Залуу нас хэзээ дуусдаг вэ?
Залуу насны дундажийг Британийн эрдэмтэд саяхан тогтоосон байна. Залуу нас 35 настайд дуусдаг гэдэг тодорхой болсон бөгөөд хөгшрөлт 58 насанд эхэлдэг гэнэ. Мэдээж хэрэг 36 эсвэл 38 настай хүмүүс “юу гэсэн үг вэ? Миний залуу нас дуусчихлаа гэж үү?” гэж асуух биз.
Гэхдээ ийм хязгаар нь хийсвэр бөгөөд үнэн хэрэгтээ бүх зүйл таны ертөнцийг хүлээн авах байдал, хүсэл зориг, чадвар болон олон зүйлээс хамааралтай юм.
Хүний нас юугаар тодорхойлогддог вэ? Хаана оршин сууж байгаагаас ихээхэн зүйл хамаардаг хэмээн эрдэмтэд нотолж байна. Жишээ нь Португальд залуу нас 29-тэйд нь дуусч, хижээл нас нь 51-тэй эхэлдэг байна. Крит арал дээр хүмүүс 45 нас хүртлээ өөрсдийгөө залуу хэмээн тооцдог гэнэ. Бельгичүүд 65 хүртлээ өөрсдийгөө залуу гэж тооцсоор байдаг.
Эрүүл саруул амьдрал, зөв хооллолт болон спортоор байнга хичээллэдэг явдал зэрэг нь хөгшрөлтийг хойшлуулдаг. Үүний тод жишээ бол Норвегийн оршин суугчид юм. Тэд дэлхий дээрх хамгийн эрүүл чийрэг хүмүүс хэмээн тооцогддог. Энэ оронд 60 нас хүрсэн хирнээ 40-тэй юм шиг харагдах нь хэвийн үзэгдэл. Тэр хэмжээгээрээ эрүүл чийрэг байдаг юм.
Залуу насаа уртасгахад нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл бол идэвхтэй байдал, аль болох их зүйл хийж амжуулах гэсэн санаа байдаг гэдгийг энд анхааруулах хэрэгтэй. Заримдаа 25 настай эмэгтэйтэй тааралдахад үнэхээр залуу бүсгүйтэй уулзаж байна гэж хэлэхийн аргагүй болсон байдаг. Учир нь нүднийх нь гал дөл унтарчихсан, хэт их ядарсан, ямар нэгэн зүйлийг сонирхохоо больсон зэрэг нь үүнд нөлөөлжээ. Ийм эмэгтэй гэр дотроо хувцас хунараа янзалж өмсөхгүй, эвшээлгэн холхиж чадах бөгөөд кофе уунгаа найз бүсгүйтэйгээ утсаар чалчиж өнгөрүүлнэ. Тэрээр шинэ зүйлийг мэдэж авах гэж хичээхийг ч хүсэхгүй.
Өөр нэгэн жишээ. 45 настай хирнээ өөртөө итгэлтэй, арчилж тордож чадсан, ажилдаа амжилт гаргасан, амьдралдаа өөрийн гэсэн байр сууриа олж чадсан эмэгтэй. Ийм хүний өдрийн минут бүр үнэ цэнэтэй учир өөр амьдралыг төсөөлөх ч үгүй. Ажлын өдрийн дараа эсвэл амралтын өдрүүдэд япон хэлний курс, бүжгийн дугуйлан, саунд сууж, өглөө болгон цэцэрлэгт хүрээлэнд гүйнэ. Харин амралтаараа уулын цанын бааз эсвэл морин тойруулгын газарт амарч эхэлдэг. Ингээд үзэхээр аль эмэгтэй нь илүү залуу байна?
Залуу насны гурван үе
Эрдэмтдийн үзэж байгаагаар “залуучуудын” гурван бүлгийг ялгаж болно. 25-34 насныхан өөрсдийгөө залуу гэж тооцох бөгөөд тэд илүү залуу хүмүүсээс арай өөр.
1. 16-19 насны охид, хөвгүүд “бүхнийг нээгчид” гэж нэрийддэг.
2. 20-24 нас – “туршилт” хийх нас
3. 25-аас 35 хүртэлх нас хүний “алтан үе” бөгөөд энэ үеэр биеийн хүч чадал идэвхтэй, боловсрол эзэмшсэн, ажилдаа амжилт гаргах гэж ид ажиллаж байгаа юм. Ийм насныхан гэр бүлтэй болж өөртөө өгөх дүгнэлтээ хатуу чанга болгодог.
Зөвхөн иргэний үнэмлэх дээрх баримтыг бус харин залуучуудын соёлыг хэрхэн ойлгож байгаагаар нь 40-60 нас хүртэлх хүмүүсийг ч залуу байна гэж хэлж болно. Жишээ нь тэд залуучуудын хамтлаг дуучдыг сонсох дуртай, зарим нь өөрсдөө дуу хөгжим бичиж үздэг хүмүүс. “Скорпионс” хамтлагийн ихэнх нь аль хэдийнээ 60 гарсан боловч тэднийг хэн ч өвөгчүүл гэж хэлэхгүй биз. Тэд сэтгэл санаа биеэрээ залуу байдаг. Тэдний тоглолтыг үзэж байхад ямар их эрч хүчтэй, хөгжилтэй болохыг мэдэрч болно.
URL: