ.

-Ганцхан та ч биш. Хүн болгон “жүжигчин” биш гэж үү?
-Хүн болгон л аливаа нэгэн дүрд тоглож жүжигчин болох шаардлага гардаг.  Гэхдээ бэлгийн цөөнх болсон залуучуудын хувьд энэ бол маш том эмгэнэл шүү дээ. Гэртээ, гадаа, өөр өөр. Тэр ч байтугай ажил, хамт олны дунд бас өөр.  Танд сонсоход хүртэл ядаргаатай байгаа биз дээ.

-Нээрээ ч тийм шүү. Байнга жүжигчин амьдралаар амьдрах залхмаар ч юм шиг. Ер нь яалтай ч юм бэ?
-Тийм ээ. Залхмаар. Одоо нийгмээс надад ийм дүр өгөөд байхад  би  “за за” гээд хүлээн зөвшөөрөөд суухыг хүсдэггүй. Аль болох өөрийнхөөрөө байхыг хүсдэг.

-Таны өөрийнхөөрөө байх нь ямар гэж?
- Би өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байх юм.

-Найз залуутай гэж сонссон юм байна. Найз залуутайгаа хэрхэн танилцаж байснаа сонирхуулахгүй юу?
-Гурван сарын өмнө нэгэн арга хэмжээн дээр танилцсан. Ерөнхийдөө тарансжендер хүн найз залуутай болох нь маш ховор байдаг.

-Яагаад?
-Гей дотроо трансженер хэмээх хэсэг бүлэг хүмүүс бий. Тэдэнтэй гей залуус найзлахад  их эвгүй байдаг болов уу гэж боддог. Яагаад гэвэл гей залуу яг л өөр шигээ залууг сонирхдог нь илүү давамгай байдаг.

-Таны туйлын хүслэн юу вэ?
-Маш олон зорилго бий. Би өөрөөсөө өөрчлөлтийг хийхийг хүсдэг. Наад зах нь транжендер эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийнхээ төлөө нийгэмд нөлөөлөх ажил хийхийг хүсдэг.

- Ямар ажил гэдгийг нь сонирхож болох уу?
-Би саяхан “ЛГБТ” төвтэй хамтарч трансжендер хүмүүсийн уулзалт хийсэн. Уг уулзалтаар өөрсдийгөө нийгэмд хэрхэн хүлээн зөвшөөрүүлэх талаар болон биеэ хэрхэн авч явах гээд маш олон асуудлыг хөндөн ярилцсан. Тодорхой үр дүн ч гарсан байх гэж бодож байна.

-Үр дүн нь танд мэдрэгдэж байна уу?
-Сургалт дууссаны дараа хүмүүс өндөр сэтгэгдэлтэй байсан. Тэд маань хэрхэн амьдрах гарцаа олсон учраас  цаг хугацаа л бүхнийг харуулах байх.

-Уучлаарай хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Таны бэлгийн амьдралыг сонирхмоор байна. Хэдэн настайдаа анх бэлгийн харьцаанд орсон бэ?
-Анх 17 настайдаа эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед найз охинтой байсан.  Бас найз охинтойгоо бэлгийн харьцаанд ордог  байсан.  Энэ хоёрын хооронд асар их ялгаа байгааг мэдэрсэн. Эмэгтэй хүнтэй бэлгийн барьцаанд ороход бие, сэтгэлийн таашаал огт авч чаддаагүй. Тухайн үед би маш их гайхаж гей гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

-Уучлаарай бэлгийн харьцааныхаа талаар тодорхой ярьж өгөхгүй юу?
-Хүн болгонд бэлгийн зан үйл гэж бий. Миний хувьд илүү чөлөөтэй байхыг хүсдэг. Хайртай хосуудын хувьд секс маш эрхэм зүйл. Түүндээ тулгуурлаж итгэлцэл, цаашдын урт  удаан хамтын амьдралын гол эх үүсвэр болдог байх. Мэдээж бэлгэвчийг хэрэглэхийг эрхэмлэдэг.

-Гей миссийн уралдаанд өөрийгөө түрүүлнэ гэдэгтэй итгэлтэй байсан уу. Өмнө нь энэ тэмцээнд орж байв уу?
-Би өмнө нь хоёр жил дарааллан оролцож байсан. Өөрийгөө түрүүлнэ гэдэгт төдийлөн итгэлтэй байгаагүй. Мэдээж манлайлах зорилго тавьс ан.  Өрсөлдөгч “охид” маань маш чадварлаг байсан. Хэн нь ч тэргүүн байр эзэлж мэдэхээр байв. Олон үзэсгэлэнт “охин”-ы дундаас  Гран  при авсан минь хоёр жилийн маань туршлага ч байж мэднэ/инээв/.

-Гетросекс / эсрэг хүйстнээ сонирхох/ хүнийг харахад юу бодогддог вэ?
-Анхандаа тэднийг хараад атаархдаг байлаа. Учир нь тэд ямар ч ялгаварлан гадуурхалд өртөхгүй хайртай хүмүүстэйгээ чөлөөтэй алхаж чаддаг.  Харин одоо өөрийгөө тэдэнтэй адилхан хүн гэдгээ хүлээн зөвшөөрч өөртөө хаалт тавихгүй байхыг хичээдэг болсон.

-Таны амьдралынг хамгийн аз жаргалтай мөч хэзээ вэ?
-Хүн болгоны амьдралд олон сайхан аз жаргалтай үе байдаг. Тэр дундаас лейсби,гей, бисекс, тарансжендер хүмүүсийн ялгаварлан гадуурхахын эсрэг томоохон ажил хийхийг хүсдэг. Тийм учраас би хэвлэлд ярилцлага өгөхдөө аз жаргалтай байгаагаа мэдэрдэг. Яагаад гэвэл би бага ч гэсэн хийх ажилдаа алхам алхмаар дөхөж яваагаа мэдэрдэг.

-Гей хүмүүстэй ярилцаж байхад ихэнх нь гадагшаа явна гэдэг. Танд ийм бодол бий юу?
-Мэдээж байгаа.Монгол ардчилсан хүний эрхийг дээдэлдэг нийгэмтэй л гэдэг. Гэвч үнэндээ одоогоор тэр зүйл нүдэнд харагдаж гарт мэдрэгдэхгүй байна. Гэтэл гадаадын оронд өөрсдийнхөө иргэнийг байтугай гадаадын иргэн, тэр ч  байтгуай лейсби,гей, бисекс, тарансжендер хүмүүсийн эрхийг хүндэтгэж төгс хамгаалж чаддаг. Тиймээс тийм оронд л очихыг хүсч байна.

-Та эх орондоо гомдож явдаг байх нь ээ?
-Ний нуугүй хэлэхэлд тийм. Монгол Улс иргэнээ хамгаалж чадахгүй бол  хүний эрхийг дээдэлсэн оронд бусадтай адилхан хүндлүүлж амьдармаар байна.

-Чихээ цоолоод хөмсгөө их чамин зассан чинь анхаарал татаад байна. Яг л эмэгтэй хүн шиг?
-Баярлалаа. Дунд сургуульд байхдаа өөрийнхөөрөө байж чаддаггүй байсан. Одоо би юу хийхийг хүсч байна түүнийгээ хэрэгжүүлж буйдаа маш их баяртай байгаа.

-Танд хүйсээ шилжүүлэн суулгах  бодол бий юу?
-Энэ бол маш том асуудал. Сэтгэлийн хөөрлөөр шийдэх зүйл биш. Тийм учраас сайн бодох хэрэгтэй байх. Үе үехэн тийм бодол төрдөг шүү.

-Танд чөлөөт цаг хэр гардаг вэ?
- Бараг гарахгүй дээ. Ажилдаа явна. Мөн англи хэлний дамжаанд явдаг. Тэгэхээр 18 цагаас хойш л найз нөхөдтэйгээ уулздаг даа.
-Ингэхэд та яагаад гей миссийн тэмцээнд Сарнай нэрээр оролцсон юм бэ?
-Энэ нэрний түүх их утгатай. Сая миссд оролцож олны таашаал өргөмжлөл  хүртсэн найз Сүндэреэ бид хоёр  “Sweetymotion” хамтлагийн  фэн л дээ. Тэгээд л тус хамтлагийн гишүүдийн нэрээр нэрлэсэн.

-Та өмнө нь гей миссийн тэмцээнд  ямар нэрээр оролцож байсан бэ?
-Өмнө нь Амрита нэрээр оролцож байсан. Хүмүүс намайг энэ нэрээр минь илүү мэдэх байх.

-Нээрээ та Сарнайтай нь төстэй юм биш үү?
-Магадгүй ээ. Эмэгтэй хувцастай байхад адилхан санагддаг шүү.

-Та хэр сайн дуулдаг вэ?
-Гэм нь дуулж чаддаггүй. Дуулахаас илүү бүжиглэх дуртай.

-Дунд сургуульд байхдаа хэр сурдаг байв?
-Нийгэм, монгол хэл, уран зохиолын хичээлд сайн  байсан болохоор сэтгүүлч болно гэж мөрөөддөг байлаа. Хүүхдийн яруу найргийн  “Хүрэл тулга” наадамд түрүүлдэг байсан.

-Гей төрсөн нь зовлон мөн үү?
-Бага байхад зовлон юм шиг санагддаг байсан.  Харин одоо тэгж санагддаггүй.

-Яагаад?
-Би урьд насандаа хийсэн гэм нүглээ үүрээгүй. Энэ бол миний амьдрал учраас сэтгэл хангалуун байдаг.

-Гей мисс Энхриймаа та хоёр анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Одоогоос гурван жилийн өмнө “гей мисс” тэмцээний бэлтгэлийн үеэр танилцаж байсан. Түүнээс хойш сайн найзууд болсон.

- Та Энхриймааг Монголд байхад нь хамт гудамжаар эмэгтэй дүрээрээ явдаг байсан гэсэн үү?
-Тийм ээ. Бид хоёр эмэгтэй хувцаслаж явдаг байсан. Гэхдээ би хоёр  биеэ үнэлдэггүй байсан.

-Яагаад та биеэ үнэлдэггүй байсан гэж хэлэв. Би тэгж асуугаагүй шүү дээ?
-Эмэгтэй хувцаслаж явахаар биеэ үнэлдэг гэсэн ойлголт маш их байдаг. Тийм учраас зөв ойлголт өгөхийн тулд тэгж хариулсан юм.

-Биеэ үнэлэх гэснээс та нарт биеэ үнэлээч гэсэн санал ирдэг үү?
-Санал гэхээсээ илүү  гадуур  алхаж байхад “хамт яваач” гэсэн хүсэлт маш их ирдэг ч би явдаггүй. Цаашид ч явахгүй.

-Одоогийн УИХ-ын  гишүүд дотор  нэг бус  ижил хүйстэн  байгаа талаар нэгэн гей мисс ярилцлага өгсөн байсан?
-Ерөнхийдөө тийм яриа бий. Хэрвээ үнэхээр гей хүн байдаг бол зоригтой гарч ирээд дуу хоолойгоо илэрхийлээсэй гэж хүсдэг. Гадаадын зарим оронд төрийн удирдагчид нь өөрсдийгөө гей, лейсби гэдгээ олон нийтэд зарлаад муудсан юм алга. Харин ч  ЛГБТ/ Лейсби, гей, бисекс, трансжендер/ хүмүүсийн хууль гарсан шүү дээ. Монголд яагаад гарч болохгүй гэж тийм биз дээ.

-Ингэхэд та хоёр нэртэй, хоёр амьдралтай хүн мөн үү?
-Ер нь тийм шүү. Амьдрал гэхээсээ асар том жүжигт олон дүр гаргаж явж байна даа.

-Тухайлбал?
-Гэртээ би айлын хүү, ажил дээрээ  Сарнай, гудамжаар алхахад өөрийгөө барьж цэгнэдэг нэгэн л эр хүн болдог юм даа.

-Та эр хүнийг сонирхдгоороо бусдаас ялгаатай юу эсвэл өөр зүйл бий юу?
-Эр хүн сонирхдогоороо мэдээж ялгаатай. Яг л тантай адил хүн шүү дээ.  Бас нэгэн ялгаа\ гэвэл миний авьяас/инээв/.

-Ямар авьяас гэж?
-Шүлэг зохионо. Бүжиглэнэ, жүжиглэнэ,хүнтэй ойлголцох чадвар сайтай гээд нэрлэвэл нэлээн бий.

-Гей хүнийг нийгмийн дийлэнх хэсэг хараахан ойлгож амжаагүй байна.  Цаашид яахыг үл мэднэ. Гэвч танд доромжлуулах тусмаа долоон бурхан шиг гялалзана даа гэсэн бодол төрдөг үү?
-Мэдээж тэгэлгүй яаха дээ. Дан ганц гей гэсэн утгаараа бус хүн гэдэг утгаар хэн нэгэн намайг доромжилбол нүдэн дээр нь гялалзаж явна даа.

-Гей мисс Энхриймааг дайчин хөдөлмөрч, хүнлэг нэгэн гэдгийг нь түүний блогийг уншаад ойлгосон. Таныг “гей мисс” тэмцээнд Гран при авахад  баяр хүргэе гээд блогтоо бичсэн байсан?
-Тийм байна лээ. Би тэр үед маш их баярласан. Найздаа ч гэсэн цаашдын амьдралд нь амжилт хүсье.

-Та тохиолдлын бэлгийн харьцаанд орж байв уу?
-Хүний амьдралд маш олон зүйл тохиолддог. Түүний нэг тохиолдлын бэлгийн харьцаа байж болох. Нуулгүй хэлэхэд орж байсан.

-Сүүлийн гурван жилийн хугацаанд эмэгтэй хүнийг шохоорхож байв уу?
-Тийм зүйл байгаагүй. Харин эмэгтэй гэдэг утгаар нь гоо сайхныг нь хардаг. Тэр дундаа үеийнхээ охидын гоо үзэмжийг ихээхэн харж дотроо дүгнэлт хийдэг. Учир нь би тэр охин шиг дүрд хувирдаг болохоор тэр шүү дээ.

-Сүүлийн хормыг танд асуултгүй үлээе?
-Би намайг ойлгооч, хүлээн зөвшөөрөөч гэж хэлэхийг хүсдэггүй. Намайг хүн гэсэн утгаар бус гаж донтон гэж харж буй хүнийг хүн гэж үнэхээр хэлж чадахгүй.  Учир нт тэр хүн мэдлэг бодовсролгүйг илтгэж байгаа байх. Гэхдээ биднийг ойлгож дэмжиж найзалж нөхөрлөж явдаг маш олон хүн бий.  Тиймээс тэдэндээ талархаж явдгаа хэлье.

Tseg.mn


URL: http://www.fact.mn/12593.html

Сэтгэгдэл бичих