Одоо Францаас ”Напалеон”, Германаас ”Гитлер” бонд босгоё л доо
Манай эрх баригчид дэлхийн зах зээл дээр таван тэрбум ам.долларын бонд гаргасан. Үүний 1.5 тэрбум бондыг амжилттай арилжаалсан учир Засгийн газрын дансанд өдгөө 1.5 тэрбум ам.долларыг оруулж ирсэн.
Бид нэр хоч өгч, пиардахдаа сайн төртэй хойно уухайн тас л “Чингис” бонд хэмээн нэрлээд авлаа. Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөх “Фортуна” Н.Батбаяраа дагуулан Япон улсад албан ёсны айлчлал хийсэн. Хамгийн гол ажил нь энэхүү айлчлалынхаа үеэр 600 сая ам.доллартай тэнцэх иенийн “Самурай” бонд гэгчийг гаргахаар батламж гаргав. “Чингис” бондын мөнгийг босгоход ч мань “фортуна” явсан. Яагаав, өнөөх “фортуна” нь Нью- Иорк хотын буудалд бөөлсний хүчинд авчирдаг мөнгө шүү дээ. Харин одоо мөнгө үзээгүй Засгийн газар маань 1.5 тэрбум ам.долларын гуравны хоёрыг нь хаашаа ч гаргахгүй Монголбанкинд хав дарсан гэж байгаа, үнэн худлыг бүү мэд. Гэтэл судлаачид Монголбанк валютын ямар ч нөөцгүй болсон гэх мэдээллийг өгч байдаг. Өчнөөн тэрбум төгрөгийн хүү төлчихөөд зүгээр л хадгалаад байгааг хүмүүс янз бүрээр л тайлбарлах аж.
Тэгсэн хэрнээ дээр нь нэмээд “Самурай” бонд авчихлаа. Мөнгө зээлж, хав дараад байвал жигтэйхэн баян улс болчихно гэж бодоогүй л баймаар. Ингээд мөнгө цуглуулж хадгалаад байгаа хэрнээ төсвийн алдагдал нь 1.5 их наяд төгрөгт хүрчихсэн, ам.долларын ханшийг 1700 төгрөг давуулчихсан. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт гарчихсан. Гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурчихсан байх юм. Ерөөсөө нийгэм их бухимдалтай байна. Ямар сайндаа л Төрийн ордныхоо гадаа буун дуу гаргаж, тэсрэх бөмбөг булж байхав дээ. Энэ бол нийгэм ямархуу бухимдалтай байгааг төвөггүйхэн гэрчилсэн хэрэг гэдгийг хэн ч төвөггүйхэн мэднэ. Ямар ч төлөвлөлтгүй Монгол Улсын ирээдүй хойчийг барьцаалж их мөнгө зээлчихлээ.
Зээлсэн мөнгөө юунд ч зарцуулахгүй байсаар 100 шахам тэрбум төгрөг хүүнд нь өгчихсөн гэхээр хэнд ч эргэлзээ төрнө биз дээ. Тэгсэн хэрнээ дээр нь нэмж мөнгө авах гээд байдаг. Ерөөсөө л дансандаа асар их мөнгөтэй баян улс болж харагдах гэсэн хэрэг үү. Үнэхээр л дансандаа их мөнгөтэй асар баян улс болох гээд байгаа бол одоо бондоо үргэлжүүлээд босгоод байх хэрэгтэй, яадгийм. Шейвцарь шиг л байя. Нөгөө талаар Зимбаб шиг цалингаа шуудай, шуудайгаар нь хэмжиж авдаг больё л доо. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ” чуулганы нээлтэд Ц.Элбэгдорж хэлэхдээ “Би саяхан Шанхайн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо хойд өмнөд хоёр хөрштэйгөө сайн ярилцаж хамтран ажиллах тал дээр санал солилцсон. БНХАУ- ын дарга Си Жиньпинтэй маш элэгсэг дотно яриа өрнүүлсэн. Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хамтарч шийдвэрлэх талаар ярилцсан” хэмээн цохно билээ. Тэгэхээр Хятадаас “Мао” бонд босгох ажиллагааг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хариуцаад авахад гэмгүй. Оросоос ч гэсэн “Николай I” бондыг босгоход ч гар бие оролцож чадна гэдгээ тэрбээр илтгэлээрээ ойлгуулсан билээ. Нөгөө талаар Оросоос эрүүл мэндийн салбарт “Екатерина I” бонд босгохоор Н.Удвал сайдыг ч илгээж болно шүү дээ. Тэгээд “Чингис”, “Самурай” бондын мөнгөн дээр нэмээд “Мао”, “Николай I”, “Екатерина I” бондын мөнгийг нэмээд хадгалчихаар боломжийн мөнгөтэй улс болж чадна.
Яахав төсвийн алдагдал хэдэн их наяд хүрч, валютын ханш 2000 хол даваг л дээ. Тэр ч бүү хэл нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэг. Буугаа ч барь, сэлмээ ч барь юуны хамаа байхав. Гагцхүү Н.Алтанхуягийн Засгийн газар баян л харагдаж байвал болох нь тэр. Хэрвээ хойд өмнөд хөршөөс авсан бондын мөнгө багадаад, баян харагдахгүй бол гуравдагч этгээд рүү хандсан ч болно шүү дээ. Юуны төлөө гуравдагчдыг шүтэн биширдэг зэрэмдэг боловсролтой эрх баригчидтай билээ дээ. Францаас “Наполеон” бонд босгоход тэд огтхон ч дургүйцэхгүй. Яагаад гэхээр асар их баялагтай буурай орон мөнгө гуйгаад очихоор ямар ч тэнэг нь цаашаа гэхгүй.
Тэгэхээр таван тэрбум ам.доллар Монгол Улсын Засгийн газрын дансанд орлоо л гэсэн үг. Хэдэн цаасан мөнгийг “хатуу юм”-аар сольчих ухаан манайхаас бусад улсын эрх баригчдад байлгүй дээ. Ер нь Н.Алтанхуяг, “фортуна” энэ тэр эрийнхээ сайнд мөнгө олж ирээд байгаа юм биш шүү дээ. Бонд бүхний цаана бидний асар их баялгийг гадагшаа өгөөд байна гэсэн үг. Цаадуул нь ч бадар бариад очиж байгаа эрх баригчдын маань ам өчгийг, мутрынх нь үсэгтэй хамт авчихна. Түүнчлэн Англиас “Вильгельм”, Германаас “Гитлер” бонд босгохоор мөн ч баян харагдана даа. Тус бүрээс нь тав таван тэрбумын бонд босгох хэрэгтэй. Ер нь “Индиан” гэсэн бонд ч босгож болно. Тэгээд Г.Баярсайхан гишүүнийг “фортуна”-тай хөтөлцүүлээд явуулчих хэрэгтэй. Нэг нь бөөлж, нөгөө нь салаавч өгч байгаад хоёр тэрбум ам.доллар чирээд л ирнэ. Ингээд бодоод үзэхээр бид “Чингис”-ийн таван тэрбум болон ““Наполеон” бондын тав гээд бусад бондын мөнгийг нэмэхээр лавтай 20 орчим тэрбум ам.доллар манай дансанд орно. Гэхдээ энэ олон бондын мөнгийг зүгээр хадгалаад хий дэмий хүү төлөөд байх нь эвгүй шүү дээ. Юуны өмнө Монголбанкинд ам.доллараа төвлөрүүлж, ноён ногооны хандыг хага дарах хэрэгтэй. Тэгэхгүй бол угаасаа манайд орж ирэх хөрөнгө оруулалт ойрын жилүүдэд олдохгүй гэсэн судлаачдын таамаг бий. Үүний дараа өссөөр байгаад хоёр их наяд давсан төсвийнхөө алдагдлыг нөхчих. Хорь гаруй тэрбум ам.доллараас хоёрхон их наяд төгрөг ч юу байхав. Ингэхээр эрх биш үнийн өсөлт энэ тэр дарамт гайгүй тогтож таарна. Үүний дараа ёстой өнөө өдөр шөнөгүй хоосон амладаг нисэх буудал, орон сууц, автозамаа бариад эхлэхгүй юу.
Тэр тусмаа хотын дарга Э.Бат-Үүлийн мөрөөдлийн хотыг босгох гээд үзсэн ч алзах юу билээ. Тэд ямар мөнгөө өгөхгүй байна гээд барьсан замыг чинь хуулж, барилгыг чинь нураагаад ачих биш. Бидний баялгийг л авахаас хойш. “Бонд” босгох л хамгийн амар ажил юм даа. Тэгээд эрх баригчид маань өр зээл хийж байгаагаа их ажил амжуулсан мэтээр ярина. Түүнийгээ татварын мөнгөөр рекламдуулчихна. Мөн ч амар ажил юм аа. 20 жилийн дараа Монголын төрд бүү хэл хаа ч байхгүй хүнээс хэчнээн өр зээл нэхлээ ч яалаа, байлаа ч яалаа.
С.БАЯР
URL: