Барууны байлдаантай киноноос шал өөр…

-“Централ Тауэр”-ээс олдсон хорт бодис 40 тонн хатуу биетийг задлах хүчтэй эд байжээ-

Мягмар гарагийн өглөө сэрэхдээ ус уух хувьтай төрсөндөө эрхгүй баярлах сэтгэгдэл төрж билээ.
Учир нь өнгөрсөн даваа гарагт “Гал үндэстэн” тэргүүтэй ТББ-ынхаа хийсэн болчимгүй үйлдлээс болж, хэдэн хүний амь нас эндэж, улсад хэчнээн тэрбум ам.долларын хохирол учрах байсныг таашгүй.

Үүнийг дахин, дахин сануулан бичиж буйн учир нь “Сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр аливаа зүйлд ханддаг монголчууддаа сэрэмжлүүлэх гэж тэр. Даваа гарагийн бага үдэд Төрийн ордны гадаах цэцэрлэгт буун дуу гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахад иргэд “Барууны байлдаантай киног дуурайж байна” гэх зүйл ярьж, цахим ертөнцөөр ч ийм л коммент, жиргээ түгсэн юм.

Харин үдээс хойш БОНХЯ, “Централ тауэр” дотор тэсрэх бөмбөг байрлуулсан талаар мэдээлэхэд “Сургалт зохиогдож байгаа юм биш үү”, “Монголд бөмбөг дэлбэрвэл онигоо болно биз дээ” хэмээн ярилцаж байхыг сонссон билээ. Хэргийн газар дээр болж буй үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчидтэй ч иргэд шоглонгуй ярьж, дооглосон харц чулуудаж байсныг энд тэмдэглэх ёстой. Үнэндээ бол тэнд барууны байлдаантай кино эсвэл хүчний байгууллагынхны ээлжит сургуулилтаас шал өөр зүйл өрнөж байсан гэдэг нь тэр оройдоо тодорхой болсон юм.

“Гал үндэстэн” холбооныхны биедээ авч явсан болон Чингисийн талбай орчмын байгууллагуудад байрлуулсан тэсрэх бөмбөг үнэхээр дэлбэрсэн бол бид өнөөдөр яах байсан бэ. Улс орны нөхцөл байдал алга урвуулахын дотор эргэж, юун эрх чөлөөт энх тайван Монгол болох байлаа.

Энэ өдөр ийм зүйл болох байсан…

“Гал үндэстэн” холбооны эсэргүүцэгчдийн шидсэн тэсрэх бөмбөг бүгд байлдааны зориулалттай байсан гэдгийг зориуд онцлон тэмдэглэх учиртай. Тодруулбал, F1 буюу ширмэн гадартай байлдааны хориглолтын тэсрэх бөмбөг байжээ. Энэ төрлийн тэсрэх бөмбөгийг хориглолтын нуувч, ухсан нүх, саравчин дотор байгаа цэргийн алба хаагчдыг устгахын тулд шидэж ашигладаг юм байна. Тэсрэх бөмбөг дэлбэрэхэд ширэмний хэлтэрхий асар хүчтэй цацарч, 200 метр радиуст байгаа хүмүүсийг устгах хүчин чадалтай. Тэсрүүлэгчээ хийгээд чагтыг нь татаад шидсэн бол 7-10 секундын дараа дэлбэрэх аюултай ажээ.

Харин тэсрүүлэгч нь тэдний халаасанд байсныг цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид цаг алдалгүй илрүүлж, аюулгүй болгосон билээ. Түүнчлэн иргэдийн сургуулилт хэмээн мэдэмхийрч байсан “Централ Тауэр”-т болсон үйл явдал ч үүнээс дутуугүй хор хөнөөл учруулах байв. Хэрвээ тэндэхийн 2500 ажилчин цаг алдалгүй ажлын байраа чөлөөлөөгүй байсан бол, гай газар дороос гэгчээр бөмбөг дэлбэрсэн бол өнөөдөр бид харамсаад барахгүй уй гашууд автах байлаа. Мэдээж “Централ Таур”-ээс тэсрэх бөмбөг илэрсэн.

Тус барилгаас Чингисийн талбай руу гардаг үүдний хажуугийн хогийн саван дотроос илэрсэн юм. Барилгаас “Тортел” хэмээх тэсрэх бодис олджээ. Тортел нь тэсрэх бөмбөгийн үндсэн түүхий эд аж.

Харин тус барилга дотор 200 грамм тортел байжээ. Ийм хэмжээний тортелоор 40 тонн жинтэй хатуу биетийг задалж болох аж. Хэрвээ тортел дэлбэрсэн бол шилэн хана, хаалгатай “Централ тауэр” доороосоо зад үсрэх байв.

Байшин нурж, зам болон талбай дээр яваа олон хүн, машинд аюул учруулж болох байжээ. Энэ бүхэн өнгөрсөн даваа гарагт болсон үйл явдал барууны байлдаантай киноноос шал өөр зүйл гэдгийг гэрчилнэ.

Тэсрэх бөмбөг дэргэдэх хогийн саванд нь хийчихээд байхад иргэд “Ажил алдуулаад, ийм дэмий зүйл хийх ямар хэрэгтэй юм” хэмээн цагдаа, хүчний байгууллагын алба хаагчдыг зандарч байхыг ч харсан. Хэрвээ тэд хэргийн газарт хам хум үзлэг хийгээд, эсвэл тэдний үгэнд ороод хамгаалалтаа буулгасан бол яах байсан нь ойлгомжтой.

Би үхэхээр чи үх гэв үү

Энэ өдөр хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажилласан хүмүүс бол цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид. НОБГ-ын Аврах ангийн тусгай ажилтнууд байв.

Мэдээж нийслэл тэр аяараа аюулд өртөөд байхад тэд биднийг хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс. Гэвч тэд гар нүцгэн төрийн цагдаагаас өөрцгүй нөхцөл байдалд ажилласан юм. Өмнө нь сургуулилт төдийхөн хийгээд өнгөрдөг байсан бол энэ удаад тэд жинхэнэ хэргийн газар дээр ажиллах шаардлага тулгарсан. Байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгслээ базаагаад хэргийн газарт шуурхай ажиллаж, тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосонд нь бид одоо талархах учиртай. Гэхдээ энэ өдөр зарим албан байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллахаас татгалзсан нь “Би үхэхээс чи үх” хэмээн нөхрийгөө аюул руу түлхэж буйгаас ялгаагүй явдал болсон юм.

Тодруулбал, НОБГ-ын Шуурхай мэдээллийн төвд “Төрийн ордны арын цэцэрлэгт хүмүүс жагсаал цуглаан хийж байгаад тэсрэх бөмбөг шидлээ” гэсэн анхны мэдээлэл 10.30 цагт иржээ. Энэ мэдээллийн дагуу тэд Аврах-105 бүлгээ явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Инженер сапёрын бүлэгт мэдээ өгчээ. Нийслэлийн онцгой байдлын газар зэвсэгтэй шууд харьцаж ажиллах үүрэггүй юм байна.

Харин улсын хэмжээнд цэргийн зориулалттай буу зэвсэг, тэсрэх бөмбөг олдвол Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Терроризмтэй тэмцэх ангид мэдээлдэг журамтай. Тиймээс ч Зэвсэгт хүчний 084 дүгээр анги зэвсгийг өөр газар аваачин тэсэлж, дэлбэлж аюулгүй болгодог байна. Гэвч тэд эхний мэдээллээр хэргийн газарт очсонгүй. Уг нь мэдээллийг аваад эхлээд зэвсэгт хүчнийхэн очиж, цагдаагийнхан хамгаалалтад авч ажиллах ёстой гэнэ. Үйл ажиллагаа болж өнгөрсний дараа хүмүүсийг дээр, доороос нүүлгэх, галыг нь унтраах, аврах ажиллагаа явуулах үүрэг онцгойгийнхонд бий.

Гэтэл тус тусын чиг үүрэгтэй байгууллагууд чиг үүргээ гүйцэтгээгүй нь тухайн өдөр улс орныг эрсдэлд учруулснаас өөрцгүй үйлдэл билээ. Зэвсэгт хүчин цагдаагаас мэдээлэл өгч байхад очих л ёстой. Гэвч тэд очоогүй учраас Аврах тусгай ангийн Инженер сапёрын ангийнхан хамгаалалтын хувцсаа өмсч тэсрэх бөмбөгийг түүж тусгай саванд хийгээд тагнуул, цагдаагийнханд хүлээлгэж өгчээ.

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хэн бэ

Одоо тэдэнд хэн гэгч этгээд зэвсэг нийлүүлснийг тогтоохоор ТЕГ-ынхан ажиллаж буй. Мэдээж үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тэр этгээд хуулийн дагуу зохих шийтгэлээ хүлээнэ.

Хүн бүхэн хэн гэгч зүрх зоригтон тэдэнд улс оронд онц ноцтой аюул учруулах хүчтэй галт зэвсэг болон тэсрэх бодис нийлүүлэв. Дээл өмсч, гадныхныг хялайсныгаа эх оронч үзэл, сэтгэхүй гэж ташаарсан “Гал үндэстэн”-үүдийг хөдөлгөгч хүч нь хэн болох нь ч одоо анхаарал татаж байна. Тэднийг хэн хөдөлгөж, турхирав.

Хэний ашиг сонирхлын төлөө Ц.Мөнхбаяр мэтийн хэнээтнүүд эх оронд минь заналхийлэв. Энэ бүхний зангилаа тун удахгүй тайлагдах биз ээ.

Х.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих