“Оюу толгой”-н ажлын хэсэг бямба гаригт Лондон явна
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийсэн. Айлчлал амжилттай боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширлаа, зогсох нь гэсэн айдас иргэдийн дунд байна. Валютын ханшийн өөрчлөлт бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлөө, шатахууны үнэ нэмэгдэх нь, шатахуун түгээх зарим газрууд түгээлт хийхгүй байна гэхчлэн асуултыг Ерөнхий сайдаас хэвлэлийнхэн сонирхлоо.
Найман хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжилнэ гэж Ерөнхий сайд хэлээд иргэдээс гарч буй асуудал, гомдол саналыг хүлээж авах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд ажлаа тайлагнана гэлээ.
Шатахууны үнийн өсөлтийг хязгаарласан, мөн 50 төгрөгөөр хямдруулсан. Нэмж өсгөхгүй, барих бодлогыг Засгийн газар хэрэгжүүлсэн. Үнэ өсөх болон шатахууны хомсдол бий болохгүй гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Валютын ханшийн түр зуурын өсөлтийн үеэр гадаадаас импортолдог цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг барааны үнэнд өөрчлөлт гарсан. Ийм тохиолдолд нөөц бүтээгдэхүүн бий болгох, нөөцөөсөө нийлүүлэлт хийж үнийн өсөлтийг тогтвортой байлгах арга хэмжээ авч эхэлсэн. Ийм савалгаатай үед нөөцөөсөө нийлүүлэлт хийх замаар үнийн өсөлтийг сааруулах чиглэл барьж ажиллана гэлээ.
“Эрдэнэс Оюу толгой” компанийн Монголын талын гүйцэтгэх захирал болон ТУЗ-ын гурван гишүүнийг өөрчилсөн. Энэ баг энэ бямба гаригт Лондон явна. Рио Тинтотой яриа хэлэлцээ хийнэ. Гүний уурхайд нэмэлт хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ирнэ.
“Оюу толгой”-н үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн төлөө Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: