Нийслэл 374 жилийн ойгоороо иргэддээ ажлаа тайлагнана

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 09 сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах тухай, Хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулж, орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
“Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Танилцуулгад “Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа хүлээн авч, үргэлжлүүлээд нэг жилийн хугацаа өнгөрчээ.
Тиймээс энэ удаагийн Нийслэлийн өдөр буюу  Нийслэлийн 374 жилийн ойг өөрсдийн хийж хэрэгжүүлсэн ажлаа ард түмэндээ тайлагнаж, дүгнэлт хийхэд анхааран тэмдэглэхээр төлөвлөж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан.
Мөн нийслэлийнхээ бүхий л насны иргэд рүү чиглэсэн, тэднийг оролцоог хангасан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал,Эрүүл, аюулгүй байдлын индексийг тогтоож, сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн ажлууд,
Улаанбаатар хотын иргэдийг тав тухтай амьдрах нөхцлөөр хангадаг томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн оюутан, сурагчдын тайлан тоглолт, “Хүүхдийн найрал дууны уралдаан”-ыг зохион байгуулах,
Нийслэлийнхээ бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө зүтгэсэн шилдэг иргэдээ урамшуулах, Томоохон сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны газруудад хямдралтай, урамшуулалтай худалдаа хийх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.
Хот тохижилтийн ажилд анхаарал хандуулж, гудамж, замын тэмдэгийг угаах, зорчих хэсгийн тэмдэглэлийг сэргээн будах, замын гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг Улаанбаатар хотын Захриагчийн ажлын алба удирдан зохион байгуулах юм.
Энэ ажлын хүрээнд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдаан, Шилдэг цэцэрлэгжүүлэлт,  хаягжилт, гэрлэн чимэглэл бүхий байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах гээд бүтээлч, санаачлагатай иргэдээ дэмжиж, урамшуулах арга хэмжээнүүд байгааг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга “Зөвхөн энэ жил гэлтгүй, цаашдаа Нийслэлийн өдрийг ард түмэндээ ажлаа тайлагнаж, дүгнүүлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байх болно.
Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар төлөвлөсөн ажлууд дээр нэмж нийслэлийн “Шилдэг бүтээн байгуулалт”-ыг  гардан хийж, үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ шалгаруулж,  “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ыг олгох хэрэгтэй.
Энэ бол өнгөрсөн хугацаанд хийсэн, цаашид хийх олон томоохон бүтээн байгуулалтад иргэн, аж ахуйн нэгжийг уриалсан бодит үйл ажиллагаа болно. Мөн нийслэлийн өдрийг угтаж хот тохижилтийн ажлаа сайтар зохион байгуулаарай” гэж онцлон хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын дээрх саналын дагуу “Шилдэг бүтээн байгуулалтын эзэд”-ийг шалгаруулахаар боллоо.
  
“Төрийн орон сууцны корпораци” болгон өөрчлөх саналыг НИТХ-аар шийдвэрлэнэ
“Хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулж, орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай” асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 200 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2006 оны 196/ 372/ 567 тоот хамтарсан тушаал, захирамжаар байгуулагдсан бөгөөд дүрмийн сангийн 51 хувийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 24,5 хувийг Сангийн яам, 24,5 хувийг Барилга, хот байгуулалтын яам эзэмшиж байгаа юм.
“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох, санхүүгийн хөрөнгө оруулалт хийх зэрэг барилга-санхүүгийн үйл ажиллагааг хосолмол хэлбэрээр үзүүлж байсан.
Харин Монгол Улсын Засгийн газраас орон сууцны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор тус байгууллагыг “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” /ТОСК/ 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулж, Засгийн газрын 2013 оны 218 дугаар тогтоолоор дүрэм, орон тоог баталж, улсын бүртгэлд бүртгүүлээд байна.
Тус тогтоолоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн чиг үүрэг, орон тоо, төсөв, үл хөдлөх болон эд хөрөнгийг “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци”-д шилжүүлэхийг холбогдох салбарын сайд нар болон нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 заалтийн дагуу “Орон нутгийн өмчид хамаарах хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхийг дэмжих талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүдээр шийдвэрлүүлэхээр дээрх саналыг оруулж байна” гэж мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Өнөөдрийн байдлаар гаргасан санхүүгийн тайлан, хуримтлагдсан өрийн асуудлыг Засгийн газар өөртөө шилжүүлж байгаа эсэх”-ийг тодрууллаа.
“Тус байгууллагын 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар 108,5 сая төгрөгийн ашигтай ажиллаж, нийт хөрөнгө 168,384,8 сая төгрөгнөөс эргэлтийн хөрөнгө 166,787,7 сая, эргэлтийн бус хөрөнгө 1,597,1 сая, нийт өр, төлбөр 168,264,8 сая үүнээс богино хугацаат өр 13,175,0 сая, урт хугацаат өр-155,089,8 сая төгрөг байна.
Нийслэлээс хамааралгүй үүссэн эдгээр өр төлбөрийг Засгийн газар өөртөө шилжүүлж байгаа” гэж нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат хэллээ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Хэдий 100 хувь төрийн өмчит компани болж байгаа ч улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг хотын бодлого, чиглэлтэй уялдуулж ажлаа явуулаарай” гэж саналаа хэллээ.
Нийслэлийн Засаг дарга “УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020, 2030 оны хөгжлийн чиг хандлагатай уялдуулж ажиллах хэрэгтэй. Ялангуяа манай хамгийн том бүтээн байгуулалтын ажил болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн тал дээр танай байгууллагатай хамтран ажиллаж, иргэдийг амины тохилог орон сууцаар хангахад томоохон үүрэгтэй оролцохыг чухалчилж байна” гэлээ.
Ингээд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжиж НИТХ-ын Тэргүүлэгчидийн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих