Ховд нутаг дахь ховор амьтад хууль бус ангийн золиос болж байна
Хууль бус анг эрх мэдэл бүхий хүмүүс голцуу хийдэг
Хурдан унаа, буутай хулгайн анчдын өмнө үнэмлэхнээс өөр зэвсэггүй байгаль хамгаалагч хүчин мөхөсдөж байна. Алтай саяны бүс нутагт Монгол улс төдийгүй дэлхийд ховор ан эмьтан элбэг. Гэтэл сүүлийн жилүүдэд алжаал ядаргаагаа тайлах зорилготой эрх мэдэлтнүүд, ашиг хонжоо хайсан сувдаг сэтгэлтнүүдийн балгаар ховор ан амьтдын тоо толгой цөөрсөөр байна. Жил ирэх тусам унаа хүчирхэгжиж байгаа хулгайн анчдын өмнө үнэмлэхнээс өөр зэвсэггүй байгаль хамгаалагчдын хүчин мөхөс байна. Аргал угалзнаас эхлээд, ирвэс бөхөн, хулан тахь,хойлог, баавгай гээд Алтай саяны бүс нутагт ховор ан амьтан олон. Гэвч гөрөөсний цус сайн, аргал угалз агнаж ангийн хорхойгоо даръяа, бөхөнгийн эвэр зарж ашиг олъё гэх мэтээр хулгайн анчид Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар хаа сайгүй тэнүүчлэх болжээ.Тухайлбал дэлхийд ховордсон бөхөнгийн сүргээс эврийг нь хил гарган зарж ашиг олох зорилгоор 54-ийг нь толгой дараалан хядаж байсан эмгэнэлт хэргээс эхлээд ховор ан амьтдад хүйтэн сэтгэлээр хандах явдал тасрахгүй байна. 2006 онд Баян-Өлгийд 54 сая төгрөгийн хохиролтой гурван аргалийн хэрэг гарч. Энэ хэрэгт аймгийн хууль хяналтынхан,цагдаа прокурорууд холбогдож байсан бол Говь-Алтайд гарсан хоёр аргалийн хэрэгт мөн хуулийн байгууллагын эрх мэдэл бүхий хүмүүс оролцсон байсныг байгаль хамгаалах “Ирвэс 3” баг илрүүлж байжээ. ”Ирвэс 3” багийн хувьд 2004 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байцаагч нарт эрх өгч хууль эрх зүйн талаас нь ажиллах боломжийг хангаж байна. Тэдний хувьд унаа машин,холбоо хэрэгсэл,бие хамгаалах хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлээр хангагдсан байдаг учир байгаль хамгаалах хулгайн антай идэвхитэй тэмцэж байгаа. Харин сум орон нутгийн байгаль хамгаалагч нар үнэхээр хүчин мөхөс байгааг хэлж байсан юм. Манайх шиг ийм өргөн уудам газар нутагтай улс оронд ийм нөхцөлтэй байгаль хамгаалагчийн хүчээр байгаль хамгаална, хулгайн ан агнууртай тэмцэнэ гэдэг бүтэшгүй гэдэг нь олон баримтаар нотлогдож байна. Энэ ажилд хүн ардыг татан оролцуулахаас гадна зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмж байгаль хамгаалагч байцаагч нарын чадавхийг нэмэхгүй бол байгаль хамгаална гэдэг хоосон лоозон төдий үг байсаар байхнээ. Ирвэс 3 баг л гэхэд 3 аймгийн нутагт 100 гаруй мэдээлэгчтэй. Эдгээр иргэдийн мэдээлэл хулгайн анчдыг илрүүлэх гол хэрэгсэл болдог байна. Тиймээс алс хязгаарын байгаль хамгаалагчид байгалиас орж байгаа орлогыг эргээд байгальд нь зарцуулах замаар хамгаалалтыг нь хүчирхэгжүүлэх хэрэгтэй байгааг сануулж байна.
URL: