Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх 155 шилмэл үхэр ирлээ

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх 155 шилмэл үхэр ирлээ

Засгийн газар, Монголбанктай хамтран “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд “Нүүдэлчин” групп Засгийн газар, Монголбанкны жилийн 0.8 хувийн хүүтэй, дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрт хамрагдаж шилмэл 155 үхрийг авчирч байгаа аж. Энэ хүрээнд үхрийн фермерийн аж ахуй байгуулж, ард иргэдийг цэвэр сүүгээр хангах зорилгоор оруулж иржээ.

Франц улсаас оруулж ирж буй эдгээр үхрийг онгоцоор зөөвөрлөн өчигдөр авчирсан юм. Эдгээр үхрийг энгийн тэжээлээр хооллож болохгүй. Тухайлбал, царгас, хивэг, ногоон дарш, өвсөн дарш зэргийг зориулалтаар нь өгч хооллодог байна.

Үхрийн хооллолтод хүртэл нарийн анхаарсан бөгөөд тэжээлийн төсөлд Монголын тэргүүлэх зэргийн доктор н.Дүгэрсүрэн оролцож, нормыг зохиосон гэнэ. Франц улс нь үхрийн чанар, мах сүүний чиглэлээр дээгүүрт тооцогддог билээ. Энэ ч үүднээс тус улсын уулархаг нутагт байрлах 155 “Монт Белъяард” үүлдрийн үхрийг Монголд анх удаа фермер байгуулахуйц их хэмжээтэйгээр авчирч байгаа нь энэ юм. “Монт Белъяард” үүлдрийн хувьд дэлхийд шилдэгт зүй ёсоор тооцогддог аж.

Энэхүү үүлдрийн үхэр нь хүйтэнд тэсвэртэй, монгол үнээнээс сүүний гарцаараа 4-5 дахин их, хөл сайтай, аарцаг том, дасан зохицох чадвар сайн зэрэг олон давуу талтай. Өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан эдгээр 155 үхрийн хувьд бүгд дөрвөн сартай хээлтэй бөгөөд ирэх хоёрдугаар сард тугаллах аж.

“Нүүдэлчин” группийн охин компани “Хишигтэн нүүдэлчин”-ий гүйцэтгэх захирал Ж.Баттөгс хэлэхдээ “Манай группээс сайн үүлдрийн үхэр оруулж ирэх судалгааг гурван жилийн турш хийсэн. Дэлхийд дээгүүрт тооцогдох Монт-Белъяард үүлдрийг судалсны үндсэнд манай улсын нөхцөлд тохирно гэж үзсэн.

Эдгээр үхрийн хувьд 20 сартай. Ер нь бяруу л гэсэн үг. Есөн жил саалиа бүрэн өгөх чадвартай, есөн удаа тугаллана гэсэн үг” гэв. Хамгийн гол нь эдгээр үхэр сайн үүлдэрт тооцогдохоос гадна Францаас шилэгдэж, манай улсад ирсэн гэдгээрээ онцлог. “Нүүдэлчин” группийн төлөөлөгч, мэргэжилтнүүд хамтран Францад очиж үхрийн үзэсгэлэнгээс сонгож авчирчээ. Тус компанийнхны хэлж буйгаар үнээнүүдийг миссийн тэмцээн шиг шалгаруулдаг байна.

Үнээнүүд эгээ л тайзан дээр алхаж буй мэт үзэгчдийн өмнүүр явдаг аж. Урдуур алхлах олон янзын үүлдрээс худалдан авагчид харж байгаад сонголт хийдэг гэнэ. Манай улсын хувьд ч энэ мэтчилэн сонголт хийсэн байна. Эдгээр үхрийн нэг нь л гэхэд тээврийн зардалтайгаа нийлээд 8-10 сая төгрөгөөр ирж байгаа аж.

Энэ удаагийн үйл ажиллагаа нь цаашид манай улсад дэлхийд алдартай сайн үүлдрийн үхрийг оруулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа гэдгийг албаныхан онцолж байв. Энэ мэтчилэн цаашид Европын орнуудын шалгарсан, шилдэг үүлдрийн үхрийг нутагтаа авчирч, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үйл явц сайжирна гэдэгт итгэлтэй байгаа аж.

Малаас их юмгүй мөртлөө гаднаас үхэр авахын учир Монгол Улс 40 гаруй сая толгой малтай мөртлөө гаднаас яагаад үхэр авч байна вэ? Манай улс зөвхөн бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлсэн. Тиймдээ ч жилийн дөрвөн улиралд байнга махны хангалттай хэрэгцээтэй байж чаддаггүй. Улирлын чанартай байдаг.

Тиймдээ ч хавар цагт махны хомсдол үүсч, үнэ өсдөг. Цаашлаад манай улс бэлчээрийн мал аж ахуйг л хөгжүүлснээс биш суурин буюу, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил сул. Огт хөгжөөгүй ч гэж хэлж болно. Тиймээс суурин мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа. Хэрэв ингэж чадвал хавар цагт үүсдэг нойтон махны хомсдол, үнэ өсөх асуудал байхгүй болно гэсэн үг. Иймээс Монгол Улсын Засгийн газраас “Хүнсний гол нэр төрлийн барааны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд шилмэл үүлдрийн үхрийг оруулж ирж байгаа.

Энэ талаар ҮХААЯны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал “Засгийн газраас нөөцийн мах гарган худалдсаны дүнд үнийг тогтвортой барьж байсан. Гэвч хавар нойтон махны хомсдолыг дийлж, зохицуулж чадахгүйд хүрдэг. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр махны хомсдол, үнийн өсөлтийг зогсооно гэсэн үг. Цаашлаад өнгөрсөн жил л гэхэд манай улс 900 тонн тансаг зэрэглэлийн мах буюу, бидний одоо оруулж ирж буй дээд зэргийн үүлдрийн малын махыг импортолсон. Хэрвээ дотооддоо сайн үүлдрийн үхэр өсгөн, эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлбэл тансаг зэрэглэлийн махны импортыг ч хаах юм” гэв.

Эдгээр үхрийг сарын хугацаанд урьдчилан бэлтгэсэн хяналтын талбайд байрлуулна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хүрээнд Францын технологиор байгуулж буй фермийн цогцолборыг Төв аймгийн Архус суманд барьж байгаа аж. Уг цогцолборын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд “Нүүдэлчин” групп долоон тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Энэ цогцолборыг ашиглалтад оруулснаар 155 шилмэл үхрээ оруулна.

Франц үхэр монгол үхрээс 4-5 дахин их сүү өгнө Франц үхэр Монголынхоос сүүний гарцаараа 4-5 дахин их. 155 үхэр өдөртөө л дөрвөн тонн сүү гаргах бөгөөд Төв аймаг дахь фермерүүдийг шинэ шатанд гаргах үүднээс сүүг худалдах юм байна. Мөн сайн үүлдрийн үнээний сүүг дээд зэргийн цэврээр ард иргэддээ хүргэх үүднээс цех байгуулах ажил үргэлжилж байгаа аж. Ирэх хоёрдугаар сард сүүний цех ашиглалтад орох бөгөөд графикийн дагуу судалгаа шинжилгээг “Хишигтэн нүүдэлчин” компани хийж байгаа талаар хэллээ.

Энэ талаар компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс “Монт Белъяард үүлдрийн үнээний сүү нь уургийн агууламж өндөртэй. Дэлхийд алдартай франц бяслагийг хийдэг гол үүлдэр” гэсэн юм. Ингээд 155 шилмэл үхрээр манай улс эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлэх цаг ирлээ.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих