Сербид ажиллаж, амьдарч буй Монгол иргэдтэйгээ уулзав
Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди Итгэмжлэх жуух бичгээ барихаар Серби Улсад ажиллах үедээ тус улсад оршин суугаа монгол иргэдтэй уулзав. Уулзалтад ЭСЯ-ны зөвлөх Д.Дөхөмбаяр, Д.Батжав, 3 дугаар нарийн бичгийн дарга Д.Нинж болон бусад ажилтан оролцов.
Элчин сайд Т.Ганди Монгол Улс Европын орнуудтай харилцаагаа хөгжүүлэх, түүний дотор Серби Улстай тогтоосон уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг шинээр сэргээн хөгжүүлэхийн төлөө манай гадаад бодлого чиглэгдэж байгаа талаар болон урьд өмнө нь хамтран ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээн хөгжүүлэх, аль аль талдаа хөрөнгө оруулах боломжийг судлах, оюутан солилцоог эхлүүлэх зэрэгт түлхүү анхаарч ажиллахаа монгол иргэддээ мэдээлэв.
Мөн тэрбээр улс орны хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, Монгол Улсын хөгжил, үндэсний хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах хүрээнд Сербид суугаа монгол иргэд улс орноо сурталчлах, монгол иргэдийн сайн дурын холбоо байгуулан ажиллахыг зөвлөөд иргэдийнхээ үүсгэл санаачилгыг ЭСЯ-ны зүгээс дэмжин ажиллахаа мэдэгдэв.
Уулзалтад оролцсон монгол иргэд Монгол Улсын Элчин сайд 21 жилийн дараа Серби Улсад Итгэмжлэх жуух бичгээ барьж, монгол иргэдийнхээ асуудлаар анхаарал тавин ажиллах болсонд талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр ЭСЯ-ны ажилтнууд иргэдэд консулын үйлчилгээг хүргэж ажиллав гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
URL: