“Волга М21” машин түүх өгүүлнэ

Ардын Их Хурлын Депутатын дарга Ж. Самбуугийн аж ахуйдаа хэрэглэж байсан, 1969 онд үйлдвэрлэгдсэн, Эрдэнэт хотод 1989 оноос хойш замын хөдөлгөөнд оролцож буй “Волга М 21” машин олны анхаарлыг татаж байна. Ниссан, Тоёота, Бенз машинаар чамирхдаг монголчуудын хувьд энэ нь ихэд сонин байгаа бололтой. Уг машиныг Т.Ганбат эзэмшдэг. Түүний аав Төмөрдаш АБК –д жолоочоор ажиллаж байхдаа 1989 онд Засгийн газрын баазаас 380 мянган төгрөгөөр худалдаж авчээ. Ардын Их Хурлын Депутатын дарга Ж. Самбуу уг машиныг аж ахуйдаа хэрэглэж байгаад сүүлд Завхан аймгийн Намын хорооны даргад шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ердөө хоёрхон хүний гар дамжсан тус машин ийнхүү Төмөрдашийн хурдан хүлэг болжээ. Тэрээр хүү Ганбатдаа машинаа өвлүүлж харин хүүхдүүд нь 10, 20 сая төгрөгийн худалдаж авах санал тавьсан хэний ч үгийг хүлээж авдаггүй гэнэ.
Учир нь уг машин тэдний бага насны сайхан дурсамжийг хадгалж байгаа болохоор тэр. “Волга М 21” машинд 12 хүн суугаад Азаргын даваа руу жимсэнд явж эсвэл Хэнтий аймгийн Дадал сум руу талдаа 1000 км хол замыг туулсан гээд уг машинтай холбоотой сайхан түүх, дурсамж олон бий ажээ. Төмөрдашийн зээ охин 2009 онд өвөөгийнхөө унаж байсан машинаар Улаанбаатар хотын Гэрлэх ёслолын ордноос Зайсан хүртэл явж байсан нь мөн л олны анхаарлыг татсан байна. Дээхнэ үед хотын замаар цөөн харагддаг байсан Газ-24, 10 машинаас ч өмнө үйлдвэрлэгдсэн тус машин хэд, хэдэн клипт “тоглоод” амжжээ. Зуны гурван сардаа замын хөдөлгөөнд оролцчихоод бусад үед нь дулаан гражид байрладаг “Волга М 21” сэлбэг хэрэгслийн дутагдалд ч ордоггүй гэнэ. Учир нь Ганбатын аав Төмөрдаш яг ийм хоёр машин босгох хэмжээний сэлбэг, хэрэгслийг нь нөөцөлж амжжээ.
http://erdenetinfo.mn

URL:

Сэтгэгдэл бичих