Жолооны үнэмлэхийг донорын эрхтнээр солино

Осолд орвол эрхтнүүдийг нь эрхтэн шилжүүлэн суулгахад ашиглахыг зөвшөөрсөн баримт бичиг бөглөхийг жолооны үнэмлэх авах гэж байгаа Хятадын иргэдэд санал болгож байна. Ингэхдээ чухам ямар эрхтнээ өгөхөд бэлэн байгаагаа тодорхой зааж болох ажээ.

Дэлхийд донор болох хоёр үндсэн систем байдаг. Нэгд нь “зөвшөөрөөгүй хүн донор болохгүй” гэсэн байдаг. Энэ журмыг АНУ, Герман, Канад, Их Британи, Ирланд, Дани улс баримталдаг байна. Нөгөөд нь “татгалзаагүй хүн донор мөн” гэсэн байдаг. Үүнийг Испани, Австри, Бельги, Португали, Швед, Итали, Франц, Орос, Бразил, Польш, Финланд улс хэрэгжүүлдэг аж.

Хятад улс энэ хоёрын алинд нь ч хамаардаггүй. Гэхдээ тус улс жолоо барих эрх олгохдоо үхсэнийхээ дараа донор болохыг санал болгох практикийг нэвтрүүлж байгаа анхны улс болж байна.

Одоо Хятадын эрх баригчид ирээдүйд донор болох хүн, түүний гэр бүлд үзүүлэх хөнгөлөлтийн жагсаалт гаргахаар бэлтгэж байгаа ажээ. Донорууд дугаар хүлээлгүйгээр жолооны эрх авч болохыг шинжээчид үгүйсгэхгүй байна.

Энэ нь асар онцгой эрх байх юм. Учир нь тус улсын хотуудад автомашины асар их түгжрэл үүсдэгээс жолооч нарын тоог хязгаарладаг байна. Жишээ нь Бээжинд хувийн машин улсын дугаар нь тэгш тоогоор эсвэл сондгой тоогоор төгссөн гэдгээс нь хамаарч замын хөдөлгөөнд оролцуулдаг.

Гэхдээ замын түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд “жолооны үнэмлэхийг бөөрөөр солих” аргыг Хятадын олон нийт төдийгүй, хилийн чанадад ч эрс шүүмжилж болзошгүй юм.

З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих