Миний “бяцхан” ид шид…

Миний

-Хавдрын эсрэг үндэсний аян 2013 -

Б.Цэцэгдэлгэр айлын ганц охин. Өмнөговийн арван жилийн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Есдүгээр ангийн зуны амралт түүний хувьд үерхэл нөхөрлөл, инээд хөөр, харуусал гуниг дагуулсан амралт байсан юм.

Гэтэл энэхүү гэгээн мөрөөдлөөр жигүүрлэн, үе тэнгийнхэнтэйгээ дэрвэж явсан жаахан охин нэг л өдөр нойр булчирхайн хавдартай болчихлоо.

Өсвөр насны охидын нүүрэн дээр юм гарах нь энгийн үзэгдэл байдаг хэдий ч ээж нь түүнийг “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыханд үзүүлснээр 17-хан настай охин нойр булчирхайн хавдартай болох нь тодорхой болжээ.

Миний хайртай хүн надаас болж битгий шаналаасай гэсэндээ үерхдэг хөвгүүнээсээ больсон охин хагалгааны өрөөнд байхдаа “босоод ирэхгүй ч байж магад” хэмээн бодож ХСҮТ-ийн эмч Энх-Амгалан эмчид “Би хагалгаанд орохоо болъё” гэж хэлж байв. Гэсэн ч энэ л үед түүнд “Би ээжийнхээ төлөө тэснэ дээ” гэсэн бодол төрж хагалгаанд оржээ. Одоо түүний бие эрүүл эсэн мэнд байна.

“Надад мөрөөдөл бий гэхдээ би бүр багынхаа мөрөөдлийг орхисоон. Учир нь эмч гэдэг үнэхээр хүнд хэцүү хөдөлмөр болохыг хагалгааны орон дээр хэвтэж байхдаа ойлгосон. Тиймээс би эдийн засгийн мэргэжилтэй болчихоод ээж аав хоёрыгоо баярлуулна.”

Харин одоо Б.Цэцэгдэлгэр охин “Эртнээс өөртөө анхаарч гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө урт наслах нь хамгийн чухал” гэж хэлэх дуртай болсон.

Цэцэгдэлгэр үүгээр л дамжуулж хүнийг хайрлах бусдын төлөө амьдрах аав, ээж гэдэг юутай үнэтэй хүмүүс болохыг ойлгосон гэдэг.

Тэрээр “Надад хийж амжаагүй олон ажил байгаа. Тиймээс ингээд үхэж болохгүй биз дээ. Сургуулиа төгсөнө, дараа нь төрөлх сайхан хотдоо ирж илүү их хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж амьдрах болно. Бас бусдын төлөө, хавдартай хүмүүсийн төлөө сайн дурын мэргэжилтэн болоод тэдэндээ сайхан үгсийг хэлэх болно. Надад гэрэлтэй сайхан ирээдүйг бэлэглэсэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы
хамт олондоо баярласнаа илэрхийлье. Өнөөдөр уйлавч нэг өдөр инээх болно гэдгийг санаж амьдрах хамгийн сайхан. Өвдөж байгаагүй мөртлөө нэг л өдөр 2,8 см хавдартай гэж оношлогдож бүтэн гурван cap эмнэлэгт байхдаа ангийнхныгаа хамгийн их санасан… Одоо бол цоо эрүүл. Ирээдүйгээ хамгийн сайхнаар хардаг. 10 жилийн сурагчид бидэнд хөгжилтэй зүйл их тохиолдоно шүү дээ. Заримдаа хайрын үгтэй урт мессеж ирнээ. Гэхдээ одоо би төгсөх ангийн сурагч болохоор хичээл номондоо анхаарч байгаа. Үерхэл бодох завгүй л байна”.

Үнэхээр л түүний хайрын түүх үргэлжлэн бичигдэж, даруухан ярьж, хөөрхөн инээмсэглэдэг охинд итгэл найдвар, аз жаргал, үүрдийн инээмсэглэл бэлэглэсэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыхаа хамт олонд баярлалаа.

2011 онд анх удаа улс орон даяар хэрэгжсэн энэхүү аяны үр дүн өнөөдөр ч гэрэлтсээр байна. Гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа “Хавдрын эсрэг үндэсний аян” энэ өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм.

Д.Нэргүй /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих