“Бид уран бүтээлдээ хэзээ ч “болчихлоо” гэж сэтгэл ханадаггүй”
Хүсэл тэмүүлэл нэгтэй “Мөрөөдлийн театр” продакшны шинэлэг өвөрмөц уран бүтээлүүдэд үзэгчид сэтгэл дүүрэн байдаг.
Одоо ч тэд энэ намрын ээлжит бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” жүжгээ толилуулж байна.
Тус продакшны жүжигчин СТА Г.Эрхэмбаяртай ярилцлаа.
Тэрээр тайз дэлгэцийн өнөө цагийн төлөөлөл болж яваа залуу жүжигчний нэг билээ.
-Та бүхэн бусад продакшнуудаас өөрийн гэсэн өнгө аясаараа ялгарна гэж бардам хэлдэг. “Гээсэн хайраа аваарай” жүжиг ч энэ утгыг агуулж байгаа байх?
-Тийм ээ. Бид “Гээсэн хайраа аваарай” жүжигт маш их анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Олон продакшин тухайлбал “Эмоци” гээд л шинэ продакшн мөр зэрэгцээд гараад ирлээ. Энэ дундаас бид өөрийн гэсэн өнгө аясаараа ялгарах ёстой. Тиймээс сайн тоглолт хийх хэрэгтэй гэдгийг илүүд бодолцсон. Одоогоор арав гаруй өдөр тоглоод байна. Үзэгчдэд маш их хүрч байгаа. “Мөрөөдлийн театр” хоёр жилийн хугацаанд өөрийн гэсэн үзэгчтэй, өөрийн гэсэн өнгө төрхөө олсон продакшн болж чадсан байна. Гэсэн ч бид ингээд болчихлоо гээд сэтгэл ханахгүй цаашдаа олон шинэлэг уран бүтээл хийхийг зорьж байна.
-Бүтээлүүдийг тань харж байхад цаг үедээ нийцсэн, бас мэдэрсэн зохиолыг сонгож аваад байх шиг санагддаг. Зохиолоо захиалж бичүүлдэг үү?
-Монголд залуу зохиолч тун цөөхөн байна. Харин хуучны алдартай зохиолчид болох Ш.Гүрбазар ахаас өгсүүлээд аль ч үеийнхэнд тохирсон зохиол бичээд байна л даа. Гэсэн хэдий ч яг өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа асуудлаар сайн зохиол бичих нь үнэхээр хомс байна. Тиймээс бид Англи, Франц, Оросын инээдмийн жүжгүүдийн зохиолыг уншиж судалж, түүнээсээ тоглолтондоо оруулдаг. Энэ удаа Оросын алдарт зохиолч Александр Головнийн “Хөөрхий дөө муу ээж минь” зохиолыг Монгол хөрсөн дээр буулгаж тоглож байгаа. Үзэгчдэд маш сайхан хүрч байгаа.
Судалгаанаас үзэхэд өнөөдөр залуучуудын дунд гэр бүл салалт маш их болсон. Энэ утгаар залуучууддаа хандаж нэгийг бодогдуулах зорилгоор жүжгээ тавьж байгаа. Ер нь манай тоглолтоос маш олон сюрпризийг олж харах боломжтой. Тоглолт эхлэхээс өмнө үзэгчдийн суудалд хүлээж байхад лазер гэрэл шоу гээд ерөнхийдөө интертаймент шоулаг тал руугаа давамгайлсан жүжиг байгаа.
Ер нь залуу насанд алдаа оноотой амьдрал зөндөө л байдаг шүү дээ. Хамгийн гол нь алдаан дээрээ суралцах нь чухал байгаа юм. Тиймээс бие биенээ уучилж, хайраа ололцох хэрэгтэй.
-Таныг ээж тань урлагийн замд хөтөлж оруулсан байх аа?
-Тийм ээ. Ээж маань намайг драмын урлаг руу оруулсан гэж хэлж болно. Яагаад гэвэл би 10 дугаар ангиа төгсөөд БХИС-д орох гэж байсан юм. Гэтэл ээж маань манай удамд урлагийн хүн байдаг юм, тэгэхээр урлагаараа явбал амжилтанд хүрнэ гэж хэлсэн. МУГЖ Шаравдоо гэж хүн манай ээжийн өвөө нь юм. Ээж маань цэцэрлэгийн асрагчаас эхлээд насаараа сурган хүмүүжүүлэх салбарт 40 жил ажилласан хүн байдаг. Тиймээс би ээжийнхээ итгэлийг алдаагүй өдий зэрэгтэй жүжигчин болсондоо баярлаж явдаг.
-Таныг оюутан ахуй цагаасаа драмын театраар “эргэлддэг” байсан гэдэг. Магадгүй энэ сонирхол таныг жүжигчин болоход нөлөөлсөн байх л даа?
-Миний хувьд оюутан байхдаа УДЭТ-д хулгайгаар их жүжиг үздэг байлаа. Тэгж явсаар байгаад театрынхантай танил найз нөхөд болчихсон байсан. Тэгээд сургуулиа төгсөөд УДЭТ-д жүжигчнээр найман жил ажиллаад одоо “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад гар сэтгэл нийлсэн багтай сайхан ажиллаж байна.
-Мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуус л “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан шүү дээ?
-Бид мөрөөдөлтэй залуу хүмүүс. Яг асч, оргилж байгаа залуу үе дээрээ ихийг сэтгэж санаачилж хийх хэрэгтэй байна шүү дээ. Баригдмал биш өөрсдийнхөө хүсэл мөрөөдлөөр ажиллах л бидний гол зорилго. Түүнээс 50, 60 гарчихаад л шинэ продакшн байгуулаад амжилтанд хүрнэ гэвэл тийм ч оновчтой зүйл биш.
-Театр байхдаа цалин тань хэр хүрэлцдэг байв?
-Төсвийн цалин ямар байдаг вэ гэдэг ойлгомжтой шүү дээ. Одоо нэмэгдээд 400 мянган төгрөг болсон байх. Би сард 480,000 төгрөгийн цалин авдаг байлаа. Түүнийг хоёр хуваагаад татвараа төлөөд тухайн үедээ болгоод л байсан юм даа. Яг үнэндээ цалингийн төлөө биш сайн уран бүтээл хийж тайзнаас үзэгчидтэй харьцах л баяр баясгалан байсан. Бас мэргэжилдээ хайртай байх нь чухал.
-Танай продакшнд жүжигчин Аяа буюу Алтанцэцэг орж ирснээр улам ч өнгө нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ продакшны уран бүтээл фенүүддээ хүрэхийн гол түлхүүр болж өгсөн гэхэд хилсдэхгүй байх?
-Аяа эгчийг бидэнтэй хамтарч ажиллаач, дүү нар нь ийм уран бүтээл хийх гэж байна санал тавихад уриалгахан хүлээж авсанд үнэхээр гайхдаг. Энэ чадварлаг уран бүтээлчийг олон продакшн олон уран бүтээлчид хамтарч ажиллая гэхэд нь зөвшөөрөөгүй юм билээ. Аяа эгч маань гурван дүүдээ үнэхээр түшиг тулгуур болж зааж зөвлөж байдагт нь баяртай байдаг. Цаашдаа тэмдэглэлт баяруудаар олон өвөрмөц шинэлэг уран бүтээл хийж үзэгчиддээ хүргэнэ гэж бодож байгаа. Бас ирэх намар “Ээжийн дайснаас хойш” нэртэй дэлгэцийн хоёр дахь уран бүтээлээ хийнэ. Ээжийн дайсан гэж манай “Мөрөөдлийн театр”-ын хамгийн анхны уран бүтээл байдаг. Мөн энэ зун “Мөрөөдлийн театр” нэртэй хоёр дахь уран сайхны киногоо хийх гэж байгаа.
-Танай баг зөвхөн драм гэлтгүй, шоу драм, кино урлагт хүч үзэж эхэллээ. Цаашдаа аль чиглэлийг барьж ажиллах вэ?
-Бид ямар нэг чиглэлд баригдахгүй, чөлөөтэй уран бүтээлээ туурвих болно.
-Хувийн продакшнуудыг мөнгөний уурхай гэдэг?
-Нэг удаагийн тоглолтонд 40, 50 хүн оролцдог. Тайз арын ажилчид, менежер касс гээд олон хүн ажиллаж байж нэг уран бүтээл гардаг. Тиймээс энэ олон хүний цалин мөнгийг нь тасалдуулахгүй ажиллаж байгаад бидний ажлын үр дүн оршиж байгаа юм. Олох үедээ олно, шатах үедээ шатна олон асуудал байна шүү дээ. Гэсэн ч тэр бүхэнд шантрахгүй л байх ёстой.
-Найруулагчдаас кинонд тоглох санал хэр ирдэг вэ?
-Кино клип, рекламанд тоглох урилга нэлээд ирдэг л дээ, гэхдээ тэр болгонд нааштай хариу өгөөд байдаггүй. Хамгийн гол нь зохиол таалагдах эсэх нь чухал.
-Түүхэн сэдэвтэй уран бүтээл хийх үү?
-Магадгүй таван жилийн дараа сонгодог болон түүхэн уран бүтээл хийж болох. Харин өнөөдөртөө бол боломжгүй, залуу уран бүтээлч бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Түүнээс биш бүх зүйлийг шүүрч авч чанаргүй бүтээл гаргах бодол алга.
-Мөрөөдлийн театрынхны ойрын зорилго юу вэ?
-“Мөрөөдлийн театр” гэсэн том байртай болохын төлөө мөрөөдөж яваа. Энэ маань хэдэн жилийн дараа биелэх юм бүү мэд.
-Таны бодлоор найз гэж хэн бэ, та хэр сайн найз байж чаддаг вэ?
-Найз гэж нандин нөхөрлөлийг хэлнэ. Миний хувьд маш олон найзтай, итгэл дааж, зовлон жаргалаа хуваалцдаг найзгүй бол амьдралыг төсөөлөхөд бэрх санагддаг юм. Тийм ч учраас нэгэндээ урам өгч, нэгнийгээ хурцалж, хазайхад нь ч хамт байж чадвал найз гэдэг үгний мөн чанар харагдах болов уу. Миний хувьд хэр сайн найз вэ гэдгийг найзууд мааньл дүгнэх байх даа.
Д.Нэргүй /Нийслэл таймс/
URL: