Нисэхийн “Цагаан хаалга”-ыг Хөшигийн хөндийд барина
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нисэхийн “Цагаан хаалга”-ыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байрлуулах шийдвэр гаргажээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан, Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг татан буулгаж, “Хөшигийн хөндийд” баригдах олон улсын нисэх буудлын авто замын чиглэлд Айдсын даваа орчимд барих саналыг Тэргүүлэгчдэд танилцуулсан байна.
Саналыг Тэргүүлэгчид хэлэлцэн, тогтоол гаргаж, буулгахаар боллоо. Харин 2015 онд Хөшигийн хөндийд шинэ “Цагаан хаалга” барина.
Дашрамд дурьдахад, анх 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын Монгол улсад хийх айлчлалыг тохиолдуулан барьжээ. Тус хаалганд хоёр улсын сүлд байдаг нь энэхүү үйл явдлыг илтгэдэг.
Тухайн үедээ “Найрамдлын хаалга” гэгддэг байсан ч он цаг өнгөрсөөр “Цагаан хаалга” хэмээн нэрлэх болжээ.
Б.Соёлмаа
URL: