“Тамхины худалдаа далд хэлбэрт шилжсэн нь нийтлэг зөрчил болоод байна”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

Шалгалтыг 2013 оны 2, 3-р улиралд улс даяар явуулсан бөгөөд нийт

-396 албан байгууллага,
-тамхины худалдаа үйлчилгээ эрхэлж буй 1303 аж ахуй нэгж байгууллага,
-бөөний худалдааны 131,
-жижиглэн худалдааны 1114 газар,
-262 ил задгай худалдаа эрхлэгч хамрагдсан байна.

Шалгалтаар нийт 1212 зөрчил илрүүлснээс 80 орчим хувийг нь газар дээр нь арилгуулж, арга хэмжээ авчээ. Нийтлэг зөрчилд тамхийг зөршөөрөлгүй болон ширхэглэн худалдаалах явдал давамгайлж байсан бөгөөд шалгалтанд хамрагдсан объектуудын нийслэлд 20 хувь,  аймаг орон нутагт 5,4 хувь нь зөрчил гаргасан байсан нь тогтоогдсон байна.

Шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан
-таван аж ахуй нэгж байгууллагуудад 8 сая 108 мянган төгрөг,
-гурван албан тушаалтанд 4 сая  212 мянга,
-51 иргэнд 2 сая 555 мянга буюу нийт 59 иргэн, аж ахуй нэгж байгуулагуудад 14 сая 870 мянган төгрөгийн торгуулийг ногдуулж, 7 сая 172 мянган төгрөгний үнэ бүхий тамхийг хураан авчээ.

Тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн засаг дарга гаргана гэсэн хуулийн заалтын хэрэгжилт 93,3 хувьтай гарсан байна. Тусгай зөвшөөрлийг сургууль, цэцэрлэгээс 500 метрийн дотогш орших аж ахуй нэгжүүдэд олгохгүй гэсэн байдаг ч нэг аймагт л 35-220, нийслэлд 2397 аж ахуй нэгж байгууллагын  зөвшөөрлийг цуцалжээ.

Шалгатын дүнгээс үзэхэд нийслэлд тамхийг ширхэглэн худалдаалах хэлбэр далд хэлбэрт шилжин, нууцаар худалдаалах, худалдагч нар лангуун доороо, цүнхэн дотроо хадгалж, борлуулж байсан нь тогтоогдсон  бөгөөд худалдаалж байсан тамхийг хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллажээ.

Сургуулийн дотуур байр болон хичээлийн байрнаас 500 метрийн дотогш тамхи худалдаалахыг хориглох заалтын хэрэгжилт 94,6 хувьтай байгаа бол баар цэнгээний газруудад тамхи татах, худалдахыг хориглох заалт 95,5 хувьтай хэрэгжиж байжээ.

Харин тамхины сурталчилгаа, урамшуулалт худалдаа зохион байгуулахтай холбоотой зөрчил дутагдал илрээгүйн зэрэгцээ үйлдвэрлэгч, импортлогчид сав баглаа боодолд тамхины хор хөнөөлийн тухай санамж тавигдах гэсэн хуулийн заалтыг 100 хувь буюу хангалттай сайн биелүүлж, бохь никотины хэмжээг стандартын дагуу тод харагдахуйц гаргацтай бичсэн гэсэн дүгнэлт гаргасан байна.

Нийтийн газар тамхи татахгүй байх хэрэгжилт хангалттай сайн байгаа бол зөвшөөрөлгүй газар тамхи худалдаалахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа ажээ.

А.Цацрал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих