Г.Ганзориг: Монгол Улсын харьяат 10 гаруй хүн АНУ-д ял эдэлж байна

Г.Ганзориг: Монгол Улсын харьяат 10 гаруй хүн АНУ-д ял эдэлж байна

Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзоригтой ярилцлаа.

-Ерөнхий прокурорын газарт бүтцийн өөрчлөлт хийсэн байгаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хэлтсүүд бүтцийн өөрчлөлт хийсэн байгаа. Урьд нь манай сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцдаг байсан юм. Харин одоо эрх зүйн туслалцаа, гадаад хамтын ажиллагааг хариуцдаг болсон.

Мэдээж бүтэц өөрчлөгдсөн юм чинь үйл ажиллагааны хүрээ өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар эхлээд товчхон дурьдах нь зүйтэй. Тэгэхээр манайх бол эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг Ерөнхий прокурорын газрын өмнөөс эрхлэн явуулж байгаа. Ингэхдээ манай хэлтэс Монгол Улсын мөрдөн байцаах газруудаас гадаад Улсад эрүүгийн хэрэгт холбогдуулан эрхзүйн туслалцаа хүсэж гадаадад байгаа гэрч, хохирогчийг байцаах, эсвэл нотлох баримтыг цуглуулахаар илгээж байгаа хүсэлттэй холбогдох ажиллагаануудыг хариуцан хэрэгжүүлж байна.

Мөн гаднаас ирж байгаа энэ төрлийн хүсэлт, даалгавруудыг манайх дотооддоо холбогдох байгууллагуудад дамжуулж, гүйцэтгүүлэх ажиллагааг хийдэг. Ийм байдлаар хоёр талт үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор манайх ОХУ, БНСУ, Чех, Беларус, Швейцарь, Хонконг, БНХАУ зэрэг улс орнуудтай эрхзүйн туслалцааны чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Гадаадад гэмт хэрэг үйлдэх явдал цөөн бус гарч байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө гадаадад байршуулж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах явдал бас гарч байна. Ийнхүү эрх зүйн туслалцаа нь гэмт хэргийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болдог.

Гэмт хэрэг түгээмэл үйлдэгддэг болсон учраас эрх зүйн туслалцаа өргөжиж байна. Хүмүүст гадаадад зорчих үедээ гэмт хэрэг үйлдэж байна. Нөгөөтэйгүүр Монголд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө гадаадад байршуулж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боллоо. Энэ ажиллагаа бол мөрдөн байцаалт түргэн шуурхай явагдаж, хурдан шийдэхэд ач холбогдолтой.

-Тэгэхээр гадаад хамтын ажиллагааны хүрээнд прокурорууд сургалтад хамрагддаг. Өнгөрсөн хугацаанд ямар, ямар улс орнуудад зохиогдсон сургалтад хамрагдсан бэ?
-Түүнчлэн хяналтын болон ерөнхий прокуроруудаас гадна ажилтнуудыг гадаадад зохиогдсон сургалтад хамруулсан. Энэ оны есөн сарын байдлаар дээрх чиглэлийн ажлууд нэлээд эрчимтэй явагдсан байгаа. Тухайлбал, одоогийн байдлаар Турк улсад манай 50 орчим прокурор сургалтад хамрагдаад байна.

Үүнээс гадна саяхан 10 хүн БНСУ-ын Сөүл хотод сургалтад хамрагдаад ирсэн. Удахгүй Тайвань болон БНСУ руу сургалтад хамрагдахаар хүмүүс явах гэж байна. Энэ мэтчилэн гадаадад болсон сургалтад хамрагдсан прокурорууд маань юм үзэж, нүд тайлж, сонссон мэдсэнээ бусаддаа зааж, сургадаг. Үүнээс гадна энэ онд Монгол Улсын Ерөнхий прокурорын айлчлалыг хоёр ч удаа амжилттай зохион байгууллаа.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий прокурорын Д.Дорлигжав Швейцарь, Австри улсуудад айлчилсан. Австрийн Ерөнхий прокурортой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн өнгөрсөн онд Турк улсын Ерөнхий прокурортой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.

Түүнээс гадна гадаад улс орнуудаас хоригдлуудыг шилжүүлэн авчрах, мөн тухайн улс оронд хоригдлуудыг шилжүүлэх ажлыг манай зохион байгуулдаг. Одоогийн байдлаар манайх Казахстан, Беларусаас хоригдлуудыг шилжүүлэн авчрах хүсэлтийг Ерөнхий прокурорын газраас хүргүүлсэн. Ер нь хүний нутагт ял эдэлнэ гэдэг маш хэцүү зүйл шүү дээ. Тиймээс ч хоригдлуудыг эх орондоо, төрөл төрөгсөдтэйгээ ойр ял эдлэх боломжийг олгохоор ажиллаж байгаа юм.

-Сөүл хотноо зохиогдсон сургалтад манай улсаас 10 хүн хамрагдаад ирсэн юм байна. Ер нь БНСУ-ын прокурорын байгууллага юугаараа илүү байна вэ?
-Саяхан 10 хүн Сөүл хотноо зохиогдсон сургалтад хамрагдаад ирсэн талаар дээр дурьдсан. Энэ үед ажиглаж байхад БНСУ-ын прокурорууд олон улсын гэрээг хэрэгжүүлж ажиллахдаа илүү юм билээ. Үүнээс гадна төрөөс хувийн хэвшлийг дэмжих үйл ажиллагаанд прокурорын байгууллага идэвхтэй оролцдог юм байна. Мөн орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий шинжилгээний лабораторитой юм билээ. Ер нь БНСУ-д мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулахдаа хүнийг байцаагаад байдаггүй юм байна. Тухайн хүн мэдүүлэг өгөхгүй ээ л гэсэн бол бусад арга замаар нотлох баримт цуглуулж, хэргийг нотолдог юм билээ. Энэ нь Монголд нэвтрүүлэх арга барилын нэг юм байна.

-БНСУ-д монголчууд хамгийн ихээр ажиллаж, амьдардаг. Энэ ч утгаараа гэмт хэрэгт холбогдох нь их байдаг. Ер нь гадаадад манай улсын хэчнээн иргэн ял эдэлж байна вэ?
-Одоогийн байдлаар ямартай ч АНУ-д 10 гаруй хүн ял эдэлж байгаа. Бусад улс орнуудад яг хэчнээн хүн ял эдэлж байгаа талаархи нарийн тоо баримтыг мэдээлэх боломжгүй байна. БНХАУ , БНСУ, Хонконгд ч Монгол Улсын иргэд ял эдэлж байгаа.

Х.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих