Хотын хойд хэсэгт цахилгааны хулгай замбараагаа алджээ
Улаанбаатар хотын захын зарим гэр хорооллын айлуудад цахилгаан өгөхгүй байгаагаас болж хөрш айлаасаа гэрэл цахилгаан татаж байгаа аж. Энэ мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.
ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭ, КАДАСТРЫН ЗУРАГГҮЙГЭЭС ХҮНДРЭЛ УЧИР БАЙНА
Үүсээд буй нөхцөл байдлын талаар эхлээд албаныхны тайлбарыг сонслоо. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цахилгаан түгээх сүлжээ “Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн” ахлах инженер Д.Хишигцэрэнгээс энэ талаар лавлахад “Чингэлтэй дүүргийн захын хороодоор иймэрхүү зөрчил нэлээд байгаа. Зөвхөн 19 дүгээр хороонд гэхэд л цахилгааны холболтын зөрчилтэй эсвэл цахилгаанд холбогдоогүй 200 гаруй айл байна. Эдгээр айл нь шинээр нүүж ирсэн болон суурьшаад арваад жил болсон атлаа газрын гэрчилгээгээ аваагүй байдаг. Цахилгаан холболтын шинэ гэрээний хэрэглэгчдийн бүрдүүлэх бичиг баримтад газрын гэрчилгээ, кадастрын зургийг авч байхаар заасан нь цахилгаан холболтын ажлыг хүндрүүлж байна.
Цахилгааны холболтын зөрчилтэй гэдэг нь хөрш айлуудын зөвшөөрөлтэй тоолуураас цахилгаанаа авах, шаардлага хангахгүй утас кабель хэрэглэх, нууцаар хүчдлээс шууд холбохыг хэлж байгаа юм. Ингэж хулгайгаар холбох нь олон эрсдэл дагуулдаг. Тухайлбал, айл өрхүүд цахилгаан хэрэгслүүдээ шатаах, дамжуулж цахилгаан авч байгаа айлтайгаа зөрчилдөх, буруу холбох цаашлаад тогонд цохиулж амь нас, эрүүл мэндээрээ хохирох зэрэг олон эрсдлийг дагуулдаг. Одоогоор Чингэлтэй дүүргийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөс газрын гэрчилгээгээ авч амжаагүй байгаа өрхүүдтэй “Түр хэрэглэх” гэрээ байгуулан цахилгаанд холбох ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд цахилгааны шон, утас холбогдсон гудамжны айл болгоныг гэрэл цахилгаанд холбохыг зорьж байгаа. Ер нь цахилгааны холболтын зөрчил их байх тусам цахилгааны алдагдал их байдаг” гэсэн тайлбарыг өглөө.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны зохион байгуулагч Л.Пүрэвдолжингоос суурьшсан айлуудын газрын гэрчилгээг олгох ажлын явц ямар байгаа, мөн хэр олон өрх ийм төрлийн зөрчилтэй байгааг тодрууллаа. Түүний хэлснээр “Улаанбаатар хотын газрын шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлэх явцтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу 2013 оныг дуустал шинээр газрын гэрчилгээ олгохыг түр зогсоогоод байгаа юм. Захын гэр хороололд дур мэдэн гэр, хашаа барьж суурьшин, гэр хороолол хурдацтай тэлж байгаа болохоор тодорхой тоо хэлэхэд хэцүү. Харин гэрэл цахилгаанд холбох тухайд түр хугацааны журам баталсан” хэмээлээ.
Албаны хүмүүс ийн ярьж байна. Нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг сурвалжлахаар бид Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо болон Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороог зорилоо. Эдгээр хороо нь Салхит, Ар согоот, Дамбадаржаалин хийдийн орчимд байрладаг ажээ.
УУЛЫН ЭНГЭРТ БУУСАН АЙЛД ГЭРЭЛ ЦАХИЛГААН ТАВИХ ХЭЦҮҮ
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд очиход хорооны нутаг дэвсгэр дэх цахилгааны зөрчилтэй 200-аад айл өрхийн хувьд Сэлбэ гол руу түрж суурьшсан тул ойр орчмоор нь утасны шон маш ховор, нэг гудамжинд л гэхэд хоёроос гурван богино модон шон босгожээ. Нэг шонгоос 8-10 цахилгааны утас салаалж гэр гэр рүүгээ татсан аж.
Утасны шонгоос хамгийн хол нь 200 метр орчим урт цахилгааны утсаар гэртээ гэрэл цахилгаан оруулсан байв. Ийм урт цахилгааны утсыг шонгоос гэр рүүгээ оруулахдаа хашаанд бэхэлж, намхан шон босгон тогтоож зарим газар нь газарт булсан байв. Ингэж татсан утас тасрах, шалбарах, богино холбоо үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй нь илт. Энэ хорооны удирдлагуудын хэлж байгаагаар “Гэрэл цахилгаанд холбоход хүндрэлтэй, уулын энгэрт гэрээ барьсан 70 гаруй өрх байдаг” гэнэ.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Г.Пагмадуламаас цөөн асуултад хариулт авлаа.
-Танайх энд суурьшаад хэр удаж байгаа вэ. Газрынхаа гэрчилгээг авсан уу?
-Манайх энд нүүж ирээд нэг жил болж байна. Газрын зөвшөөрөл авах гээд бичиг баримтаа өгчихсөн. Гараагүй л байгаа.
-Танайх цахилгааны шонгоос нэлээд хол юм. Цахилгаанд холбогдоход ямар бэрхшээл байна вэ?
-Харин тийм ээ. Манайх утасны шонгоос холбож чадаагүй. Хамар хашааны айлтайгаа тохиролцож, тэднийхээс гэрэл цахилгаан авч байгаа. Эндхийн ихэнх айлууд иймэрхүү байдлаар гэрлээ авдаг. Зарим айл бүр дөрөв, таван хашаа дамжуулж авдаг. Цахилгааны төлбөрөө өгөхдөө гэрэл цахилгаан авч байгаа айлынхаа хэлсэн мөнгийг л өгөхгүй бол таслаад хаячихдаг. Ингэж айлаас дамжуулж авахаар гэрэл цахилгааны хэлбэлзэл маш ихтэй, зарим цахилгаан хэрэгслүүд амархан шатдаг. Сонгуулийн үеэр манай хорооны гудамжуудаар цахилгааны шон босгож өгсөн. Энэ шонд зөвхөн газрын гэрчилгээтэй айлуудыг холбосон.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаалин хийдийн зүүн хойд талд байрладаг 15 дугаар хороонд очлоо. Энэ хорооны зохицуулагч Э.Мөнхсахьяа “Шинээр суурьшсан айлууд болон газрын өмчлөлгүй 220 айл цахилгааны шугамын зөрчилтэй. Үүнээс 86 айл огт цахилгаанд холбогдоогүй” гэлээ.
Цахилгаанд холбогдоогүй Ар хустын айлууд нь Сэлбэ гол дагуух айлуудаас 500-800 метр утсаар хулгайгаар цахилгаан авч хэрэглэдэг ажээ. Нэг айлаас арваад айл салбарлан авсан байх юм. Энэ урт цахилгааны утсаа хүний хөлөөс далдлахыг хичээсэн ч зарим хэсэг нь ил гарч шалбарсан байлаа.
Ар Хустайн хэсгийн оршин суугч С.Дамдинсүрэн: ХУЛГАЙГААР Л ГЭРЭЛ ЦАХИЛГААН АВЧ ХЭРЭГЛЭЖ БАЙНА
-Танай хэсгийн айлууд цахилгаанаа хэрхэн авч байна. Цахилгаанд холбогдоход ямар хүндрэл байна вэ?
-Энэ хэсэгт цахилгааны шугамыг өнгөрсөн зургаадугаар сард тавьсан. Гэвч одоо болтол гэрэл цахилгаанаа өгөөгүй байна. Үнэндээ хулгайгаар л хэрэглэж байгаа. Тийм болохоор ачаалал нь ихэсч, цахилгааны хэлбэлзэл ихтэй байдаг. Зарим боломжтой айл нь жижиг мотор асаадаг. Энэ асуудлыг холбогдох байгууллагад нь уламжлах хэрэгтэй байна.
-Цахилгааны шугам сүлжээ нэгэнт ороод ирсэн байхад цахилгаанаа айлуудад яагаад холбохгүй байгаа юм бол?
-Цахилгааны гэрээ хийхэд газрын бичиг авчрахыг шаарддаг болсон гэсэн. Манайх газрын гэрчилгээтэй л дээ. Гэвч ойролцоох айлуудын газрын гэрчилгээ бүтээгүй байгаа юм билээ. Үүнээс болоод цахилгаанд холбогдохгүй байгаа.
-Харин танайх гэрэл цахилгаанаа яаж авч байна вэ?
-Манайх ч гэсэн хулгайгаар авч байгаа. Гэхдээ байцаагч мэдвэл ирээд тасалчихдаг. Ойрд гайгүй л байна. Хамар хашааныхантайгаа нийлж байгаад 600 метр утас авч холбосон. Энэ утсаа байнга шороогоор булж далдалж байгаа. Заримдаа гэрэл цахилгаан тасрахад хаана тасарсан нь мэдэгдэхгүй хэцүү л дээ. Хоол ундаа ер нь эртхэн хийж идэхгүй бол тун хэцүү.
-Цахилгаан авч байгаа айлдаа хэдэн төгрөг төлдөг вэ?
-Нэг айл сард 30 мянган төгрөг өгдөг.
Зөвхөн хоёр хороогоор ороход л цахилгаан шугам сүлжээний утас маш эмх замбараагүй, нэг шонгоос олон айл хяналтгүйгээр цахилгаан авсан, газарт булж далдалсан байдалтай байлаа. 2014 он гартал газрын гэрчилгээ олгохгүй, тиймээс айлуудыг гэрэл цахилгаанд зохих зөвшөөрлийн дагуу холбохгүй бололтой. Эцсийн дүндээ дээрх байцаагчийн хэлснээр газрын гэрчилгээ, кадастрын зураг авчрах шаардлагын цаана өчнөөн том эрсдэл бий болжээ.
Д.Төмөр-Очир
URL: