Б.Билэгтийн эхлүүлсэн цэвэрлэгээнд садаа мундахгүй
Ийн дурдахын учир ЦЕГ-ын даргаар Б.Билэгт томилогдсоноос хойш нийгмийн амгалан тайван байдлыг сахиулах, эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхийн зэрэгцээ дотооддоо цэвэрлэгээг эрчимтэй хийсэн гэхэд болно. Өмнө нь цагдаагийн байгууллагад авлига авдаг, бизнесмэнүүдийг дарамталдаг гэсэн гомдол, хэрэг зөрчил тасардаггүй байлаа. Үүнийг дагаад хөрөнгөлөг хурандаа нар гэсэн нэр томъёо хүртэл гарсан байв. Б.Билэгтийн хувьд хууль сахиулагчид өөрсдөө хуулийн дагуу ажиллаж байж бусдад хариуцлага тооцож, шаардлга тавьж чадна. Цагдаагийн байгууллагад бугшсан авлигач, дарамтлагч нөхдийг цэвэрлэж байж ажил үргэлжилнэ хэмээн үзсэн. Тиймээс их цэвэрлэгээгээ Мөрдөн байцаах газраас эхэлсэн гэдэг. Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст арын хаалганыхан буюу дандаа дарга, нөлөө бүхий нөхдийн хүүхэд, татаасны танилууд шингэсэн байж. Тиймээс төрийн нэрийн өмнөөс албан үүргээ гүйцэтгэж чадах хүмүүсийг нь үлдээж ажлын ачааллыг нь нэмэгдүүлж, боломжгүйг нь халсан байна. Энэ цэвэрлэгээг цагдаагийн байгууллагын хэмжээнд үргэлжүүлэн хийж байгаа юм.
Энэ мэтээр ажлын ачааллыг нь нэмээд ирэхээр сэтгэлийн тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвар дутсан, аав ээжийн нөмөр нөөлөгнөөс гараагүй зарим нэг нь өөр аргаар амьдрал ахуйгаа залгуулахын тулд буу барин шөнө дөлөөр дээрэм хийсэн нь ийнхүү илэрсэн байна. Хийн буугаар зэвсэглэн нүүрэндээ маск зүүн дээрэм хийсэн этгээд нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч ахмад Эрдэнэжаргал гэгч байжээ. Төрд тангараг өргөөд хоёргүй сэтгэлээр зүтгэж чадахгүй нөхдийг цагдаагийн байгууллага хаацайлаад шингээгээд байж болохгүй гэдгийг ч Б.Билэгт хэлж байсан. Дээрх хэргээс харахад цагдаагийн байгууллагад хийж байгаа цэвэрлэгээ бүрэн дуусаагүй, өөр сэтгэлтэй буюу баавгайн талын нөхдүүд байсаар байгаа нь харагдаж байна.
Улстөр, бизнесийн бүлэглэлийнхэн цагдаад өөрийн хүнээ шингээж мөнгөөр угжин хувь, хувьсгалын албыг завхруулж байх сонирхолтой. Ийм ашиг сонирхлоор үүссэн холбоог таслан зогсоох, дарга сайд нарын эрх хүүхдийг эрхлүүлдэг салбар байлгахгүйн тулд хийж буй их цэвэрлэгээгээ үргэлжлүүлэхийг Б.Билэгт даргаас хүсч байна.
Их цэвэрлэгээний үр дүнд өөр юм хэрэг, зөрчил, улстөржилт, дарамт шахалт гарч ирэхийг мэдэхгүй. Гэсэн ч ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг дээ.
URL: